Бямбацогт.С 2016.05.16 | Сайт: Ikon.mn

АН яаж өөрсдийгөө ялуулах вэ гэдэг байдлаар хуваарилалт хийсэн

АН яаж өөрсдийгөө ялуулах вэ гэдэг байдлаар хуваарилалт хийсэн

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тойрог, мандатыг тогтоогоод байгаа билээ.

Тойрог, мандат тогтоох асуудалхоёр том намын хооронд багагүй маргаан дагуулж буй. МАН-ын бүлгийн гишүүд эрх баригчдыг хүч түрэмгийлэн өөрсдөдөө ашигтайгаар хуваарилалт хийлээ хэмээн шүүмжилж байгаа. Тиймээс ч УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийнхэн оролцохгүйгээ мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулснаа хүргэе. 

-Сонгуулийн тойрог, мандат хуваарилах асуудал багагүй маргаан дагууллаа. 

-Тойрог, мандатыг хуваарилах асуудалд АН-ынхан хүч түрээд баталчихлаа. Зөвшилцөж, ойлголцоод Сонгуулийн тухай хуулийн 22-т заасны дагуу нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тоог харгалзаад шударга адил тэнцүү хуваарилалт хийгээд ард иргэдээ сонголт хийх боломжоор хангаж өгөх байсан. Гэтэл зөвхөн АН-аас нэр дэвших дэвшигчдийг яаж ялуулах вэ гэдэг байдлаар мандатын тоог хуваарилах, тойргийг хуваахдаа өм цөм, оочин цоочин байдлаар хувааж байгаа нь АН  яаж ягтаа тулж байгааг харуулж байна. 

2012 оны  сонгуулийг хар машинаар луйвардаад ялчихсан. Одоо тойргийг өөрсдийн ялах байдлаар хуваарилж, ард иргэдийн сонгох эрхийг хааж байна. Гэхдээ эцсийн дүнг ард түмэн тавина. 

-Танай намын зарим гишүүн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэж байсан. Одоо тийм боломж, хугацаа байгаа юу? 

-Сонгууль хугацаандаа болох ёстой. Өчигдрийн балмад байдлыг харахад сонгуулийг энэ сардаа ч явуулчихмаар санагдсан. Яагаад гэвэл ийм эрээ цээргүй эрх баригчид ямар балмад шийдвэр гаргах бол гэж айж байна. 

-Та сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ? 

-Ард түмэн дүнгээ тавина. АН-ын амлаж байсан амлалтууд биелсэн билүү. Хүн шиг амьдруулж, улсаа хөгжүүлнэ гэж байсан ч өнөөдөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдралтай хүний тоо хэд байгаа бол. Амьдралдаа сэтгэл хангалуун хүн хэд байна вэ гэдгийг биднээр хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. 

-Танай намын бүлгийн гишүүд өнөөдөр чуулганы хуралдаанд оролцохгүй, ирц бүрдүүлсэнгүй. Цаашид чуулганы хуралдаанд оролцохгүй байх юм уу?

-Сандал ширээ, сайд томилох, чөлөөлөх асуудалд ирц бол янзын сайхан бүрддэг. Эрх баригчид ямар нэгэн аргаар өөрсдөө дахин сонгогдох болохоор ирц нь яаж бүрдэж байна. Өчигдрийн байнгын хороо, чуулганы хуралдааны ирцээс харагдаж байх.

Гэтэл улс орны тулгамдсан том асуудал дээр яаж байна. Р.Гончигдорж нь ирцээ бүрдүүл гээд гонгиноод л байна. Эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой шүү дээ. Өчигдөр яаж ирцээ бүрдүүлж хүч түрж байлаа яг тэгж л явах ёстой.