Нийслэлийн төсвийн нийт урсгал зардал таван тэрбум гаруй төгрөгөөр буурчээ
НИТХ
2016.05.13

Нийслэлийн төсвийн нийт урсгал зардал таван тэрбум гаруй төгрөгөөр буурчээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдаан өчигдөр болж энэ оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав.

Тодруулбал, нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэхээр 625 сая төгрөг нэмж, төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, нэг тэрбум 406.9 сая төгрөгийн зардпыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагчдын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийгхасч, нийтийн тээврийнхэрэгслийн гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум    төгрөг нэмж, Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсдын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьжээ.

Мөн элэгний хорт хавдрыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэнээр хотын шуудын урсгал зардал 299 тэрбум 676.5 сая төгрөг болж буурав. Ингэснээр нийслэлийн төсвийн нийт урсгал зардал таван тэрбум гаруй төгрөгөөр буурч, 396 тэрбум төгрөг болж байна.