Боргил.С 2016.05.04 | Сайт: Shuud.mn

Т.Ганболд ХҮН-аас хөөгджээ

Т.Ганболд ХҮН-аас хөөгджээ

Хөдөлмөрийн Үндэсний нам энэ оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраар хянуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.

Гэвч тус намыг дөрвөн үндэслэлээр УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг СЕХ-ноос гаргаад буй. Үүнтэй холбогдуулан ХҮН-ын дарга С.Боргил тэргүүтэй намын гишүүд мэдээлэл хийлээ.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос тус намыг дараах дөрвөн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. Үүнд:

  1.  СЕХ-нд улс төрийн эвсэл, намууд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхдээ тамгаа баталгаажуулсан байх
  2. СЕХ-нд гаргах хүсэлтэндээ хандивын дансны мэдээллийг тусгах
  3. Хүргүүлсэн намын бичиг дутуу эсвэл зөрчилгүй байх
  4. Улстөрийн намууд хүсэлтээ сонгуульд оролцохоос 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхээр батлуулсан байх

 

Энэ талаар ХҮН-ын дарга С.Боргил хэлэхдээ “Т. Ганболд өнгөрсөн гуравдугаар сард намын дарга болсон ч огцруулсан. Тэрбээр даргын тамгыг одоо болтол хүлээлгэж өгөөгүй байгаа. Улмаар дөрөвдүгээр сарын 30-нд  Ганболд, Одонгуа нарын хүмүүс ХҮН-ыг сонгууль оролцуулахгүй байх 90 хувийн ажлыг хийсэн. Тийм учраас бид намын дүрмэнд заасны дагуу хуралдан ХҮН-ын гишүүн Ганболдыг хөөж явуулсан байгаа. Ер нь бид эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор, мөн АН-ыг дэмжинэ гэх мэдээлэл гарсныг сонгуульд оролцуулахгүй байх гол шалтаг боллоо гэж үзэж байна. Анхнаасаа бид дангаар оролцоно, оролцохгүй гэдэг дээр хуваагдаж байсан. Одоо харин ХҮН нам УИХ-ын сонгуульд 20 гаруй гишүүнээ бие дааж нэр дэвшүүлнэ. Нийслэл орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна” хэмээв.