Эрдэнэчимэг.Л 2016.05.20 | Сайт: News.mn

“1072 ширхэг хувьцааг зарах боломжгүй”

“1072 ширхэг хувьцааг зарах боломжгүй”

 УИХ-ын 41 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан ч өргөн баригдахгүй байсаар олон сарын нүүр үзсэн “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барилаа. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ төслөөр дамжуулан ард иргэд болоод хөрөнгө оруулагчдад ямар давуу тал бий болох вэ?

-“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өргөн барилаа. Одоо Засгийн газар Тавантолгойг ашиглах гэрээгээ шинэчилж оруулж ирэх ёстой. Энэ тогтоолоор зөвхөн  удирдамж гарч байгаа юм. Урьд нь яригдаж байсан гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой” компани саналын эрхгүй, 100 хувь эрхээ шилжүүлж байсан бол уг тогтоолын төслөөр “Эрдэнэс Тавантолгой” компани 51-ээс доошгүй хувийг эзэмших ёстой гэж зааж өглөө.

Ингэснээр 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын хоёр сая гаруй иргэн Тавантолгойн гэрээнд оролцох эрх бүрдэж байна. Өөрөөр хэлбэл ард түмний өмч хэвээр үлдэнэ. Харин үлдсэн 49 хувь дээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагч татах боломжтой. Хоёрдугаарт, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмших ёстой гэсэн заалт оруулсан. Анхны орж ирсэн гэрээгээр 30 жилийн хугацаанд “Монголын төмөр зам” оролцохгүй, 100 хувь Шинхуа-тай хамтарсан консерциумд төмөр замаа өгөхөөр заасан байсан. Тэгэхээр бид  дахиж оруулж ирэхдээ төмөр зам монголдоо үлдэх ёстой гэж зааж өгсөн.

Өнгөрсөн 2012 онд батлагдсан 181-р тогтоолоор 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг саналын эрхгүй гээд шийдчихсэн. Тэгэхээр бид хувьцаа эзэмшигч болохоос биш ямар нэгэн тавантолгойн асуудалд санал гаргах эрхгүй болоод үлдчихэж байгаа юм. Консерциум бол 100 хувь саналын эрхийг атгаж байна гэсэн үг. Үүнийг хүчингүй болгох заалтыг өнөөдрийн төсөлд оруулж өгсөн. Ингэснээр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэн бүр тодорхой байгууллагаар дамжуулан өөрсдөө саналын эрхтэйгээр оролцоно. Мөн гурав дахь хөршийн оролцоог хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж зааж өгсөн. Сая орж ирсэн гэрээгээр Японы компани консерциумын нэг хэсэг байсан боловч энэ бол олборлох ашиглах эрхгүй, зөвхөн борлуулагчийн үүргээр орж ирсэн байсан. Тавантолгойн нүүрсний ордын 49 хувийг эзэмших компаниудад гурав дахь хөршийн бодлого нэн чухал. Тиймээс ийм заалт оруулж байгаа юм.     

-“Эрдэнэс Тавантолгой” болон “Монголын төмөр зам” компаниуд 51 хувийг тус бүр эзэмшинэ гэхээр Монгол Улсын хөрөнгө санхүүгийн чадамж хүрэх үү?

-Бид Тавантолгойн 51 хувийг эзэмшинэ гэхээр Монгол Улс тодорхой хэмжээний хөрөнгө өөрсдөө гаргана. Тавантолгой бол ирээдүйд ашигтай төсөл  учраас шаардлагатай хөрөнгийг босгох хэрэгтэй. Урт хугацааны зээл авч болно. Төмөр зам бол 10 жилийн дотор оруулсан хөрөнгөө нөхчихдөг  ашигтай төсөл юм.  Өмнө нь бүх тооцоог хийсэн. Тэр ч утгаараа бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байсан. Ер нь төмөр замд хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Тиймээс 10-20 жилийн хугацаатай зээлээр төмөр замаа барих боломжтой.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд хэр зэрэг эрэлттэй байж чадах бол? Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихсан байгаа шүү дээ.

-Яг одоо бол хөрөнгө оруулагчид сонирхохгүй байх. Учир нь хувьцааны үнэ байж болох доод хэмжээндээ хүрсэн. Ойрын хугацаанд ч өсөх хандлага ажиглагдахгүй байна. Иймд нүүрсний үнэ өссөн үед “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дээр арилжаалж эхэлнэ. Гадны хөрөнгө оруулагчид мөн адил нүүрсний үнэ өссөн үед тавантолгойд хөрөнгө оруулах сонирхолтой болж ирэх байх гэж харж байна. Нэг ширхэг хувьцаа 40 ам.долларт хүрэхэд ашигтай нөхцөл бүрдэнэ. Манайхан өөрсдөө ч хөрөнгөө босгох боломжтой болж ирнэ. Энэ үед ард иргэдийн хувьцааны ашгийг өгөх боломж олдоно.

-Энэ төслийг амжилттай хөдөлгөх үүрэг Засгийн газарт ногдож байна. Тэгэхээр Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй болох нь. Өмнө нь хөрөнгө оруулах сонирхолтой байсан компаниуд одоо ямар хандлагатай байгаа бол? 

-Засгийн газар хөрөнгө оруулагчидтай ярилцах шаардлага гарна. Өмнө нь жагсааж байсан богино жагсаалтаар 8,9 компани шалгарсан байдаг. Тэрхүү хөрөнгө оруулагчдад дахин санал тавих байх. Одоо бол гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид гэрээнээс үл хамааран хөрөнгөө босгоод төмөр замаа барьж байх хэрэгтэй. Хэрэв төмөр замаа барьж чадвал “Эрдэнэс Тавантолгой” өнөөдрийн хүчин чадлаараа илүү олборлолт хийх чадалтай юм.

-Энэ парламентын үлдсэн хугацаанд тогтоолын төсөл батлагдах болов уу?

-Энэ парламент үлдсэн нэг сарын хугацаандаа тогтоолын төслийг амжиж батлана гэж найдаж байна. Өмнө нь 40 гишүүн дэмжээд гарын үсэг зурчихсан. Одоо хэлэлцэх эсэхийг УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нар шийднэ.

-Улаанбаатар хотын зарим иргэд 1072 ширхэг хувьцаагаа зарах гэж оролдож байна. Энэ хувьцааг яг одоогийн байдлаар зарах боломж байгаа юу?

-Яг одоогийн байдлаар зарах боломжгүй. Жишээ нь миний хувьцаа бол гар дээр ямар ч цаас байхгүй. Онлайнд регистрын дугаараар бүртгэлтэй байдаг. Үүнийг зарах, шилжүүлэх ямар ч боломжгүй. Хэнд ч тийм эрх байхгүй. Тэгэхээр зарж, худалдаалах боломжгүй гэсэн үг л дээ.       

-“Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгөө босгоод төсөл урагшлаад эхлэхэд хүмүүс хувьцаагаа зараад эхлэх юм биш биз дээ?

-Хувьцааг зарах, бэлэглэх асуудлыг шинэ хууль баталж байж зохицуулах боломжтой болно. Ер нь нэгэнт энэ хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн учраас тухайн хүндээ байж байх нь илүү ашигтай гэж зөвлөмөөр байна.