Би үүргээ биелүүлсэн учраас ажлаа өгөхдөө харамсаагүй
2016.05.05

Би үүргээ биелүүлсэн учраас ажлаа өгөхдөө харамсаагүй

Хүн бүр өөрийн намтартай. Намтар бүр сонирхолтой, дахин давтагдашгүй бөгөөд сайхан дурсамжаар дүүрэн. Хөрөг ярилцлагын Gogo Cafе буландаа бид эко хатагтай гэгддэг Батсүхийн Саранчимэгийг урин, намтар түүхийг нь хуучлав.

-Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга байсныг бид мэднэ. Та дунд сургуульд ямар хүүхэд байв? 

-Миний төгссөн сургууль Дундговь аймгийн улсын тэргүүний нэгдүгээр арван жилийн сургууль. Нэг ч сайн авдаггүй, таван онцын эзэн, аав ээжийгээ баярлуулсан, айлын том охин байлаа. Аав ээж үргэлж урам өгдөг байсан нь хамгийн том шагнал байсан. Тэдний, болон багш нарын урмын үг, үлгэр дууриал сургуулиа төгсөхөд, сурлагаараа сургуульдаа нэгт жагсахад хамгийн их нөлөөлсөн санагддаг.

Хүн урмын амьтан. Байгаль дэлхий зүлэг ногоог бороо хураар тэтгэдэг шиг урам авсан хүүхэд ирээдүйд болон өөртөө итгэлтэй хүн болдог гэж боддог. Математикийн улсын олимпиадад оролцохоор УБ руу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бид хоёр ирж байлаа. Тэр Увсаас би Дундговиос оролцсон. Улсын хэмжээний тооны олимпиадад хөдөөнөөс ганцхан эмэгтэй сурагч оролцсон нь би.

Манай тооны багш Түвдэн “Математика в школе”,  “Квант” сэтгүүлийг Оросоос захиж авчруулан, тоог нь биднээр бодуулдаг байлаа. Одоо ч надад тэр сэтгүүл бий. Социалист орнуудын хүүхдүүдийн дунд уран бодлогын уралдаан зарлахад миний бодлого хэд хэдэн удаа шилдгүүдэд шалгарсныг мартдаггүй юм. Тэгэхэд одоогийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Их сургуулийн математикийн багш байсан. Тэр үедээ надад талархал илэрхийлж байсан нь их урам өгсөн. Бидэнд компьютер байсан биш хүүхдүүд зав гарвал ном уншдаг, шатар тоглодог байлаа. Сүүлд шатрын спортын мастер болоход энэ маань их хэрэг болсон.   

Дараа нь Оросын холбооны улсын Новосибирск хотын цахилгаан техникийн их сургуульд удирдлагын автоматжуулсан системийн инженер мэргэжлээр төгссөн.

-Удирдлагын автоматжуулсан систем гэдэг анги сонгохдоо компьютерийн инженер болно гэдгээ мэдэж байв уу?

-Тэр үед компьютерийн программист гэдэг мэргэжил шинэ мэргэжил байсан. Өнөөдрийн Майкрософт, Аpple, Samsung үүсэх суурь тавигдаж байсан үе юм. Аав шигээ эдийн засагч болох хүсэлтэй байсан ч аав ээжтэйгээ зөвлөлдөж, тэр үед ирсэн сургуулийн хувиараас энэ ангийг сонгосон. Тэр үед бид том дэлгэцний ард суугаад алгоритмаа зохиож, фортран хэлээр программ бичдэг байлаа.

Тухайн үед Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг төгсөх нь нэр төрийн хэрэг, бахархал байсан. Новосибирскээс ажилчид биш эрдэмтэд төрдөг гэдэг үг ч бий. Манай сургуульд аймаг, нийслэлээс шилдэг хүүхдүүд ирдэг байсан ч шалгуур маш өндөр. Хичээл хүнд, хоёрдугаар курсээ төгсч нэг амьсгаа авч байсан юм. Шинэ жил болохоор мөсөн хотхоныг төгс утгаар нь хийнэ. Новосибирскт өвөлдөө -30-40 хэм хүрнэ.  Ер нь оюутан нас хүний алтан үе шүү. Одоо болтол НЭТИ төгсөгчид маань жил бүрийн 11 сарын 26-нд уулздаг.

