Бид давуу талаа ашиглаж чадахгүй байна
Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институтын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамба
2016.05.13

Бид давуу талаа ашиглаж чадахгүй байна

Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институтын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дамбатай ярилцлаа

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ огцом уналаа. Нүүрсний үнэ цаашид сэргэх хандлага байна уу. Энэ талаар та бүхэнд ямар таамаглал байна вэ?

-2025 он хүртэлх төсөл хөтөлбөрболовсруулсан. Үүнийхээ дагуу мэргэжлийн холбоод нүүрс, жоншны хөтөлбөрүүд хийж байгаа. Гэвч бидний боловсруулсан төслийг ажил хэрэг болгохыг төр засаг л шийднэ.

Яг одоогийн байдлаар төрийн тодорхой шийдвэр алга. Харин төрөөс баримтлах бодлогын хүрээнд уул уурхайн салбарын мэргэжлийн ажилтнууд, мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн асуудлыг, мөн нөөц баялгийн ангилал шинэчлэх эрхийг төр тодорхой хэмжээгээр Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институтэд шилжүүллээ.

Цаашид бидэнд хийх ажил их байна. Гэвч манайх төрийн бус байгууллага учраас гарааны санхүүжилт байхгүй. Үүн  дээр төрөөс тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлэн хөл дээр нь босгоод өгвөл аваад явчихна.

Нүүрсний хувьд хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад нэг дахин буурч, 30 гаруйхан ам.доллараар борлуулж байна

 Хятадын зах зээл дэх нүүрснээс хамгийн хямд нь манайх гээд бод доо.Бусад улсын өндөр үнэтэи. Оросынх гэхэд л 50-60 орчим ам.доллар байна лээ. Манай хамаг зардал тээвэрлэлтэд яваад байна. Тиймээс тээврийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

-Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг хоёр жилийн өмнө баталсан. Бодлоготой болсноор ямар дэвшил гарав?

-2013 оныг хүртэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогогүй явж ирсэн. Харин бодлого гарснаар эерэг байдал ажиглагдаж байна. Тухайлбал, хувийн аж ахуйнуудыг төрөөс дэмжих бодлого гарсан. Мөн зарим хууль, эрх зүйн актуудыг боловсруулж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Дээр нь, энэ салбартай холбоотой аливаа эрх зүйн актуудыг гаргахад мэргэжлийн байгууллага, холбоодыг оролцуулдаг, үгийг нь сонсдог болсон. Өөрийн гэсэн нөөц баялгийн стандартай боллоо. Энэ мэтчилэн дэвшилттэй зүйлүүд хийж байна. Гэхдээ энэ нь гаднаас орох орлого, экспортын бүтээгдэхүүний хэмжээ өсөхгүй байгаагаас болж улс орны эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй байна.

Цаашид ханш өсвөл борлуулалтад нэлээд нөлөө үзүүлнэ. Нүүрсийг биржийн үнээр борлуулах, ашигт малтмалын түүхий эдийн бирж байгуулах тухай асуудал бодлогын баримт бичигт туссан ч харамсалтай нь хэрэгжиж эхэлсэнгүй. Хэдийгээр эрх зүйн баримт бичгүүд бүрдсэн ч түүнийг хэрэгжүүлдэг төр засаг нь топгворгүй байна.

Өнгөрсөн хугацаанд хоёр ч Засгийн газар байгуулаад, салбар хариуцсан сайд нь солигдлоо. Энэ бүхэн бодлого хэрэгжихэд сөрөг нөлөө үзүүлсэн. Үүнээс гадна 2012 оны сонгуулийн өмнөхөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаас болж түншүүд дүрвэсэн.

Гэхдээ жил гаруй хугацааны дараа энэ алдаагаа засч, хуулиа арай дээр болголоо. Нэгэнт явсан хөрөнгө оруулагч тийм ч амархан эргээд ирдэггүй юм байна. Учир нь, манай эрх зүйн орчин тогтворгүй. Хоёрхон жилийн дотор хуулиа хоёр солихоор хөрөнгө оруулагчдад яаж итгэл үнэмшил төрөх вэ дээ.

Хөрөнгө оруулалт зогссоноос болж валютийн нөөц багаслаа. Үүнээс шалтгаалж ам.долларын ханш өссөн. Хөрөнгө орж ирвэл уул уурхайн салбарт үйлчилдэг туслан гүйцэтгэгч буюу хоол хүнс. хувцас, сэлбэг материал гэхчлэн нийлүүлдэг бүх компани ажилтай болно. Одоо бол олонх нь зогссон.

-Төмөр замаа хөгжүүлэх бодлого маш удаан, бас маргаантай байдаг. Ер нь, төмөр замыг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой гэж та үздэг вэ?

