Жадамбаа.Ц 2016.05.20 | Сайт: Ikon.mn

“Монгол Шуудан” ХК болон "What3words" хамтарч Монгол Улсын ХАЯГЖИЛТЫН асуудлыг шийднэ

“Монгол Шуудан” ХК болон "What3words" хамтарч Монгол Улсын ХАЯГЖИЛТЫН асуудлыг шийднэ

Математик алгоритмаар сонгогддог гурван үгийн нийлэмж нь ямар нэгэн байршилд давтагдахгүйгээр, цор ганц оноогддог.

Тэгвэл энэ давуу талыг ашиглан Их Британийн what3words старт ап компани дэлхий нийтийн хаягжилтын асуудлыг шийдвэрлэх програмыг зохион бүтээж дэлхийн зах зээлд нэвтрүүлжээ.

Мишээл экспод болж буй ICT Expo 2016 үзэсгэлэнгийн үеэр Монгол шуудан ХК, Их Британийн what3words компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр Монгол Улсад түгээмэл байдаг хаягжилтын асуудал шийдэгдэж, хэрэглэгчид аливаа бараа, үйлчилгээг илүү түргэн шуурхай, амар хялбараар авах боломж бүрдэнэ.

What3Words гэж юу вэ?

  • what3words бол 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудаас бүрдэх дэлхийн торон сүлжээ юм.
  • Квадрат тус бүр мэдээлэхэд түргэн, хялбар, тодорхой 3 үгт хаягтай.
  • Геокодлогч газарзүйн солбилцлуудыг тэдгээр 3 үгт хаяг руу харилцан хөрвүүлдэг.
  • Үг хэрэглэвэл техникийн бус хүмүүст ч байршлыг алдаагүй тогтоож, гудамжны хаяг, шуудангийн код, өргөрөг уртраг эсвэл гар утасны богино холбоос зэрэг бусад системээс илүү хурдан, хялбар хэлж өгөх боломжтой, ойлгомжгүй шинж багатай байдаг.

what3words-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Чингисийн талбайг гурван үгээр хэрхэн хаягласныг харахыг хүсвэл ЭНД дарна уу. 

"ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 75 ХУВЬ БУЮУ 4 ТЭРБУМ ХҮН ЯМАР НЭГ ХАЯГГҮЙ АМЬДАРЧ БАЙНА"

what3words компанийн Олон улсын бизнес, хамтын ажиллагаа хариуцсан захирал Клэйр Жонес нээлтийн арга хэмжээний үеэр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа “Манай компани хоёр жилийн өмнө байгуулагдсан. Бид энэ бизнесийг дэлхий дээрх хаягжилтын асуудлыг шийдвэрлэх хүсэл зорилготойгоор эхлүүлсэн. Одоогийн байдлаар дэлхийн нийт хүн амын 75 хувь буюу 4 тэрбум хүн ямар нэг хаяггүй амьдарч байна.

Улаанбаатар хотыг Google map-аас харахад маш олон байшин барилгатай ч хаягжилтгүй. Энэ бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд маш өндөр зардалтай байдаг. Төрийн байгууллагууд ч мөн адил иргэддээ үйлчлэхэд бэрхшээлтэй байгаа юм.

Манай технологи дэлхийн бүх газрыг гурван метр тутамд хувааж, хэсэг бүрийг дахин давтагдашгүй гурван үгтэй нийлбэрээр хаягжуулсан. Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа богино, хялбар үгсийг хэрэглэхэд хялбар учир энэ гурван үгний нийлбэрийг ашигласан байгаа. Энэхүү үйлчилгээ нь одоогийн байдлаар дэлхийн 10 хэл дээр байгаа бөгөөд Монгол хэл дээрх хувилбар нь тун удахгүй бэлэн болно” гэсэн юм.

"ДЭЛХИЙ ДАЯАР ХҮН БҮР ЗАХИДАЛ, ИЛГЭЭМЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ АВАХЫГ ХҮСДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ"

Нээлтийн үеэр ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд “Танилцуулгаас харахад өнөөдөр маш сонирхолтой цаг үе Монгол Улсад ирж байгааг энд байгаа бүх хүн ойлгож байгаа хэмээн бодож байна.

Дэлхий даяар хүн бүр захидал, илгээмж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахыг хүсдэг нь ойлгомжтой. Англи, Монголын иргэд ч мөн адил энэхүү үйлчилгээнүүдийг түргэн шуурхай авах хүсэл эрмэлзэлтэй амьдардаг.

Монгол Улсын газар зүйн хувьд Баруун Европтой тэнцүү газар нутагтай ч гурван сая хүнтэй тул хаягжилтын асуудал тулгараад байгаа нь ойлгомжтой.

Энэхүү асуудлыг шийдэхээр Британийн старт ап компанитай хамтран ажиллах болсон нь их сайшаалтай. Манай Засгийн газраас энэхүү компанийг дэмжиж байгааг онцолж хэлмээр байна” гэсэн юм.

Монголчууд аливаа байршил руу хүрэхийн тулд томоохон байгууллага, объектоор баримжаа авдаг хэвшил нь тодорхой мэдээлэл шаардагддаг cалбаруудад түвэг учруулж байна. Түүнчлэн нягтаршил багатай, цөөнгүй хэсэг нь нүүдэлчин амьдралын хэв маягаар амьдардаг манайх шиг оронд дэд бүтцийн тодорхой хаягжуулалт алдагдсан нь үнэн. Ийм нөхцөлд үр бүтээмжтэй, ашигтай шуудангийн болон хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх нь амаргүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

"МОНГОЛ ХҮН БҮР ӨӨРИЙН БАЙГАА ГАЗРАА ХАЯГТАЙ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГЧ БАЙНА"

Энэ талаар Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсайхан “Монгол Шуудан компани болон хүргэлтийн үйл ажиллагаа явуулж буй бүх компанид их ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Мөн энэ програмыг нэвтрүүлснээр Монгол хүн бүр өөрийн байгаа газраа хаягтай болох бүрэн боломжийг нээж өгч байна. Ийм чухал програм учраас Монгол Шуудан ХК нэвтрүүлэх гэж байгаадаа баяртай байгаа юм” хэмээн онцлов.

Уг технологи өгөгдлийн сангүй ажилладаг нь интернет сүлжээгүй орчинд ашиглах боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Тэд үйлчилгээгээ Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд санал болгох үүднээс АйКонсепт ХХК-тай онцгой эрхт агентын гэрээ байгуулж байгаа бөгөөд “ICT Expo 2016”-ийн үеэр Монгол Шуудан ХК-иас гадна интернет худалдааныMmarket.mn болон хоол хүргэлтийн Сонго ХХК нартай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм.

Ингэснээр эдгээр байгууллагууд What3 Words технологийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт, нийт ард иргэддээ өөрсдийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай хүргэх боломжтой болж байна.