“Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчилж болж байна уу”
Сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчлөх үеэр
2016.05.09

“Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчилж болж байна уу”

Сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчлөх үеэр буюу 2005 онд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь байхаар баталж байжээ.

Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2007 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой эмэгтэйчүүдийн квотыг нойл болгож байсан түүх бий. Түүний эмэгтэйчүүдийн төлөөллийн байгууллагын шахалт шаардлагаар 20 хувийн квотыг баталж байсан. 

Энэ удаад ч гэсэн дээрх түүх давтагдав. Үндсэн Хуулийн Цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг УИХ хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Нэмэлт, өөрчлөлтөөр хэд хэдэн зүйл өөрчлөгдсний нэг эмэгтэйчүүдийн квотын асуудал. 

Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлнэ гэж байсныг 20-иос дээш болгон багасгасан юм. Хуульд “Аль нэг хүйсийн нэр дэвшигч” хэмээн эмэгтэйчүүдийг тодотгон заагаагүй ч бодит байдал дээр эрчүүдээс олон эмэгтэй нэр дэвшиж байсан удаагүй билээ.

Сонгуулийн тухай хуульд орсон энэхүү өөрчлөлтийн талаар эмэгтэй гишүүд “Эрчүүд хүч түрэмгийлэн заалтыг оруулж ирж, баталлаа” гэж байсан юм. 

Ингээд дээрх өөрчлөлтийн талаарх эмэгтэй гишүүдийн байр суурийг сонирхсоноо хүргэе. 

Д.ОЮУНХОРОЛ: ЭРХ МЭДЭЛ ДАВАМГАЙЛСАН УЛС ТӨРИЙН ТОГООНД ЭМЭГТЭЙ ХҮН ОРЖ ИРЭХ АМАР БИШ 

А.Бакей гишүүн энэ асуудал дээр “Эмэгтэйчүүд та нар 50 хүртэл хувийг ч эзэлж болно шүү дээ” гэж байсан. Тэр бол бодит зүйл биш л дээ. Ер нь ҮХЦ өмнө нь дөрвөн жилийн хугацаа байсаар байтал гэнэт нойрноосоо сэрсэн мэт нэгэнт ийм шийдвэр гаргаж, сонгууль дөхсөн цаг үед буруу гэж үзэж байгаа. 

Пропорциональ системийг авч байсан явдал нь улс төрийн намууд бэхжихэд хэрэгтэй, эмэгтэй улс төрчдийг орж ирэх боломжийг дэмжиж өгсөн том шийдвэр байсан. Энэ бол ардчиллын үнэт зүйл. Нөгөө талаас төлөөллийн ардчиллыг бий болгосон хамгийн зөв шийдвэр байсан.

Эмэгтэйчүүд улс төрд ороход мөнгөтэй мөнгөгүй янз бүрийн тохиолдол байна. Пропорциональ байснаараа арай илүү боломж олгож байсан. Одоо бол хаагдсан. Өнөөгийн эрх мэдэл давамгайлж байгаа улс төрийн тогоон дотор эмэгтэй хүн орж ирнэ гэдэг амар биш. Ер нь бол ухралт боллоо.  

Нам болгоноос ойролцоогоор 15-20 эмэгтэй дэвшинэ. Тэд гараад ирж чадвал Монголын парламентын 30 хувь нь эмэгтэйчүүд болно. Хэрвээ тэгвэл Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг гаргах боломжтой болно. 

Р.БУРМАА: 76 ЖИЖИГ ТОЙРОГ СОНГОГЧДЫН САНАЛЫГ ГЭЭГДҮҮЛДЭГ 

Анх Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь байхаар оруулсан. Үүнээсээ ухарч байгаад харамсаж байна. Эмэгтэй гишүүд Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалтад эсрэг санал өгсөн. 

76 жижиг мажоритар тойргийг савалдаг, сонгогчдын өгсөн санал ихээхэн хэмжээгээр гээгддэг гэдгээр нь Олон улсын сонгуулийн байгууллагын дүгнэлтэд иш татсан байдаг. 

