Тариаланчид литр түлшийг 950 төгрөгөөр худалдан авах боломжийг бүрдүүллээ
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2016.05.17

Тариаланчид литр түлшийг 950 төгрөгөөр худалдан авах боломжийг бүрдүүллээ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Тариалалт эхлээд хэдэн хувьтай явж байгаа вэ. Энэ жил хэдэн га газарт хэдий хэмжээний тариалалт хийхээр төлөвлөөд байна?

-Энэ онд манай улсад нийтдээ 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 30.1.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо,16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болоод сэлгээний бусад таримлуудыг тариалах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсан.

Төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байна. Хаврын тариалалт тавдугаар сарын эхээр эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тариалалт 16 орчим хувь, төмс, хүнсний ногоо 8.5-9 хувьтай байна.
-Энэ жил тариалалт орой эхэлж байна. Үүнийг юутай холбож ойлгох уу?

-Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс зургаа, долдугаар сарын цаг агаарын байдлыг мэдээлсэн. Энэ жилийн тариалалтыг цаг агаарын төлөв байдалтай уялдуулаад ахмад туршлагатай тариаланчид өмнөх жилүүдийнхээс арваад хоног хойшлуулж эхлүүлсэн.

Энэ жилийн тухайд хаврын чийг тариалангийн бүс нутгуудаар сайн байна. Зуны их халалтыг давах бололцоог үүсгэхийн тулд чийг угтуулан тариалалтаа ингэж оройтуулж тарьж байгаа. Одоо тариалалт жигдэрчихсэн явж байна. Тариалалт энэ сарын 25- 28-ны хооронд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Үрийн улаанбуудай хангалттай байгаа юу?

-Өнөөдөр үр дутагдаж байна гэсэн асуудал гараагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн жил дотоодын ургацаас авсан 7000 гаруй тонн үрийн будаа байсан. Үүнийг гаргаж аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж 10-30 хувийн урьдчилгаатай олгож дууссан.

Үүн дээр нэмээд импортоор 6000 тонн үрийн улаанбуудай орж ирж байгаагаас өнөөдрийн байдлаар 4500 орчим тонн үрийн улаанбуудайг хүлээж аван, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан олгочихоод байна.

Үлдэгдэл мянга гаруй тонн үрийн улаанбуудай Монголд ороод ирчихсэн байгаа ч одоогоор Гаалийн болоод МХЕГ-ын шинжилгээний дүгнэлтийг хүлээж байна. Учир нь үрийн буудай орж ирсний дараа Гаалийн болоод МХЕГ-ын хорио цээрийн дүгнэлт гардаг. Дээр дурдсан үрийн буудайнаас гадна ОБЕГ дээр 5000 тонн үрийн улаанбуудай хадгалагдаж байсан.

Эдгээр үрийн улаанбуудайг хаврын тариалалтад зориулж гаргаад нөхөн төлөлт бүрдүүл гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл Шадар сайд дээрх үрийн буудайг 100 хувь үнээр нь худалдан борлуулах нөхцөлтэй тушаал гаргасан боловч одоогийн байдлаар ОБЕГ-аас 200 орчим тонн үрийн улаанбуудайг долоон аж ахуйн нэгж худалдаж авсан мэдээ байна.

Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ярьсак. Ерөнхийсайдаас Онцгой нөөцөд байгаа үрийн буудайгаа тодорхой нөхцөлөөр гаргахыг Шадар сайдад даалгасан.

-Үрийн улаанбуудайн чанартай холбоотой асуудал үүссэн. Энэ яаж шийдэгдсэн бэ?

-Импортоор оруулж ирж байгаа үрийн улаанбуудайнаас дээж авч хилээр нэвтрүүлдэг. Хилээр оруулсаны дараа МХЕГ-ын харьяаллын Мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч шинжилгээ хийж хариуг нь гаргасны дараа импортлогч аж ахуйн нэгж гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээлгэж өгөх ёстой.

Гэтэл дээж шинжилгээнд өгчихсөн байх хугацаанд импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулалгүйгээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтынбайцаагч очиж, хууль бусаар дээж авсан асуудал гарсан. Үүнээс шалтгаалаад үрийн улаанбуудайг тариаланчдад олгох хугацаа саатсан байгаа.

МХЕГ-аас хийсэн мэдээллээр Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн авсан дээж, гаргасан дүгнэлт нь баталгаатай, албан ёсных бөгөөд харин Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн авсан дээж болоод гаргасан дүгнэлт албан бус гэдгийг МХЕГ-ын дарга нь мэдэгдсэн.

Үүнээс гадна гаалийнхан үрийн улаанбуудайнаас дээж аваад гаалийн төв лавлагаа лабораторид дахин шилжүүлсэн. Уг шинжилгээний дүн нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлттэй таарсан.

Тиймээс импортлогч компанид хүлээлгэн өгч, тус компани манайд гэрээ байгуулж өгсний дагуу бид аж ахуйн нэгжүүдэд олгосон байгаа. Мэргэжлийн байгууллага лаборатори шинжилгээг гаргасан учраас үрийн улаанбуудайны чанартай, чанаргүй гэдэг асуудлыг хөндлөнгийн хүн хэлэх ёсгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд итгэх ёстой.

-Улаанбуудайн урамшуулал олгох ажил бүрэн дууссан уу?

