Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлсэн ажлын явц байдал, үр дүнгийн талаар сонсов
2016.05.16

Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлсэн ажлын явц байдал, үр дүнгийн талаар сонсов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар Эрүүл мэнд спортын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, зарим эмнэлгийн удирдлага, Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй энэ оны 4 дүгээр сард уулзаж санал солилцсон.

Уулзалтын үеэр элэгний халдварт С вирусыг устгах эмийн үнийн хөнгөлөлтийн тооцоолол, гемодиализын аппаратад орж байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хэмжээний хөнгөлөлт үзүүлэх боломжтой талаарх тооцоо, судалгаа хийж оруулж ирэх үүрэг чиглэлийг байнгын хорооноос өгч, үр дүнгийн талаар дахин уулзаж ярилцахаар товлосон юм. 

Энэ дагуу өнөөдөр /2016.05.13/ Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын газрын дарга Л.Мөнхзул, Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд болон эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын явц байдал, үр дүнгийн талаар сонсч харилцан ярилцлаа,

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа танилцуулгадаа, элэгний С вирусний эмчилгээнд хэрэглэгдэж байгаа “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох тухай асуудлыг судалж шийдвэрлэх зорилготой Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яамны хамтарсан ажлын хэсэг Сангийн сайдын тушаалаар томилогдон ажиллаж байна. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээр хоёр удаа, салбар болон чиглэлээрээ 3-4 удаа хуралдсан. Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад орох “Харвони” эмийн хөнгөлөлтийн тооцооллыг хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас 40 хувиар хөнгөлөх бололцоотой гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. 80 хувь хөнгөлөхөд Эрүүл мэндийн даатгалын сан 2-3 жилийн дараа хасах баланстай болох магадлалтайг тооцож гаргасан.

Мөн Эрүүл мэндийн даатгалд цаашид нэмэгдэж орж болзошгүй цус, уушиг, элэг, улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс, нойр булчирхай, умайн хүзүүний өмөн, архаг миелолейкоз өвчний үед хэрэглэх эмийн үед хэрэглэх эмийн тооцооллыг хийсэн. Мөн элэгний С вирусын эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад сайнс” компанийн лицензээр үйлдвэрлэж буй Энэтхэг Улсын Майлан үйлдвэрийн Софосбувир эмийн хямд өртөг бүхий женерик “Ледвир” эмийг 2016 оны 4 дүгээр сард тус тус эмийн бүртгэлд бүртгүүлсэн. “Ледвир” эмийг “2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс нэг сарын эмчилгээг 250 ам.доллар, нэг курс эмчилгээ буюу гурван сарын эмчилгээг 750 ам.доллараар Монгол Улсад нийлүүлж эхлээд байна. Түүнчлэн 4 дүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 18095 тохиолдол бүртгэгдэж, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлд тархалт өндөр байна. ХӨСҮТөвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний мэдээгээр 4 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 1005 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 361 тохиолдлоор буюу 26.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэлээ. 

Сангийн яамны төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Сангийн сайдын тушаалаар байгуулагдсан гепатит С вирусийн эмчилгээтэй холбоотой үүсээд байгаа асуудлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх хувилбар гаргах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнгөрсөн сар гаруйн хугацаанд идэвхтэй ажиллаж 3-4 удаа хуралдаж харилцан мэдээлэл солилцож зарчмын шийдлүүдэд хүрсэн. Нэгдүгээрт, гепатит С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг даатгалын сангаас олгох ёстой гэдэг дээр бүх талууд санал нэгтэй байгаа.

Хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоохдоо Эрүүл мэндийн даатгалын сангийн дунд болон урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэмжээнд тогтоох, үүний тулд хувилбар тооцооллыг хийхээр тогтсон. Мөн дунд болон урт хугацаанд ямар ачаалал гарахыг тогтоолоо. Ажлын хэсэг зөвхөн үнийн хөнгөлөлтөөс гадна иргэдэд очиж байгаа санхүүгийн эрсдлийг яаж бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Элэгний С вирусын эмчилгээний эмийн үнэ маш хурдтай бууж байгаа. Анх сарын хэрэглээ 400 ам.доллар гэж ярьж байсан бол одоо 250 ам.доллараар нийлүүлэх ерөнхий нэршлийн эмүүд ижил үйлчилгээтэйгээ орж ирсэн. Дэлхийн Элэгний холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Одоо Азийн зах зээл дээр элэгний С вирусын эмчилгээнд зориулж байгаа эм 120-150 ам.доллараар зарагдаж байна. Монгол Улсад энэ үнээр борлуулах нөхцөл бололцоо цаашид байгаа гэж үзэж энэ чиглэлээр хэлэлцүүлэг, мэдээлэл хийхээр төлөвлөж байна. Өвчтөнд тулгарч байгаа гол санхүүгийн ачаалал эмээс гадна оношлогоо, шинжилгээ хийлгэхдээ дунджаар 680 мянган төгрөг зарцуулж байгаа гэсэн судалгаа гарсныг ажлын хэсэг дээр ярьж энэ асуудалд чиглэл чиглэлийн яамд анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгааг танилцуулав.

Уулзалтад оролцогсод эмийн үнийн хөнгөлөлт, гемодиализын аппаратын хүрэлцээ, ашиглалт, эрхтэн шилжүүлэх зэрэг тодорхой асуудлуудыг хөндөж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ажлын хэсгийн ажилд ахиц дэвшил гарсныг онцлоод, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам эрүүл мэндийн салбарт тулгараад буй хүндрэлтэй асуудалд салбарын яамтай ижил ойлгоцтой хандаж, асуудлыг шийдэхээр ярьж, санал солилцож байгаа нь чухал юм. Энэ бол зөвхөн өдөр тутмын хийж байгаа ажил бус олон хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд хийж байгаа буянтай үйлс гэж ойлгож ажиллах хэрэгтэй. Улсын Их Хурлаар батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч бэлтгэл ажлыг цаг тухайд нь хийснээр эрүүл мэндийн салбарт нэлээдгүй өөрчлөлт, ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.