МАХН-ыг хавчих тусам ард түмэн бидэнтэй хамт байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.05.09

МАХН-ыг хавчих тусам ард түмэн бидэнтэй хамт байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсантай холбоотой болоод цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Нэг мандат-76 тойрог” нэртэй мөнгөний сонгуулийн хууль баталлаа. АН, МАН-ын гишүүд дахин УИХ-д сонгогдохын тулд мөнгөний сонгуулийг сонголоо гэдгийг онцолсон. Үүнтэй холбоотой тэрээр “Бид 300 мянган хүнээс сонгогдож УИХ-ын гишүүн болдог байх хуулийн төслийг санаачилсан боловч ажлын хэсэг дээр унагасан.

Сонгуулийн хуулийг батлаад гишүүд баяртай байгаа. Зарим нь тойргууд дээр очиж мөнгө тараах хүмүүсийн нэрсийг хүртэл бариад явж байсан. Тавдугаар ангийн боловсролтой юм чинь тэд мөнгөнд явахгүй яах юм гэж гишүүд ярьж байна. Хууль хяналтын байгууллагынхан хяналт тавихгүй гэж МАНАН-гийн төрийнхөн эрээ цээргүй, илэн далангүй хэлсэн” гэсэн юм.

Мөн АН Засгийн газрыг огцруулах зорилгоор “Шударга ёс” эвслийн бүлгийг санаатайгаар задалсан гэв. Учир нь УИХ-ын тухай хуульд УИХ-ын бүлгээс гарахцаа бүлгийн даргад хүсэлтээ хүргүүлж, бүлгийн дарга нь УИХ-ын даргад бичиг хүргүүлсний дараа тухайн бичгийг танилцуулна гэсэн дэг байдаг байна.

Гэвч УИХ-ын дарга З.Энхболд “Шударга ёс” эвсэл тарсан гэдгийг шууд зарласан нь Засгийн газрыг тараах сонирхол өөрт нь байгааг харуулж байна гэсэн юм. Гишүүн О.Баасанхүү “Маш ноцтой зүйлүүд удахгүй гарна. Баталгаатай хэлэхэд С.Зориг агсны хэрэг илэрсэн байгаа.

Яагаад одоо хэлэхгүй байна гэхээр АН, МАН-ынхан энэ хэрэгт холбоотой байгаа болохоор илчилж гаргахгүй байна. Хэзээ ч хохирогчийг, гэрчийг эсвэл гэмт хэргийг нуун далдалсан хүнийг удаан хугацаагаар хорьдог хууль байхгүй. Өнөөдөр МАХН-ыг хавчиж, жижигрүүлэх гэж оролдох тусам ард түмэн нийлж МАХН-ыг өмөөрч хамгаалж, хамт байна. Мөн миний бие МАН-д элсэхгүй” гэсэн юм.