МоАН Санаачилгын 21 дэх салбар Багахангай дүүрэгт байгуулагдлаа
МоАН Санаачилгын Багахангай дүүрэг дэх салбарыг нээх тухай Анхдугаар хуралдаан
2016.05.09

МоАН Санаачилгын 21 дэх салбар Багахангай дүүрэгт байгуулагдлаа

МоАН Санаачилгын Багахангай дүүрэг дэх салбарыг нээх тухай Анхдугаар хуралдаан тус дүүргийн Соёлын ордонд энэ сарын 4-ний өдөр болсон юм.

Хуралд нийт 105 гишүүн оролцож хурлыг Багахангай дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ж.Баярбаатар удирдан явууллаа. Хурлаар МоАН Санаачилгын салбар зөвлөл байгуулах эсэх, Тооллогын комисс томилох, редакцын зөвлөл томилох, удирдах зөвлөлийн гишүүд томилох, удирдах зөвлөлийн тэргүүн томилох зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.

Салбар байгуулах журмын хүрээнд хуралд хүрэлцэн ирсэн гишүүдээс удирдах зөвлөлд сонгогдох хүмүүсийн нэрсийг авч улмаар Р.Баярбат, Б.Ганхөлөг, Ч.Бумаа, Б.Цэгмид, Ж.Баярбаатар, Ч.Даахүү, Х.Тунгалаг, Б.Наранбат, Л.Өлзийжаргал нар олонхийн саналаар сонгогдлоо. Харин УЗ-д сонгогдсон гишүүд дундаасаа тэргүүнээ сонгох зарчмын дагуу Р.Баярбатыг тэргүүнээр, дэд тэргүүнээр Б.Цэгмидийг тус тус сонгов.

МоАН Санаачилгын Багахангай дүүргийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүд дунд залуусын төлөөллийн нэрийг санал болгон дэмжин сонгосон явдалд МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд хувьдаа талархаж байгаагаа илэрхийлээд “Монголын ардчилал бол залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайцтай хувьсгал” байсныг онцолсон юм.  

Мөн тэрээр “1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч, гол дэмжигчид, жагсагчдын ихэнх нь залуус байсан төдийгүй тэдгээр залуучууд дундаас л өнөөдрийн улс төрийн олон зүтгэлтнүүд төрсөн. Гэтэл сүүлийн хоёр парламентад нэг ч залуу хүн оруулж ирсэнгүй. Улс төрд шинэчлэл хэрэгтэй байна.

Үүний тулд залуусыг улс төрийн чухал үйл явцад оролцох боломжийг нээж өгөх зайлшгүй шаардлага гарч байна” гэдгийг МоАН Санаачилгын Багахангай дүүргийн салбар хуралдааны үеэр тэмдэглэн хэлсэн юм.