Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо есөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ
2016.05.19

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо есөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.05.17/ хуралдаан 14 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 9 асуудал хэлэлцэхээр болов.

Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслүүдийн

анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хуулийн төслүүд болон тэдгээртэйхолбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр хийсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн сарын 21-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Ингээд Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 20, найруулгын 14 саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд "Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно" гэсэн 8.4 дэх хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт "Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага" гэсэн 9 дүгээр зүйлийг нэмэхээр болов. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, аймаг, нийслэл /ддүрэг/-ийн цэргийн штаб, батлан хамгаалах зориулалт бүхий улсын үйлдвэрийн газар, цэргийн сургууль, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилт, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байна" гэж өөрчлөн найруулах, төслийн 13 дугаар зүйлд "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтон байна" гэсэн 13.4 дэх заалт нэмэхийг байнгын хорооны гишүүд дэмжив.

 

Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 16, найруулгын чанартай 17 саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйл дэх "цэргийн захиргааны удирдлага", "цэргийн мэргэжлийн удирдлага" гэсэн нэр томьёог өөрчлөн найруулж тусгах, мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг 9.3, 9.4 дэх хэсэг болгож "9.3.Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ", "9.4.Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч хэрэгжүүлнэ" гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Харин байнгын хорооны ажлын хэсэг Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарчмын зөрүүтэй 22, найруулгын 35 саналын томьёолол боловсруулсан бол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 6, найруулгын шинжтэй 12 санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм. Ингээд батлан хамгаалах салбарын шинэчлэлтэй холбогдсон эдгээр багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөв

Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2012 онд байгуулж, нийт 6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлага дээр үндэслэн австрийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр тус улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан 40 сая еврогийн шинэ “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар хоёр тал хэлэлцээрийн төслийг тохиролцжээ.

 

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд зээлийн хүү 0 хувь, хугацаа нь 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм байна.

Уг хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан нар танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшилцөж Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжих санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл” нь Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт, санхүүгийн зах зээл, дотоодын болон олон улсын худалдаа, аж үйлдвэрийн салбаруудыг хамрах энэхүү төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 20 сая ам.доллар агаад хүүгийн хэмжээ нь жилийн 1.25 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил байх аж. Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд экспортлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, туршлага судлах, экспортын даатгал гэх мэт санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тодорхой зорилтот зах зээлүүдэд нэвтрэх боломжийг нээх юм байна.

Санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Ингээд гишүүдээс асуулт, санал гараагүй тул санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Хуулийн төслүүдийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзэв

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив.

 

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжсэн тул энэ тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь Ялтан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.