Бямбацогт.С Содбилэг.О 2016.05.16 | Сайт: News.mn

АТГ-ын даргын асуудлаар шаардлага хүргүүлнэ

АТГ-ын даргын асуудлаар шаардлага хүргүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан хэлэлцэн томилох ёстой. Гэвч Ардчилсан намын бүлэг үндсэндээ хууль зөрчиж завсарлага авсан. Завсарлагын хугацаа нь маргааш дуусах ёстой. Гэтэл энэ долоо хоногийн УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг оруулаагүй учраас МАН-ын бүлэг УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн байнын хорооны дарга нарт шаардлага хүргүүлэхээр боллоо гэж тэрбээр тодотголоо.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл аж.

2016 оны төсөв амаргүй байгаа бөгөөд одоогоор төсвийн зарлага 760 тэрбум төгрөгт хүрсэн, орлого  213 тэрбум төгрөгөөр тасарсан байгаа аж. Оны эхнээс нийт хөрөнгө оруулалт 37 хувьтай гарсан бол зээлийн үйлчилгээний төлбөр оны эхнээс 22 хувиар тасарсан буюу 58 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа юм байна.

2017, 2018 оноос Хөгжлийн банкны авсан бонд, Чингис бондын эхний төлбөрийг хийж эхэлнэ. Гэвч энэ асуудал нь 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрхэг туссан тул Байнгын хороо, чуулганаар асуудлыг хэлэлцэх үед өрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудлыг Засгийн газраас тодруулах шаардлагатай хэмээн тус бүлэг үзжээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэрийг бүлэг гаргасан байна. Энэ шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Хуулийн төслийн утга агуулгыг үндсэнд нь ойлгосонгүй. Өргөн мэдүүлсэн төсөлд өр гэдэг үгийг өглөг гэдэг үгээр солихоор орж ирсэн байна. Тэгсэн хэрнээ нэн яаралтай хэлэлцэх дэгээр орж ирсэн. Өр, өглөг гэдэг үг нь хоёр өөр ойлголт юм болов уу гээд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний их тайлбар” толь бичгээс харлаа. Өр гэдэг бол бусдад өгөх өглөгө гэж тайлбарлаж, өр, өглөгө гэдэг үг нэг утгатай. Ийм байхад өр гэдэг үгийг өглөгө болгож солъё гэх нь үнэндээ ойлгогдохгүй байгаа. Хэрвээ УИХ өр гэдэг үгийг өглөгө гэдэг үгээр солих  шийдвэр гаргавал одоо мөрдөгдөж байгаа 10 хуульд өөрчлөлт орох болж байна” гэлээ.

Мөн тэрээр “Нэг ижил утгатай үгийг нөгөө үгээр солино гэдэг чинь хэвийн боовыг ул боов гэж нэрлэдэгтэй адил юм болно. Ийм хуулийн төслийг дэмжих боломжгүй, хэлэлцэх шаардлагагүй төсөл” хэмээн тодотголоо.

УИХаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонсохтой холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна.  Энэ нь эдийн засгийн төлөв байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага байна гэж үзсэнтэй холбоотой аж.