Иргэдтэйгээ хамтарч ажиллавал юунд хүрч болдгийг хамтдаа харуулж чадсан Он жилүүд байлаа
2016.05.16

Иргэдтэйгээ хамтарч ажиллавал юунд хүрч болдгийг хамтдаа харуулж чадсан Он жилүүд байлаа

Түр завсарлаад байсан Тайлангийн уулзалтууд дахин эхэллээ. Өнөөдөр XI, XXII, XXIII, хорооныхоо иргэдтэй уулзах учиртай. 

XXII хорооны иргэдийн хувьд 2000 оноос хойш намайг тасралтгүй дэмжиж ирсэн. Би ч эднийгээ, бас ямар асуудал тулгамдаж байдгийг нь андахгүй. Хэдэн жилийн өмнө гэр хүсч асуудлаа шийдүүлж байсан иргэн маань тохилог байшин барьж орсон гэдгээ ирж дуулгалаа. Энэ утгаараа хуучны танилуудтайгаа уулзаж байгаа мэт сэтгэгдэл төрөв. 
1996 онд Засаг даргаар ирж байхад үерийн ус буудаг жалга, гуу дагаад буучихсан хэдэн айл байсан юм. Нэгэнт буучихсан айлуудыг албадан нүүлгэх хэцүү л дээ. Нэг талаар хууль журам байдаг ч нөгөө талаар Иргэний эрхийн асуудал хөндөгддөг. Аль аль талдаа л ойлголцож ажиллах асуудал. Гэвч иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ямар ч тохиолдолд хангаж ажиллах нь бидний үүрэг. 
2012 онд "Шинэчлэлийн баг" ялалт байгуулан гарч ирэхэд 1996 онд яригдаж байсан нөгөө л асуудлуудыг иргэд ярьсаар л байсан. Дөрвөн жилийн дараа эргээд уулзахад иргэд өөр зүйл ярьж байна. 
Хогноосоо салсан, хорооллын дунд замтай болсон, цэцэрлэг, сургуульд хамрагддаг хүүхдийн тоо нэмэгдсэн, гадна талбайн тохижилт шинээр хийсэн гээд ярих юм ихтэй байлаа. Мэдээж зарим зүйл дээр дутуу дулимаг асуудал байлгүй л яахав. Тэр бүхнийг "Шинэчлэлийн баг"-тайгаа хамтраад шийдээд явъя гэж байна.
Энэ бол Баянгол дүүрэгт өрнөсөн Бүтээн байгуулалтын ажлын үр дүн юм.

XI хорооны хувьд өнгөрсөн онд "Нийслэлийн шилдэг хороо"-гоор шалгарсан амжилттай. Гэрэлтүүлгийн асуудлаа 100 хувь, цэцэрлэгийн асуудлаа 90 хувь шийдсэн хороо. 
Энд нэг зүйлийг онцлохгүй бол болохгүй нь. "Шинэчлэлийн баг"-ийн "Шинэчилж шийдсэн" нэг асуудал бол тухайн хороонд ямар ажил, бүтээн байгуулалт хийх хүсэлтэй байгааг иргэдээс өөрсдөөс нь асууж, санал авч шийдсэн асуудал. 
Зарим тохиолдолд иргэд өөрсдөө өөрсдийнхөө санаачилсан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж, хяналт тавьж, хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх эдэлж байлаа. Мөн хороондоо хийсэн бүтээн байгуулалтын ажлыг иргэд өөрсдөө хянаж, өөрсдөө хүлээж авах эсэхийг шийддэг болсон. Ингэснээр ажлыг халтуурддаг, хийснийг эвдэлж сүйтгэдэг үзэгдэл цөөрсөн.

2012 онд XI хорооны иргэдээс санал авахад дийлэнхи нь "Гэрэлтүүлгийн асуудлаа шийдүүлье" гэсэн. Өнөөдөр 100 хувь гэрэлтүүлгийн асуудлаа шийдүүлжээ. 
XI хорооны иргэн Л.Базарваань гуай хэлж байна. " Шөнө ч өдөр шиг гэрэлтэй болсон" гэж. Хэтрүүлэгтэй үг байх л даа. Гэхдээ л энэ бол бидний хийсэн ажил үр дүнгээ өгчээ гэсэн үг. 
Дараагийн асуудал бол цэцэрлэгийн хүрэлцээний асуудал байсан. Цэцэрлэг бол ганц Баянгол ч гэлтгүй нийслэлийн хувьд тулгамдсан асуудал. XI хорооны иргэд "Энэ асуудлыг шийдэж өгөөч ээ" гэж дөрвөн жилийн өмнө хүссэн. 
Дөрвөн жилийн дараа "XI хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 90 хувь нь цэцэрлэгт хамрагддаг" гэсэн сайхан мэдээтэй эргээд уулзаж байна. 
Ц.Нэргүй гуай хэлсэн байна. "Манай хороо эмнэлгийн байргүй, за ер нь Өрхийн эмнэлэг ч байгаагүй. XXIII хорооны Өрхийн эмнэлэгт очиж үйлчлүүлдэг байсан. Одоо бид нэгдүгээрт, Өрхийн эмнэлэгтэй боллоо. Хоёрдугаарт, Өрхийн эмнэлэг маань өөрийн гэсэн байртай болсон. Гуравдугаарт, дүүрэгт маань Хүүхдийн эмнэлэг баригдлаа. Сүүлийн 20 гаруй жил дуулдаагүй том ажил боллоо. Иргэд бид анхан шатандаа өрхийн эмнэлэгтээ үзүүлж, цаашлаад дүүргийн эмнэлэгтээ хандаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг болсон" гэжээ. 
Үнэхээр өнгөрсөн дөрвөн жил "Хийж бүтээе, Шинэчилье өөрчилье гэсэн дөрвөн жил байлаа. Дөрвөн жилийг зүгээр суугаад өнгөрөөж болдоггүй юм. Сэтгэл байвал юу хийж бүтээж болдгийг харуулъя гэж зорьсон. Цаг хугацаатай уралдаж, өөрсөддөө байгаа бүхий л зүйлийг дайчилж ажилласан. Иргэдтэйгээ хамтарч ажиллавал юунд хүрч болдгийг хамтдаа харуулж чадсан Он жилүүд байлаа.