-Таны аав гучин жилийн өмнө компьютер хэрэглээ маш өргөн хүрээнд тархана гэдгийг яаж мэдсэн юм бол?

-Аав маань их мундаг эдийн засагч, номын хүн байсан юм. Нэгдлийн дарга, аймгийн орлогч дарга хийж байсан. Олонтойгоо ойр, хүнд тусархаг, нэг зангаараа хүн байсан. Есдүгээр ангид байхад аав намайг “Эрдэнэт” үйлдвэр рүү дагуулж яван, удирдлагын системийг үзүүлсэн болохоор би компьютер, удирдлагын системийн ерөнхий ойлголттой болсон.

Компьютерын програм хангамж их ирээдүйтэй, хэрэгтэй мэргэжил болно гэдгийг аав аль 1986 онд олж харсан гэхээр сонин. УИХ-ын Тамгын газрын анхны дотоод болон интернэт сүлжээг суурилуулцаж, 1995 онд төрийн байгууллагуудын дунд вэб хуудасны уралдаан зарлахад Их хурлын анхны веб хуудсыг хийж шалгарч байсан юм. Тэр үед хамгийн анх Монголд интернэт сүлжээг Датаком компани оруулж ирж байлаа.

-Тоочин хүүхдүүд ер нь дуугүй, даруухан байдаг.

-Би эсрэгээрээ байсан. Шилдэг пионеруудын тавдугаар чуулган болоход аймгаа төлөөлөн нийслэлд ирж байлаа. Багадаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан нь надад хэрэг болж, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллахад тус болсон.  Багадаа бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн дарга байлаа. Спортын уралдаан тэмцээнээс ч хоцордоггүй охин байсан.     

ГОВИЙНХОН ТАЛ ШИГЭЭ УУЖИМ, УУЧЛАМТГАЙ ХҮМҮҮС

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Гэр бүлийн хүн маань Новосибирскийн холбооны их сургуулийг төгссөн. Бид хоёр хоёрдугаар дамжаанд байхдаа танилцаад, 26 жил ханилж байна. Хоёр хүүтэй.

-Говийнхон, говийн эмэгтэйчүүд ер нь ямар хүмүүс вэ?

-Аль ч газрынхан өөрсдийн бахархалт чанартай. Говийнхон тал шигээ уужим, уучламтгай хүмүүс. Манай Дундговийхныг хүнлэг, хүн чанартай ч гэх нь бий. Эмэгтэйчүүд нь их ажилсаг. Би оюутан байхад чи говийнх уу гэж надаас их асуудаг байсан. Говийн хүмүүс том, бүлтгэр нүдтэй болохоор тэр. 

-Таны баримталдаг зарчим юу вэ?

-Зөв явах, хүний итгэл дааж, эхэлсэн ажлаа дуусгадаг байх, хэлсэн амандаа хүрдэг байх нь миний зарчим.

-Та яагаад мэргэжлээрээ ажиллалгүй, олон нийтийн ажил хийдэг болчихсон юм бэ?

-Би мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. 2008 онд анх Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч болоод экологийн нэлээд олон тооны судалгаатай танилцсан юм. Тоо баримтаас харахад экологийн салбарт зайлшгүй хийж хэрэгжүүлэх олон ажил бий.

Сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт, судалгаа, материал үзээд нийслэлийн экологийн төлөө ажиллая гэж сэтгэл шулуудсан. Тэр үед Г.Мөнхбаяр дарга санал тавьсны дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг удирдаж эхэлсэн. Цаашдаа ч үүний төлөө явах болно. Бодож төлөвлөсөн олон ажил бий.

-НИХТ-ийн гол үүрэг юу юм вэ?

-Иргэдийн дуу хоолой болох ёстой юм. Хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, нийслэлийн төсөв батлах нь бидний үүрэг. Нийт 45 төлөөлөгч бий. Бид цалингүй ажилладаг. Үйл ажиллагааны зардал, урамшуулал өгдөг байснаа зогсоосон. 

-Та яагаад МАН-ыг сонгон, энэ намаас нийслэлийн хуралд өрсөлдсөн бэ?

