Сайн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж эхэллээ
“Сайн оюутан” хөтөлбөр
2016.05.20

Сайн оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж эхэллээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн нээлт АШУҮИС-ийн Эко танхимд өчигдөр боллоо.

Хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд сургалтын төлбөрийн зээл авдаг болж байгаа юм. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын удирдлага болон “Хаан”, “Голомт”, “Төрийн банк”-тай хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулсан нь энэ үйл ажиллагааны онцлох хэсэг байв.

БСШУ-ын сайд Л.Гантөмөр уг ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Манай улсад 162200 оюутан суралцаж байгаагийн 93 хувь нь хувийн зардлаараа суралцаж байгаа. Хувийн зардлаар суралцаж буй 150980 оюутны 83 хувь нь эцэг эхийнхээ цалин, тэтгэврийн зээлээр төлбөрөө төлж байна.

Арилжааны банкны зээлийн жилийн хүү 25 хувь. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээрээ төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их мөнгийг сар бүр банкинд тушааж байна.

Үүнээс гадна зөвхөн сургалтын төлбөрөөс шалтгаалж хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй хаалганы цаана үлдэж байгаа олон сайн залуус бий.

“Сайн оюутан” хөтөлбөр тэдэнд улам хичээж сайн суралцах, эцэг эхчүүдэд зээлийн ачаагаа хөнгөлөх боломж өгч байгаа юм" хэмээн онцоллоо.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 5000 гаруй оюутан үндэсний болоод Засгийн газрын тэтгэлгээр гадагшаа сургуульд явснаас дэлхийн шилдэг сургуулиудад 300 гаруй залуус суралцаж байгааг сайд яриандаа дурдсан юм. Чадварлаг оюутнуудад хандсан бизнес, хувийн хэвшлийнхний дэмжлэг тасралтгүй нэмэгдэж буйд баяртай байгаагаа ч дуулгав.

“Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн шаардлагыг хангасан оюутнуудын нэг нь АШУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан А.Кымбат. Түүний сурлагын голч нь гурав юм байна. Сургалтын төлбөрийнхөө 50 хувийг буюу нэг сая 289 мянган төгрөгийн зээл авахаар болжээ. Эднийх хоёр оюутантай учраас ээж, аав нь их л олзуурхаж байгаа гэнэ.

Ээж нь ёслолд оролцохынх нь өмнө “Миний охин овоо доо. Зээлийнхээ батламжийг аваад шууд яриарай” гэжээ. А.Кымбат “Зээлээ төлөх хариуцлага ирж байгаа учраас би энэ зун гэр рүүгээ явахгүй. Зээлээ төлөхийн тулд ажил хийнэ” гэв.

А.Кымбат суралцах хугацаандаа зээлээ сар бүр хуваарийн дагуу төлөх бол ХААИС-ийн оюутан Ц.Батбаяр төгсөөд ажилтай, орлоготой болохоороо зээлээ төлөх юм байна. Ц.Батбаяр ХААИС-ийн Газрын кадастрын инженерийн ангид сурдаг. Сурлагын голч оноо нь 3.6 гэнэ. Хоёр сая 300 мянган төгрөг банкнаас зээлэхээр болж. Сургалтын төлбөрөө бараг бүтнээр нь зээлж байгаа аж.

Голч оноо өндөртэй учир сургалтын төлбөрийн зээлээ төгсөөд төлөх нөхцөлийг хангасан байна. ХААИС-ийн мал эмнэлгийн нэгдүгээр курсийн оюутан Г.Мөнхтуул “Зарим оюутан сургалтын төлбөрөөсеө болоод сургуульдаа сурч чадахгүй жилийн чөлөө авдаг. Ийм сайхан хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд баярлаж байна.

Эцэг эхчүүд маань сургалтын төлбөр төлөх гээд өндөр хүүтэй зээл авдаг. Харин энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хамаагүй бага хүүтэй зээл авах боломж нээгдлээ. Оюутнууд зээл аваад өөрсдөө төлөөд эхлэхээр чөлөөт цагаа дэмий зүйлд үрэхээ больж ажиллаж эхэлнэ. Сурлага сайтай оюутнуудад сургалтын төлбөрийн зээл авах гарц нээгдсэн учраас оюутан бүр л сайн сурахын төлөө хичээх хэрэгтэй болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

“Сайн оюутан" хөтөлбөрийн нээлтэд оролцсон “Төрийн банканы гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Онон “Зээлийн батлан даагч нь эцэг эх, эмээ өвөө нь байж болно. Манай банк 540 салбартай. Шаардлага хангасан л бол манай банкны аль ч салбараас ямар ч хязгаарлалтгүйгээр зээл авах боломжтой” гэж байв.