-Өнгөрсөн жил гурил үйлдвэрлэгчдэд тушаасан 111.9 мянган тонн улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг тариаланчдад олгож дууссан. Өөрөөр хэлбэл, тонн тутамд нь 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Энэ урамшууллыг тариаланчдад саврын тариалалтын өмнө олгосон нь зохих хэмжээгээр санхүүд нь нэмэр болсон гэж гэж байгаа.

-Тариалалт эхлэх ажлыг угтан яамнаас ямар арга хэмжээ авч байна?

-Тариалалттай холбоотой олон арга хэмжээгхэрэгжүүлж байна. Энэ жилийн хаврын тариалалтад шаардагдах үрийн улаанбуудайг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг НӨАТ-ын албан татвараас чөлөөлүүлэх хуулийг хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Мөн өнгөрсөн оны гантай холбоотой тариаланчдын санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа учраас санхүүгийн талаас нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Их хурал, Засгийн газарт асуудлыг тавьсан. Үүнтэй холбоотой УИХ-ын 108 дугаар тогтоол, Засгийн газрын 16-ны 42 дугаар тогтоол батлагдаж Газар тариапангийн үйлдвэрлэл тогтворжуулах богино хугацааны хөтөлбөрийг батлуулсан.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банкнаас гаргуулах шийдвэрийг гаргуулсан. Тариаланчдад олгох зээлийг Хөгжлийн банкнаас дамжуулан зээлдүүлэх “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хаан”, ‘‘Төрийн банк” гэсэн дөрвөн банктай гэрээ байгууллаа. ХХААЯ энэ дөрвөн банктай хамтарч ажиллах санамж бичгийг зурсан.

Энэ хүрээнд Монгол тариалан корпораци байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк дээр 20 гаруй аж ахуйн нэгжийн арав орчим тэрбум төгрөгийн зээл судлагдаад ирчихсэн байна. Хөгжлийн банк зээл олгоход нарийн шалгууртай байдаг. Хуулийн, эрсдэлийн газраас дүгнэлт гаргуулдаг юм байна.

Энэ дүгнэлтээ гаргуулж байж зээлийн хорооны хуралд орж зээл авах эсэхээ шийдвэрлүүлнэ. Одоо энэ дүгнэлтүүд нь гарчихсан. Зээлийн хорооны хуралд орох гээд хүлээгээд байж байна. Сүүлийн гурван долоо хоног орчим зээлийн хорооны хурал хуралдана гээд хурлаа хийхгүй байна.

Хэрэв зээлийн хорооны хурал хуралдаад шийдчих юм бол мөнгө шилжүүлэх асуудал нэг, хоёр өдөртөө шийдэгдэх бололцоотой. Тэгэхээр тариаланчид банкаар дамжуулж зээлээ олгох асуудал эхлээд явна гэсэн үг. Гэхдээ энэ зээлийн асуудлыг хүлээхгүйгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас түлш, үрийн буудай, ургамал хамгааллын бодис, бордоог бага хэмжээний урьдчилгаатайгаар зээлээр олгоод эхэлсэн байгаа.

Үнийн дүн нь 20 орчим тэрбум төгрөг болж байгаа. Тариалангийн зээлийг хурдан шуурхай олгох зорилгоор Монгол тариалан корпораци гээд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан боловч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй хүлээгдсээр байна.

-Энэ жил хөнгөлөлттэй нөхцөлөөр бордоог тариаланчдад нийлүүлж байгаа байх аа?

-Япон улсын буцалтгүй тусламж КР1 төслийн хүрээнд бид Япон улсын Засгийн газарт өнгөрсөн жил хүсэлт гаргаж газар тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Улмаар төсөл хэрэгжиж газар тариалангийн үйлдвэрт шаардлагатай 7.9 мянган тонн нийлмэл бордоог тариаланчдад нийлүүлж дуусаад байгаа. Т ариаланчдаа дэмжих үүднээс бордооны үнийг 65 хувь хөнгөлж тонн тутмыг 400 мянган төгрөгөөр үнэлж, борлуулж байна. Бордооны хэрэгцээ шаардлага тариаланчдад их байгаа учир эрэлттэй байна.

Энэхүү ажил маань энэ хаврын тариалалт, ургацын чанар, тоо хэмжээнд нөлөөлөхүйц хэмжээний дорвитой, үр дүнгээ үзүүлнэ гэж үзэж байгаа. Нийтдээ 400 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хүртээмжтэй байдлаар олгосон.

-Шатахууны үнийг хөнгөлнө гэсэн байсан. Хэдэн аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй олгоод байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар манай яамнаас оруулсан асуудал дэмжигдэж, хаврын тариалалтад шаардагдах импортоор оруулж ирсэн 6500 тонн шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэхээр болсон.

Энэ шийдвэрийн дагуу тариаланчдад шатахуун олгож эхэллээ. Өнөөдрийн байдлаар нэг литр шатахууны бөөний үнэ 950, жижиглэн нь 1350 төгрөг болж хямдраад байна. Хөрөнгө мөнгөний бололцоогүй үед шаардлагатай зөв шийдвэр гаргасан гэж тариаланчид дэмжиж байна.

Энэхүү шийдвэр үйл ажиллагаа цаашид ч үргэлжилж тариаланчдаа дэмжинэ. Өнөөдрийн байдлаар 312 иргэн, аж ахуйн нэгжид 1400 орчим тонн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дээрх нөхцөлөөр олгоод байна.