-Би 1999 онд намын гишүүн болсон. Тухайн үеийн дийлэнх залуу МАН-ыг сонгодог үе. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө буюу бид хамтдаа гэсэн үзэл баримтлалтай.  Миний үеийнхэн ийм үзэл баримтлалаар хүмүүжсэн.  

-Та ажлаа аваад, хамгийн түрүүнд юунаас эхэлсэн бэ?

-Ажлыг зөв, төлөвлөлттэй эхлэх нь хамгийн чухал. Тиймээс хамгийн түрүүнд шаардлагатай судалгаануудыг хийлгэн, ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Мөн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд очиж орос, монгол мэргэжилтнүүд хамтран боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг судлахад их сайн хийсэн юм билээ.

1971 онд хийсэн судалгаанд Ботаникийн хүрээлэнгийн хаагуур нь тог гүйх, хаана ямар мод тарих вэ гээд бүх зүйл нь тодорхой, ажлын зургуудыг нь хүртэл хийсэн байна лээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг анх авахад “төлөвлөгдсөн” гэснээс өөр зүйлгүй байсныг Нийслэлчүүд мэднэ. Өнөөдөр ямар болсныг ч мэднэ.

2010 онд хов хоосон, элс эргэлдсэн, шарилж дүүрсэн талбай дээр зогсож байхдаа нэгэнт зорьсон юм чинь хүн ирэх дуртай, хамгийн сайхан газрын нэг болгоно доо гэж бодсон. Анх мод тарихад ердөө дэргэдэх хүнээ харахад бэрх, улаан шороо хийсдэг байсан. Одоо тэнд хүүхэд тоглож, хөгшид нарлаж байна. Хийнэ гээд зүтгэхэд бүтэхгүй ажил байхгүй шүү дээ. Анх байгуулах шийдвэр гарахад олон хүн энэ төсөл бүтэхгүй гэж шүүмжилж байсан ч нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж чадсан.

Төр муу менежер гэдэг ч цэцэрлэгт хүрээлэнгийн ажил төр сайн менежер байж болдгийг батлан харуулсан.

Уг нь Ботанинкийн хүрээлэн олон нийтэд нээлттэй. Гэхдээ хүн ирүүлдэг болгоно гэдэг бас л ажлын үр дүн.  Иргэд Ботаникийн хүрээлэн рүү зорьж очихгүй байна.

Аль ч цэцэрлэгт хүрээлэнд бойжуулах талбай их чухал. Баянзүрхийн аманд арван гад бойжуулах талбай байгуулсан. Энэ нь модоо үржүүлэх талбай юм. Цэцэрлэгт хүрээлэн өөрөө ундны усны эх үүсвэр учраас бойжуулах талбайг тусад нь байгуулан, тэндээс модоо шилжүүлэн суулгадаг. Би ажиллах хугацаандаа хятадад тарьсан модыг хүрээлэнд  суулгахыг зөвшөөрдөггүй байсан. Монгол хөрсөнд ургасан, монгол мод л тарих нь зөв.  Хүмүүс урдаас бэлэн мод авчрах нь ихэслээ.

Яг ийм хүрээлэн нийслэлд дахин хэд хэдийг байгуулах шаардлагатай.   

Гэтэл нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийг чухам хаана, хэн хариуцаж байгаа нь ойлгомжгүй. Захирагчийн ажлын алба уу, Хот тохижилтын газар уу гэдэг нь мэдэгддэггүй. Монгол Улсын хэмжээнд ярьвал байдал яг адилхан. Байгаль орчны яам зангидаж байна уу гэхээр Барилга хот байгуулалтын яам мэддэг ч юм шиг.    

БИ АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА ХЯТАДАД ТАРЬСАН МОДЫГ ХҮРЭЭЛЭНД СУУЛГАХЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ БАЙСАН

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсийг яагаад муу гэсэн юм бол. Уг нь тэр газарт хүний хөл хүрээгүй шүү дээ?

