Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд айлчиллаа
2016.05.03

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд айлчиллаа

Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танакаца болон Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива нар манай улсад айлчиллаа. Тэд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягийн урилгаар ирсэн юм. 

Айлчлалын бүрдэлдэхүүнтэй УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс Төрийн ордонд уулзсан юм. 

Энэ үеэр Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танакаца 

“Манай хоёр орны стратегийн түншлэл, салбар бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд үүний тод илрэл хэмээн үзэж байна. Цаашид энэхүү уулзалт, хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь чухал. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай болбол манай хоёр улсын эдийн засагт олон эерэг үр дүнг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Харин УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг 

“Манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед Японы Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдаг. Япон Улс бол манай улсын стратегийн түнш бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ юм. Монгол Улсын туxайд анхлан Япон Улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээ хийсэн нь эдийн засгийн хувьд хамтран ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж үзэж байна. 2004 оноос улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй гурван төслийн онцлон тэмдэглэмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хоёр шатны зээл, Олон Улсын шинэ нисэх буудал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гурав” гэжээ. 

Мөн талууд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэрлэл, түүний технологийг нэвтрүүлэх, давхар татварын асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх залуучуудын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.
Төлөөлөгчид айлчла­лынхаа хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцлаа. Олон Улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 орчим жил ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь Хөшигийн хөндийд баригдаж буй нисэх буудал. Уг бүтээн байгуулалтын анхны санаачилга нь 2005-2006 онд гарч, 2008 онд төслийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр УИХ-аар батлагдаж байсан. Ашиглалтад ороход багахан хугацаа үлдсэнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Япон Улсын парламентын гишүүдэд дуулгасан бөгөөд Ази, Европ болон Ази, Хойд Америкийн агаарын замын дунд байрладагаараа энэхүү нисэх буудал онцлогтой төдийгүй Зүүн Азийн зангилаа буудал болох боломжтой гэдгийг ч хэллээ. 

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг олон улсын нисэх буудлыг түшиглэн Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр болсныг Японы парламентын гишүүдэд дуулгав.