Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай
2016.05.20

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай

Vip76.mn сайт 2012-2016 онд батлагдсан 100 хуулийн талаар танилцуулга нийтлэлээ хүргэж байна. Энэ удаа 2016 оны хоёрдугаар сарын 5-нд УИХ-аас баталсан "Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"-ыг товчхон танилцуулж байна.

Тус үзэл баримтлалд тусгаснаар Монгол улс нь иргэн бүрт ногдох орлого нь дунд орлоготой орнуудын түвшинд очсон,  олон салбарт эдийн засаг нь тогтвортой өсч буй, чинээлэг болон дундаж давхарга давамгайлсан нийгэмтэй, байгалийн унаган төрхөө хадгалсан, экологийн тэнцвэр бүхий ардчилсан улс болсон байна гэсэн үндсэн зорилго тавьжээ.

Үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн гурван үе шаттай хэрэгжүүлж, үндсэн дөрвөн зорилтыг биелүүлнэ.  

1. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн бий болгох ажлын хүрээнд макро эдийн засгийг тогтвортой байлгаж, эдийн засгийг олон салбар, чиглэлд хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, аж үйлдвэр, ялангуяа хөнгөн, хүнсний болон барилгын материал, зэс боловсруулалт, нүүрс, газрын тос-хими, хар төмөрлөг, аялал жуулчлал, уул уурхайн чиглэлийг тэргүүлэх салбар болгож, юун түрүүнд улс орныг эрчим хүч, дэд бүтцээр хангах бодлого барина.

2. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын тулд жендерийн тэгш байдлыг хангаж, хүн амдаа нийтийн эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, тусламж үйлчилгээ хүргэдэг байх зорилт тавьжээ. Түүнчлэн иргэдээ аюулгүй орчинд амьдруулж, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүрт чанартай, хүртээмжтэй боловсрол олгох тогтолцоог бүрдүүлнэ. Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ажил эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг багасгаж, дундаж давхаргынхны эзлэх хувь хэмжээг ихэсгэнэ.

3. Гуравдугаар зорилтыг байгаль, орчны тогтвортой хөгжил гэж тодорхойлжээ. Энэ зорилтын хүрээнд байгалийн нөөцийг зохистой, аль болох урт хуагцаанд ашиглах, экосистемийн  тэнцвэрийг хадгалах бодлого барина.

4. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд урт хугацаанд тогтвортой байдаг засаглал хэрэгтэй. Төрийн аппарат тогтвортой, төрийн албан хаагчид хариуцлагатай байж чадвал улсын тусгаар тогтнол, эдийн засгийн бие даасан байдал улам бэхжиж, аюулгүй байдал болон батлан хамгаалах чадавхи нэмэгдэнэ. Түүнчлэн олон улстай олон чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, дэлхийн тавцанд Монгол Улсын нэр нөлөө өсөх үндэс болно