-Туул голын хүрээний газар тул хайрга, чулуужилт ихтэй хөрс. Хөрс нь давсжилтгүй бол хөрсийг нь солиод, стандартын дагуу мод тарьж болно. Бид 2009 онд 27 хүнтэй, таван бээлий, таван хүрзтэй ажлаа эхэлсэн юм. Жилийн дараа 117 хүний орон тоо батлуулсан. Дийлэнх нь ногоон байгууламжийн мэргэжилтнүүд. Манай ерөнхий инженер их мундаг охин байсан. Сайхан хамт олон бүрдсэн учраас тэр ажлыг босгож чадсан. Нийт 22 төрлийн мод тарьж болно гэж эрдэмтэд зөвлөсөн юм. Арван жилийн хугацаанд нийт 95 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргасан. Гэвч улсын төсвөөс бүх хөрөнгийг шийдвэрлэх боломжгүй учраас би гаднаас таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан. Дэлхийн үлгэр жишээ ногоон хот болсон Инчёнд хүмүүсээ сургасан.   

Сөүл хотын дарга анх ирж үзээд, ус, худаг, тоггүй. Ёстой бүтэхгүй юм байна гэж уулга алдаж байсан түүхтэй. Хамгийн сүүлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар арван га газарт төгөл байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

-Таны бодлоор Улаанбаатар хэзээ ногоон хот болох вэ?

-Юун түрүүнд ногоон байгууламжийн хууль эрх зүйг төгөлдөржүүлэх хэрэгтэй. Хаана, хэн мод тарьж, хаана устаж үгүй болж байгааг бүртгэх нэгдсэн бүртгэл алга. Мастер төлөвлөгөөгүй байна. Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд санал оруулж хөрөнгө батлуулсан ч өөр зүйлд хэрэглэчихсэн.  Мастер төлөвлөгөө биш зөвлөх үйлчилгээ л үзүүллээ.

Нөгөөтэйгүүр ногоон хот болоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож, санхүүжилтын хөшүүргийг бий болгох сайжруулах шаардлагатай.

Экологийн боловсролыг хүүхэд байхаас нь төлөвшүүлэх, иргэдэд зөв мэдээллээр хангах шаардлагатай. Ногоон байгууламж хот төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг. Хүнээр бол чухал эрхтэний нэг. Энэ нь маш олон талын ашигтай. Мод тарилтыг шоу болгох биш модоо ургуулах ёстой.  

Бид хүүхдээ гаргаад орхидоггүйтэй адил модыг тариад орхиж болохгүй. Мод ургуулах хүүхэд өсгөхтэй яг адил.  Бид стандартын модыг зөв технологийн дагуу тарьж арчилбал ургуулж ногооруулах боломжтой.

Иргэд мод тариад, гурван жил арчлан ургуулсан бол түүнийг нь шагнан урамшуулдаг, төрөөс санхүүжүүлтын хөшүүргийг бий болгох ёстой. Одоогийн Сингапур олон жилийн өмнө хөрс нь муу, мод тарих гээд ургуулж чадахгүй байх үедээ Шинэ Зеландаас хөрсний мэргэжилтэн авчирч, зөвлөх үйлчилгээ авч байсан юм билээ. 10 жилийн хугацаанд алдаа оноон дээрээ ажиллаж одоогийн ногоон Сингапурыг бий болгож байсан түүхтэй.

Ногоон хот болоход зайлшгүй зөв бодлого, зөв төлөвлөлт хэрэгтэй.  Дээрээс нь иргэд хүрээлэн буй орчинтойгоо зөв харьцдаг, хүүхдүүдээ байгалиа хайрлан хамгаалдаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

-Та байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад ямар дүн тавих вэ. Юуг сайн хийж, юуг дутуу хийв?

-Хувь хүнийг үнэлэхээс илүүтэй бид баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Байгалийн нөөцийг ашигласны төлбөр гэж маш их мөнгө төсөвт хуримтлагддаг. Байгалийн тусгай хамгаалалтын бүсээс төвлөрсөн мөнгө гэхэд л манай ДНБ-ий 17 хувьтай тэнцдэг. Жишээ нь Горхи, Тэрэлж тусгай хамгаалалтын газар. Энэ бүх газраас жилд 7-8 тэрбум төгрөгийн төлбөр авдаг.