-Хуульдаа өөрчлөлт оруулаад Хятадтай хоёр, гурван ч газраар нарийн царигийн төмөр замаар холбогдохоор болсон байна лээ. Төмөр замыг бүтээн байгуулахад өндөр өртөг шаарддаг. Харин нэг оруулчихсан байхад дараа нь зардал харьцангуй бага гардаг. Тэгэхээр хамгийн гол нь энэ ажлыг хийх хэрэгтэй.

Саяхан Засгийн газраас Монголын төмөр замын инженерүүдийн холбоонд төмөр зам барих эрх олгосон нь зөв. Харамсалтай нь, тэдэнд хөрөнгө байхгүй. Энэтхэгийн Засгийн газрын зээлийн мөнгөөр юутай ч эхлүүлье гэж байна.

Үнэндээ энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Тиймээс цаашид ажлаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг гацаа үүснэ. Хэдийгээр төмөр зам барих мэргэжилтэн нь байлаа ч мөнгөгүй. Тэгэхээр л хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа юм. Хөрөнгөтэй бол манайхан чадна.

Уг нь, Замын- Үүдээс Наушк хүртэлх төмөр замыг хоёр урсгалтай болгох хэрэгтэй. Учир нь, Сэлэнгэ, Дарханы бүсэд төмрийн хүдэр, зэсийн олон уурхай бий. Тэдний ачааг урагш нь төмөр замаар л зөөнө. Төмөр замаа хоёр урсгалтай болговол тээвэр хийхэд хурдан шуурхай, цаг алдахгүй. Энэ хэрээрээ эдийн засаг ч сайжирна. Бүр өргөн царигийн төмөр замыг урагш нь Жининь хүргэхэд болохгүй юмгүй.

-Овоот-Мөрөн-Эрдэнэт чиглэлийн өргөн царигийн төмөр замын ажил нэлээд урагштай яваа дуулдсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нарийн царигийн төмөр замын ажил Энэтхэгийн зээлээр эхлэхээр боллоо. Уг нь, манай нүүрсний хэрэгцээ одоохондоо урд хөршид байгаа юм чинь эхлээд энэ төмөр замынхаа ажилд хөрөнгөө зарцуулсан бол дээр санагдах юм?

-Алс дорнод, Сибирийн бүс маш сайн чанарын нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс ОХУ руу нүүрс гаргах тухай ойлголт ойрын 20 жилд л лав байхгүй. Харин урагшаа Хятад, Солонгос, Япон, Энэтхэг гээд хэрэглээ бий. Тэгэхээр бид бодлогоо эдгээр улс руу л чиглүүлэх ёстой. Зарим нь “Хятад-Монгол-Оросыг холбоод торгоны замаар Европ руу гарна" гэсэн сэтгэлийн хөөрлөөр худлаа яриад байх юм. Бидний нүүрсийг тэгж авахгүй.

Энэ бүхнийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж ерөөсөө болохгүй. Бодитоорхараххэрэгтэй. Америкчууд биднийг “Танай улс азтай, хажууд чинь том хэрэглэгч, зах зээл нь байна" гэдэг. Гэтэл бид энэ давуу талаа ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ийм байхад Австрали Хятадаас хэдэн мянган км-ийн зайтай ч нүүрсний борлуулалтаар манайхыг цохиод байна. Энэ нь, манай бодлоготой холбоотой.

-Манайх Хятад руу эрчим хүчний нүүрс нийлүүлэх боломж байхгүй юу?

-Хятад улс манайхаас эрчим хүчний хүрэн нүүрс бараг авахгүй байгаа. Учир нь, өөрөө эрчим хүчний нүүрсний илүүдэлтэй. Өнгөрсөн хугацаанд 1000 орчим уурхайгаа хаасан шүү дээ. Тэгэхээр манайхаас авах шаардлагагүй. Манайд ч хүрэн нүүрсний нөөц асар их бий. Тиймээс үүнийгээ эрчим хүч болгомоор байна. Цахилгаан станц байгуулан эрчим хүч үйлдвэрлээд гаргах тухай ярьж байгаа. Шивээ-Овоогийн төсөл чинь тэр шүү дээ.

Мөн бид энэ нүүрсээс шингэн болон хийн түлш үйлдвэрлэвэл бүр их ирээдүйтэй. Цаашид дэлхий нийтээрээ энэ чиглэл рүү явж байна. Тухайлбал, Киргизийн Бишкек гэж манайх шиг утаа униар татсан хот байхад нэгхэн уулын цаана Алматы гэж Казахстаны хотод ямар ч утаагүй байдаг.

Тэгсэн тэр хотын бүх айлыг газжуулчихаж. Улаанбаатарыг утаанаас салгах тухай олон жил ярилаа. Айлын гэрийн зуух яриад биш, нийтээр нь газжуулах ёстой. Тэгж байж л утаанаас сална.

-Ярилцсанд баярлалаа.