Боргил.С 2016.05.05 | Сонин: Ардчилал

С.Боргил: Бие даан өрсөлдөнө Т.Ганболд: С.Боргилыг намаасаа хаслаа

С.Боргил: Бие даан өрсөлдөнө Т.Ганболд: С.Боргилыг намаасаа хаслаа
С.Боргил

СЕХ нь ХҮН хоёр өөр тамгатай баримт бичгийг СЕХ-нд хүргүүлсэн тул тус намыг бүртгээгүй юм.

Тэгвэл энэ байдлыг намын дарга нар гэгдэж буй С.Боргил, Т.Ганболд нар өөрийн өөрийнхөөрөө тайлбарлалаа.

ХҮН-ын гэрчилгээн дээр намын даргаар С.Боргил бүртгүүлсэн байгаа бөгөөд өөрт буй тамгаа албажуулахаар ажиллаж байна гэсэн юм.

Харин Т.Ганболд тамга сэлтийн талаар яриагүй бөгөөд шууд С.Боргил нарыг намаасаа хасч байгаа гэлээ. Тухайлбал, С.Боргил "Манай нам 2016 оны сонгуульд дангаар орж "Эрх тэгшийн хувьсгал" мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол Улсдаа ялгаваргүй нийгэм байгуулах чин хүсэлтэй байлаа.

Гэвч, СЕХ-оос манай намыгдөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байна. Улс төрийн нөхцөл байдал хэдий бидний эсрэг байгаа ч, бид эхлүүлэн ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаваргүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллана.

Тиймээс ХҮН УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ. Харин нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаараа орно. АН-ыг дэмжиж сонгуульд оролцохгүй гэдгээ мөн албан ёсоор хэлж байна" гэжээ.

Харин албан ёсоор Улсын дээд шүүхээс намын дарга гэж зарлаагүй байгаа ч өөрийгөө тус намын дарга гэж байгаа Т.Ганболд нь С.Боргил, Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нарыг намын гишүүнээс хасах тухай тушаал гаргаж өөрт байгаа тамгаар "албажуулжээ".

Тэрээр "2016 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр хуралдсан ХҮН-ын Их хурлаас намын даргаар сонгогдсон С.Ганбаатар болон 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдсан Намын Төв хорооны хурлаас намын даргаар сонгогдсон Т.Ганболд нарыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үйл явцыг санаатайгаар хорлон саатуулсан. Намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч, хууль бусаар ашигласан.

Намын гишүүдийг УИХ-ын сонгуульд бие даан оролцохыг уриалсан, "За андгай"-г зөрчсөн" зэрэг шалтгаанаар тэднийг намын гишүүнээс хасч байгаа юм байна. Ямартай ч, тус нам СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүхэд хандахгүй бөгөөд С.Боргилын "талын" гишүүд нь бие даан нэр дэвших бол Т.Ганболдын "талын" гишүүд намаасаа нэр дэвших боломжгүй болоод байна.