Гэтэл энэ мөнгийг эргүүлээд ногоон байгууламжид, байгалиа хамгаалахад зарцуулдаггүй. Горхи, Тэрэлж рүү 50-60 сая нь л очдог. Мөн Байгаль хамгаалах сан гэх мэт олон улсын байгууллагуудаас хандивлаж, санхүүжүүлж буй хөрөнгө нь Байгаль орчны сайдын багцаас гурав дахин их. Манай цэцэрлэгт хүрээлэн гэхэд л гаднаас таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаднаас татаж чадсан. Дэлхий даяар байгаль хамгааллын 400-500 сан ажилладаг. Хэрэв сайд санаачилгатай ажиллавал хөрөнгө босгох боломжтой. Бид нэг л дэлхийтэй учраас эдгээр сангууд нүүрсхүчлийн хийг бууруулсан хэмжээгээр нь Засгийн газруудад төлбөр өгч байна.

-Байгаль орчин ногоон хөгжлийн яамныхан ой модоо цэвэрлэн, 170 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн.

-Мод мөнгө өгөхгүй байгаа юм шиг харагдаад байна. Уг нь модыг эдийн засгийн хөшүүрэг болгодог жишээнүүд олон улсад бий. Ой цэвэрлэхийг би дэмжиж байна. Ойн хаягдал модыг түлшинд хэрэглэж болно. Бид үүнийг бодлогоор ажил болгох ёстой.  

ӨНӨӨДРИЙН ТАЛХАА Л БОДДОГ ХҮН ЮУН ХӨРСНИЙ БОХИРДОЛ ГЭХ НЬ МЭДЭЭЖ
-Таны мөрөөдөл юу вэ?

-Миний мөрөөдөл маш энгийн. Улс орон маань хөгжихдөө, эдийн засгаа нэмэгдүүлэхдээ, байгаль, хүндээ ээлтэй, тэнцвэртэй хөгжих ногоон хөгжлийг л мөрөөдөж байна. Байгаль ээж амьтай шүү дээ.

-Тэгвэл таны карьер төлөвлөгөө?

-Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болсны дараа би экологийн олон судалгаатай танилцахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр, үндэсний аюулгүй байдалд ч заналхийлмээр дүр зураг харагдсан. Би хоёр хүүтэй. Таны ч хүүхдүүд өсөж өндийх сайхан орчныг бид бэлдэж, бий болгох үүрэгтэй. Иймд ногоон орчин бүрдүүлэхэд л хамаг анхаарлаа төвлөрүүлэн  ажиллана. Цөлжилт, бэлчээрийн доройтол гэх мэтээр олон асуудал бидэнд байна.  Гэтэл  энэ асуудлаар дуугардаг, ярьдаг, тэмцээд ажил хийдэг, дуу хоолой болдог улстөрч, шийдвэр гаргагч маш цөөн. Энэ үнэн шүү. Чи ажиглаад л байгаарай.

Нөгөө талаас иргэдийн экологийн боловсрол муу байгаа учир эрх баригчдад энэ төрлийн шаардлага тавьдаггүй, хөнддөггүй. Өнөөдрийн талхаа л боддог хүн юун хөрсний бохирдол гэх нь мэдээж. Талхан дээр нь ул улстөрчид тоглоод, экологио орхигдуулдаг. Тэгэхээр байгаль орчны төлөө гэсэн сэтгэл зүтгэл, мэрийлттэй хүмүүсийг аль болох олноор нь шийдвэр гаргах түвшинд сонгох ёстой.

Саяхан Улаанбурханы өвчлөл нэмэгдлээ. Энэ нь агаарын бохирдлоос үүсэлтэй. Агаарын бохирдол доош буун, хөрсөндөө шингэж байна. Хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн.       

Нэг хөгшин ярьсан юм. Говь-Алтай аймгийн Жаргалан сум дээр үед битүү ойтой байсан ч одоо элс болчихсон. Тэгэхээр байгаль орчны төлөө нэгдэх, хамтран ажиллах цаг болсон. Хамгийн сүүлчийн Оскарын шагнал гардуулах ёслолд оролцсон жүжигчин Леонардо ди Каприо “Бид том компаниудыг хаацайлах биш, байгальд ээлтэй, байгалиа хамгаалдаг удирдагчдыг сонгоё” гэж дэлхий нийтийг уриаллаа.  Дэлхийн дулаарал гэх мэт бодит аюулыг ойлгохгүй л байна.

-Та яриандаа экологийн боловсрол гэж олон удаа дурдлаа. Бид чухам юуг мэдсэнээр экологийн боловсролтой болох вэ?