Харин “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Оюутны ийм төрлийн зээлийн хөтөлбөр олон улсад маш өргөн хэрэгждэг. Ер нь бол Засгийн газрын дэмжпэгтэйгээр арилжааны банкуудын оролцоотой хийгддэг зүйл.

Монголд анх удаа хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр эцэг, эхчүүдийн үүрч байсан зээлийн хүүгийн дарамт буурах эерэг талтай. Мөн оюутнуудыг хариуцлагатай иргэн болж төлөвшихөд том дэм үзүүлэх хөтөлбөр. Оюутнуудын хувьд сургалтын төлбөрийн зээлээ өөрсдөө хариуцах хариуцлагын тогтолцоо бий болж байгаа нь онцолж хэлэхээр давуу тал” хэмээн онцлов.

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга “Манай сургуулийн хувьд өнөөдөр хоёр оюутан батламж гардан авлаа. Цаашдаа энэ хөтөлбөрт 2.5-аас дээш голчтой, богино хугацааны сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй оюутнуудынхаа судалгааг гаргаж, өргөнөөр хамруулна" гэж ярилаа. Оюутнуудад олгож байгаа сургалтын төлбөрийн зээл нь таван хувь гэдгээрээ арилжааны өндөр хүүтэй зээлээс ялгарч байгаа юм.

Сургалтын төлбөрийн зээл гурван төрөл байх аж. Богино хугацааны буюу нэг жилийн зээл гэж гаргажээ. Оюутны голч дүн нь 2.6 ба түүнээс дээш, шинээр элсэгчдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш байх ёстой юм байна. Зээлийн үндсэн төлбөрийг зээл авснаас хойш сар бүр төлөх шалгуур тогтоожээ.

Зээл хүсэгчийн өргөдөл, цахим болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл эх хувиараа, гэр бүлийн гишүүний цахим үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар гэсэн бичиг баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай юм байна.

Мөн гэр бүлийн гишүүний орлогын эх үүсвэрийг баталгаажуулсан баримтыг банкууд шаардаж байгаа аж  Урт хугаатай зээлийн гол ялгаа нь сургууль төгссөнөөс хойш дөрвөн жилийн  хугацаанд эргүүлэн төлнө гэж арилжааны банкныхан ярьж байв. Суралцагчийн голч дүн 3.5 ба түүнээс дээш бол энэ зээлийн шалгуурыг хангах юм билээ.

Хичээлийн улирал, жил бүрт авах боломжтой аж. Ийм зээл хүссэн оюутнуудын хувьд амь насны даатгалд хамрагдсаН байх шалгуур тавьжээ. Хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш нэг жилийн дараа гурван жил хүртэлх хугацаанд тэнцүү хэмжээгээр төлөх гэнэ.

Сургалтын төлбөрийн гурав дахь зээл нь дахин санхүүжилтийн зээл. Оюутнуудын сургалтын төлбөрийн зориулалтаар өмнө нь олгогдсон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэхийг хэлж байгаа аж. Сургалтын төлбөр төлөх зориулалтаар банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх гэж банкныхан тайлбарлаж байлаа.

Тодруулж хэлбэл, сургалтын зээлийн зориулалтаар авсан цалин тэтгэврийн зээлийг бага хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжийг эцэг, эхчүүдэд олгохоор болж. Эцэг, эхчүүдийн арилжааны банкнаас авсан жилийн 25 хувийн хүүтэй зээлийг таван хувь болгож бууруулах нөхцөл бүрдүүлдсэнд олзуурхах хүн олон байлаа.

Энэ төрлийн зээлийн тухайд хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрийг зээл шилжүүлснээс хойш сар бүр төлөх юм. Аль төрлийн зээл байхаас үл хамааран тавигдах ерөнхий шаардлагуудыг гаргажээ. Зээлийн хэмжээ оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй юм байна.