С.ОДОНТУЯА: 20-30 ЖИЛ ХУРИМТЛАГДСАН АСУУДЛЫГ ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ШИЙДВЭРЛЭСЭН 

Монгол Улс өмнө нь Сонгуулийн тухай хуульд нэлээд ахицтай алхмуудыг хийж байсан бол энэ удаад маш том ухралт хийлээ. Энэ нь ухралт нь улс орны хөгжилд нөлөө үзүүлнэ. Өмнө нь гишүүд тухайн тойргийнхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ажилладаг байсан бол одоо 3-4-хөн хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй болох гэж байна

Эмэгтэйчүүдийн квотыг багасгасан шалтгааныг асуухаар өмнөх 30 хувь бол холимог тогтолцоон дээр зөвшөөрч байсан.

Одоогийн 76 жижиг дээр энэ квотыг буулгаж байна гэсэн хариулт өгсөн. 

Эмэгтэйчүүд цөөхүүлээ болохоор яах аргагүй хүчин мөхөстлөө. Энэ бол хэдхэн эмэгтэй гишүүний асуудал биш. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийн эмэгтэйчүүд эзэлдэг. 20-30 жил хуримтлагдсан асуудлыг эмэгтэй гишүүд шийдвэрлэсэн шүү дээ. 

Л.ЭРДЭНЭЧИМЭГ:  БИД ШАНТРАХГҮЙ, СУУДЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ӨГӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛНА 

Сонгуулийн хуулийг боловсруулсан хүн бол Р.Бурмаа гишүүн. Р.Бурмаа гишүүнд эмэгтэй гишүүдийн бүлгээс даалгавар өгч энэ 30 хувийн квотын Сонгуулийн тухай хуульд оруулсан. Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт М.Батчимэг гишүүн ажиллаад 30 хувиа батлуулж чадсан юм.

Энэ бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хийсэн, дараагийн эмэгтэйчүүдийг улс төрд оруулах нэлээн том заалт байсан. Харамсалтай нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахдаа эмэгтэйчүүдийн 30 хувийн 20 хувь болгочихлоо. Яг энэ өөрчөлтийг хийх ажлын хэсэгт эмэгтэй гишүүдээс оруулаагүй. 

30 хувь гэдэг бол 23 орчим эмэгтэйг нэр дэвшүүлэх ёстой гэсэн үг юм. Эрчүүд бол 76 байтугай олон хүн нэр дэвшихээр өрсөлдөж байдаг. Тэдний зүгээс хэлдэг гол зүйл бол нэр дэвших гээд байгаа тэр олон эмэгтэй чинь хаана байна гэдэг асуултыг тавьдаг.

Уг нь бол нэр дэвших сонирхолтой эмэгтэйчүүд аль ч намд байдаг. Эмэгтэйчүүдэд байдаг гол асуудал бол мөнгө.  Тиймээс бид сонгуулийн хуульд харьцангуй бага мөнгөөр нэр дэвшиж болох хуулийн заалтуудыг оруулаад явж байсан. Харамсалтай нь өнөөдөр үүнийг эрчүүд олонхоороо унагаалаа. 

Бид гэхдээ үүнээс болж шантрахгүй. Дараагийн Сонгуулийн тухай хуульд 30 хувь, тэр ч бүү хэл нэр дэвшилтийн 30 хувь биш суудлын тодорхой хувийг эмэгтэйчүүдэд өгөх тийм хуулийн төслийг санаачлаад явах болно.  

Д.САРАНГЭРЭЛ: УЛС ТӨРД ЭМЭГТЭЙ, ЭРЭГТЭЙЧҮҮД  ТЭНЦҮҮ БАЙСАН БОЛ УЛС ОРНЫ ӨНӨӨДРИЙН ӨНГӨ ИЙМ БАЙХ БАЙСАН УУ

Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Ардчиллын өнгөн дээр эмэгтэйчүүдээ алагчилж болж байгаа юм уу.

Энэ асуудал энд сууж байгаа 11 эмэгтэйн асуудал биш. Улс төрд эмэгтэй, эрэгтэйчүүд хувь тэнцүү байсан бол улс орны өнөөдрийн өнгө ийм байх байсан уу гэдгийг нийгэм тунгааж байгаа байх” гэж байсан юм.