-Бидний 00-н өрөөний ус болон ундны ус яг ижилхэн, гүний эх үүсвэртэй. Гадаргуугийн ус ч биш. Үүнийг иргэд мэдэхгүй байна. Энэ мэт мэдээллийг түгээхийн тулд бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Эко судалгааны танхимыг судлаач, сэтгүүлчдэд зориулан байгуулсан. Жишээ нь цэцэрлэгт хүрээлэнгийн ТЭЗҮ нэг даргын сэйфэнд байх ёсгүй. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хийлгэсэн бүх судалгаа олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой. Байгаль орчны бүх мэдээллийг нэг дороос аваасай гэж тэр төвийг байгуулсан юм.    

Анх иргэд цэцэрлэгт хүрээлэнгийн модыг хугалах нь их байсан. Удалгүй иргэд бие биедээ шаардлага тавьдаг болчихсон. Хог хаягдлын хор хөнөөлийг мэдээд ирэхээрээ иргэдийн байгальтай харьцах харилцаа маш хурдан өөрчлөгдөн, эерэгждэг. 

Таны бичсэн “Ногоон ном”-д энэ талаар өгүүлэх үү?

-Тийм. Хоёр жилийн судалгаагаар экологийн боловсролд зориулж гаргасан ном. Өвөг дээдэс маань байгаль дэлхийгээ яаж хамгаалж бидэнд үлдээсэн бид яаж хамгаалах яагаад хамгаалах ёстой тал дээр анхаарч бичсэн юм.  “Ногоон ном 2”-оо эхэлчихсэн. Энэ удаад хүүхдэд зориулан, комик ном гаргахаар ажиллаж байна. Саяхан Ногоон дэвтрээ гаргалаа.   

-Та уул уурхайн олборлолтыг эсэргүүцдэг үү?

-Би эсэргүүцдэггүй. Харин стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой л гэж үздэг. Байгалийн баялгийг ашиглаад хаях биш, өндөр түвшинд нөхөн сэргээх ёстой. Усыг нь хэрэглэсэн бол усны төлбөрөө өгчихдөг, гүний биш гадаргуугийн ус хэрэглэдэг, ашигласан усаа дахин боловсруулдаг байх хэрэгтэй.  

Жишээ нь Норвеги байна. Байгалийн баялгаа ашигласны дараа анх байснаас нь ч илүү сайхан болгож байна. Нөхөн сэргээлтийг маш өндөр түвшинд хийдэг. Канад  улсад ч уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл их ч ногоон хөгжлийн жишиг улс.

Эдийн засаг, аж үйлдвэрлэлээ нэгдүгээрт тавьж хөгжсөн улс орнууд одоо эргээд байгаль орчноо нөхөн сэргээхийн тулд маш өндөр зардал гаргаж байна. Урд хөршид байгаль бохирдуулсан бол маш өндөр торгууль төлж байна. Бид нэг дэлхийтэй, байгальд ээлтэй хөгжье гэдэг дээр дэлхийн томоохон удирдагчид санал нэгдчихлээ. Энэ янзаараа амьдарвал бидэнд дахиад 3-4 дэлхий хэрэгтэй болохоор байна.   

-Та яагаад ажлаа өгөхдөө уйлав. Юу нь харуусалтай байсан юм бэ?

-Би хэзээ уйлдаг вэ гэхээр гоё кино үзээд ч юм уу уярсан үедээ уйлдаг. Ажлаа өгөхдөө би харамсаж уйлаагүй. Тэгэхэд манай хамт олон хайрын, хүндэтгэлийн харцаар намайг үдэхэд тэдэндээ, ажилдаа их хоргодсон болохоор л өөрийн эрхгүй уйлчихсан.  Төрийн ажил ээлжтэй, халаатай. Угаасаа хүн нэг ажлыг таван жил хийхэд хангалттай. Би үүргээ биелүүлсэн учраас ажлаа өгөхдөө харамсаагүй.  

-Та Э.Бат-Үүл даргатай ямар харилцаатай вэ?

-Улс төрчийнх нь хувьд хүндэлж явдаг. Хүн ёсны, энгийн, сайхан харилцаатай.  

-Та нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр найман жил ажиллахдаа ямар асуудлуудыг шийдүүлэв. Хамгийн чухал гурвыг нь онцолвол?

