Гурвалсан стандарт нэвтрүүлэн, орлогоо өсгөж чадлаа
2016.05.16

Гурвалсан стандарт нэвтрүүлэн, орлогоо өсгөж чадлаа

Уул уурхайн салбар уналттай байгаа өнөө үед тэр компани дампууран, үүдээ барилаа, эрдсийн үнэ өсөх төлөвгүй байна гэх мэт мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр.

Харин төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) болох Геологийн төв лаборатори үйл ажиллагаагаа тэлэн, ашиг орлогоо ч нэмжээ. Энэ лаборатори улсаас татаас, төсөв авдаггүй, нийт 170 орчим ажилтантай.

Жаран жилийн түүхтэй тус лаборатори олон улсын гурвалсан стандартыг алхам алхмаар нутагшуулж, өнгөрсөн онд ажлаа дуусгасан байна.

Энэ талаар лабораторийн захирал Н.Тэгшбаяр “Бид дотооддоо бүх дээжийг шинжилдэг болсон. Олон улсын гол гол стандартуудыг баталлаа. Мөн цөмийн технологид суурилсан техникийн шинэчлэл хийсэн. Нэг дээжээс нэг удаагийн хэмжилтээр 77 үзүүлэлтийг зэрэг хэмжиж байна. Ингэснээр бидний бүтээмж 77 дахин өсч, төдий чинээ цаг хэмнэж байна. Бусад ААН-үүд ч олон улсын стандартын дагуу дээжээ бэлтгэн ирүүлэх шаардлага тулгарч байна” гэсэн юм.

Геологийн төв лаборатори (ГТЛ) 2015 онд ISO/IEC 17043 стандартын дагуу ур чадварын сорилт зохион байгуулагчаар олон улсын төвшинд итгэмжлэгдсэнээр гурвалсан итгэмжлэл буюу “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-ыг нэвтрүүлжээ. Эдгээр нь

  • “ISO/IEC 17025” лабораторид тавих ерөнхий стандарт (2002 онд нэвтрүүлсэн), 
  • “ISO Guide 34” аттестатчилсан стандартчилсан загвар, түүнийг зохион бүтээгчдэд тавих олон улсын стандарт (2012 онд нэвтрүүлсэн),
  • Ур чадварын сорилт зохион байгуулагчид тавигдах шаардлага “ISO/IEC 17043” (2015 онд нэвтрүүлсэн) юм.

Ийм гурван стандартыг Геологийн төв лаборатори анх удаа Монголд нутагшууллаа. Бусад улс орнуудад дийлэнх лаборатори нэг стандарттай байдаг аж. Үүнийг олон улсад “Silver” төвшний лаборатори гэдэг бол хоёрыг хэрэгжүүлбэл “Gold” төвшинд хүрлээ гэж үздэг. Харин гурвууланг нь зэрэг хэрэгжүүлбэл “Platinum” буюу лабораторийн чиглэлээр дэлхийн хамгийн дээд оргилд хүрсэн гэж үздэг байна.

Геологийн төв лаборатори АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага болох ANAB-аар шалгуулж, итгэмжлэгдсэн аж. Энэ байгууллагаар итгэмжлэгдсэн 800 орчим лаборатори байдгаас тав нь л дээрх гурван стандартыг зэрэг хангажээ. Түүний нэг нь Монгол Улсын Геологийн төв лаборатори. Итгэмжлэл авсан гэдэг нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан гэсэн үг юм.

Стандартчилал, хэмжилзүйн газар, АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн газрын мэргэжилтнүүд бүтэн жилийн турш ГТЛ-д хүний нөөцийн, технологийн үнэлгээ хийж, гаргасан хариунууд дээр нь анализ хийж, өмнө олгосон итгэмжлэлээ сунгах эсэхээ шийддэг байна. Энэ шалгуурыг тус лаборатори давжээ.

 “ПЛАТИНУМ СТАНДАРТ”-ыг нэвтрүүлснээр ямар давуу талтай болох вэ?

Улсын төсөв уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос ихээхэн хамааралтай. Тэгвэл эрдсийн түүхий эдийн лаборатори маань дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө. Үүнийг манай лаборатори дэлхийн дэвжээнд сайн тамирчин болж, олимпын эрх авахтай адилтгаж болох юм. Ингэснээр уул уурхайн салбар өндөр хөгжсөн 70 гаруй орон ГТЛ-ийн шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрч байна.

