Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2016.05.04

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2016.05.03/ хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Ганбатын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гишүүдэд танилцуулсан.

Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2015 оны 16 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон.

Ажлын дэд хэсэг дээрх хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Хуульчдын холбооноос ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж шаардлагатай зарим саналыг төсөлд тусгахаар санал боловсрууллаа. Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, төслийн талаархи зарчмын зөрүүтэй 33, найруулгын 14 саналыг гарган томьёоллоо хэмээн танилцуулгадаа дурдсан.

 

Ажлын хэсэг хуулийн төсөлд Прокурор, прокурорын байгууллага үйл ажиллагаандаа баримтлах “Хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих”, “Хуулийг нэг мөр хэрэглэх” зарчмуудыг нэгтгэн “Хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх” зарчим болгон өөрчлөх, прокурорын байгууллагын дэргэдэх дэмжлэг үзүүлэх алба нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд байхаар өөрчлөх, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа, зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих, прокурор нь шүүхэд хохирогчийн хөндөгдсөн эрхийг сэргээх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээх заалтыг шинээр тусгажээ.

Түүнчлэн прокурорыг аттестатчилах, прокурорын байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулж болохгүй байх заалтыг хасах, хуулийн дагаж мөрдөх хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр тогтоох болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай хуулийн төслүүдтэй нийцүүлэн төслийн холбогдох заалтуудад өөрчлөлтийг оруулах зэрэг зарчмын зөрүүтэй санал болон найруулгыг сайжруулах чиглэлээр холбогдох саналуудыг боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар асуулт асууж хариулт авсан. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй 33 саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд дээрх саналууд тус бүрээр санал хураалт явуулсан юм.Түүний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан асуудлуудаас 5 хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлуулан хуралдааныг өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.