-Улаанбаатарын ногоон байгууламж жилээс жилд нэмэгдэж байна. Үүнд арчилгаа их шаарддаг тул зардлыг жил бүрийн төсөвт суулган, батлуулдаг боллоо.  Ундын усны аюулгүй байдлын хөтөлбөрийг батлууллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд экологийн танхим байгууллаа.

Хамгийн сүүлд “Ухаалаг монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Номын дэлгүүрүүдэд борлуулж буй буддаг номыг харахаар голдуу гаднын номуудыг хуулбарласан байдаг. Монгол гэр, таван хошуу мал гэх мэт үндэсний зураг, хийцтэй, буддаг ном байдаггүй юм билээ.        

-Та усны бодлогоо эргэж харахыг эрх баригчдаас шаарддаг. Чухам яаж өөрчлөх ёстой вэ?

-Хүн усгүйгээр амьдарч чадах уу? Хамгийн чухал асуудал бол ус. Эдийн засаг хүндэрсэн өнөө үед усны суурь үнэ нэмэх хэцүү л дээ. Гэхдээ бид үнэтэй зүйлээ үнэгүйдүүлж байна уу даа гэж би боддог. Уул уурхайд болон гэр хорооллын иргэдийн хэрэглэж буй усны үнэ харьцангуй зөрүүтэй байна. Гэр хороололд ус илүү үнэтэй. Энэ зөрүүг арилгах ёстой. Бид өнөөг хүртэл хэрэглээнийхээ буюу үйлчилгээний  мөнгийг л төлснөөс усны өөрийнх нь суурь үнийг огт төлөлгүй ирсэн. Ус өөрөө үнэтэй байх ёстой. Нөгөөтэйгүүр Туул голыг хамгаалах хууль хэрэгтэй байна. 

-Усны мөнгө төлдөг болчихвол хэрэглээнд хэмнэлт гарах болов уу?

-Тэгнэ. Мөн гадаргуугийн ус хэрэглэдэг технологи руу шилжих цаг болсон.  

-Таныг эко хатагтай гэж нэрлэдэг шүү дээ. Та яаж хүлээж авдаг вэ?

-Сэтгүүлчид л надад өгсөн нэр. Миний үйл ажиллагаа ногоон хөгжлийн төлөө болохоор би энэ нэрэндээ дуртай.

-Та өнгө өнгийн алчуур их зүүх юм. Алчуурны цуглуулгатай юу?

-Арваад л алчуур бий. Олон байхгүй ээ. Frey wille-ийн алчуурт дуртай. 

-УИХ-ын гишүүн Д.Наранхүү таны төрсөн дүү. Гэхдээ та хоёр өөр өөр намд харьяалалтай.

-Би өөрийнхөө итгэл үнэмшлээр МАН-ыг сонгосон. Б.Наранхүү надаас сүүлд АН-д элсэн орсон юм. Хэдий өөр намыг сонгосон ч би хувь хүний үзэл бодлыг хүндэлнэ. Тэр хүн зорилгынхоо төлөө явж байна. Би ч өөрийн зорилготой. Түүнийхээ төлөө ажиллаж амьдарч байна. Ер нь үндсэн хуулиар хүн шашин болоод намаа сонгох бүрэн эрхтэй.  

-Дуучин Нара сонгуульд өрсөлдөнө гэхэд их л шуугиан боллоо. Та түүнийг дэмжиж байна уу?

-Дэмжилгүй яахав. Яагаад болохгүй гэж. Эмэгтэй хүн улстөрд зүтгэх тийм амар биш. Одоо улс төрийн тогоонд байгаа болон цаашдаа өрсөлдөхөөр зэхэж буй бүх эмэгтэйчүүдийг би хүндэлдэг. Мундаг зоригтой байна. Яагаад гэвэл бид эрчүүдээс хоёр дахин их үүрэг хүлээдэг. Гэр орноо авч явна, хүүхдүүдээ болгоно, мөн улсын ажил байна.   

-Таны бодлоор УИХ дахь 11 эмэгтэй гишүүн үүргээ хэр сайн биелүүлсэн бэ?

-Тэд бол иргэдээс санал авсан, төрийн түшээд. Бусдын итгэлийг хүлээх амаргүй.

-Ярилцсанд баярлалаа.