Хашааны газраа чөлөөлсөн иргэд шинэ байрандаа орлоо
2016.05.18

Хашааны газраа чөлөөлсөн иргэд шинэ байрандаа орлоо

Нийслэл  хотыг 2020  он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайг тогтоосон.

Энэхүү гэр хорооллын дахин төлөвлөлийн төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд баригдсан “Шинэ Амгалан” хорооллийн 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн  арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Улсын их хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан  орон тооны бус зөвлөх Г.Байгальмаа, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ийн дарга Ц.Батхүү, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясах, “Гангар инвест” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллыг орон сууцжуулах төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд энэ онд нийт 4044 айлын орон сууцны барилгыг ашиглалтад орох аж. “Шинэ Амгалан” орон сууцны хорооллыг “Гангар инвэст” компани барьсан бөгөөд 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газар чөлөөлөх гэрээ хийсэн 50 айл өрхийг орон сууцанд нь ийнхүү орууллаа. Цаашид уг төслийн хүрээнд 5102 айлын 69 орон сууцны барилга, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаа аж.