Одоогоор манай улсад 3000 гаруй лицензтэй, 1000 –аад компани уул уурхайн салбарт ажиллаж байна. Эдгээрийн дийлэнх нь Геологийн төв лабораторийн хэрэглэгчид. Рио Тино гэх мэт томоохон компаниуд ч багтжээ. Харин уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гаднын компаниар экспертизийн ажлаа гүйцэтгүүлдэг. 

“Хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэгдсэн лабораторийн оролцоо” сэдэвт сургалт долоо хоног бүрийн пүрэв гарагт ГТЛ-д болдог байна. Хайгуул хийх, дээж бэлтгэхдээ хэрхэн стандартын дагуу ажиллах талаар зөвлөснөөр шаардлага хангасан дээж авах нөхцөл бүрддэг байна. Жишээ нь алт хайж буй хайгуулын компанийн дээжийг судлаад зарим тохиолдолд газрын ойр, гарлагын бага, цагийн эртэд лицензээ буцаан, шинэ лиценз ав гэж зөвлөдөг байна. Харин хангалттай гэсэн үр дүн гарвал урьдчилсан ТЭЗҮ бэлтгэх зөвлөмжийг тухайн компанид нь өгдөг гэв.     

Рио Тинто манай үйлчлүүлэгч. Харин уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гадны компаниар экспертизийн ажлаа гүйцэтгүүлдэг. 

Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа өвөл түр зогсдог. Иймд лабораторид дээж бага ирдэг байна. Гэсэн ч ГТЛ үйл ажиллагаагаа тэлэн, шинэ хэрэглэгчидтэй болсноор ажилчдынхаа цалинг нэмэн, өнгөрсөн өвөл нэг ч ажилчдаа амраагаагүй. Цомхтгол ч хийгээгүй байна.

ГЕОЛОГИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРСНААР ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

Манай улсад улсын, хувийн нийлсэн 20 орчим лаборатори  бий. Эдгээр нь нүүрсний, зэсийн гэх мэтээр төрөлждөг бол ГТЛ бүх төрлийн эрдэст шинжилгээ хийдэг. Монголд бидэнтэй өрсөлдөх лаборатори байхгүй гэж ГТЛ-ийн удирдлагууд хэлж байв. Жижиг лабораторид нэг л хүн дээжээ аван, бэлтгээд, шинжилгээгээ хийн, хариугаа ч өөрөө гаргадаг байна. Харин ГТЛ-д дамжлага бүрд мэргэшсэн ажилтнууд бүхий бүтэн систем ажилладаг байна.

Тэгвэл аливаа лабораторийн үйл ажиллагаа сайжирснаар, салбартаа, цаашлаад улс орны хэмжээнд ямар нөлөө үзүүлдэг юм бол?     

А компани хамгийн түрүүнд АМГ-аас хайгуулын лиценз авдаг. Дараа нь орон нутагт очин, хайгуулаа эхэлнэ. Аймгийн иргэд, удирдлагуудтай зөвшилцөж чадвал шүү дээ. Хайгуулын үед дээж гарахад  Геологийн төв лаборатори рүү илгээдэг. Геологийн төв лаборатори А компанид хоёр төрлийн зөвлөмж өгдөг.

Талбай нь хэтийн төлөвтэй эсэх, дээж нь эдийн засгийн үр ашигтай эсэхийг эхлээд тогтооно. Хэтийн төлөвгүй талбай байвал хайгуулаа зогсооно. Хэтийн төлөвтэй байж магадгүй гэвэл орд мөн үү гэдэг асуудал ярьж эхэлдэг аж. Ингээд  технологийн туршилт, ямар химийн бодис хэрэглэх, ямар технологиор олборлох вэ гэдэг тооцоо гарган, урьдчилсан ТЭЗҮ бэлтгэнэ. Үүн дээр үндэслэн өнөө компанид А лиценз өгөх уу, үгүй юу гэдгээ төр шийддэг. А лицензээ авсан бол олборлосон хүдэр дотор нь хэчнээн хэмжээний алт, зэс байгааг лаборатори тогтоодог. Энэ хэмжээнээс хамааран татвар, улмаар улсын төсвийн орлого тодорхой болно. Тэгэхээр лабораторийн шинжилгээний хариу ихээхэн үр дагавартай.

Цаашид тус лабораторийнхан Батаар гэх мэт эртний олдворын нас тогтоох, бүс нутагт хүрээгээ тэлж ажиллахаар төлөвлөжээ.