Ганбаатар.С 2016.05.23 | Сонин: Ардын эрх

МАХН, ТТЭНН-аас нэр дэвшихгүй. Өөр намаас нэр дэвшихээр ярилцаж байгаа

МАХН, ТТЭНН-аас нэр дэвшихгүй. Өөр намаас нэр дэвшихээр ярилцаж байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Та сүүлийн үед Төрийн ордонд харагдсангүй. Тойрогтоо сонгуулийн бэлтгэлээ хийж байна уу?

-Сүүлийн үед тойрогтоо их ажиллаж байна. Мөн зөвхөн тойрог гэлтгүй хөдөө орон нутгаар явж хуулийн төслүүддээ санал авах ажил хийлээ. Тухайлбал, Дундговь аймгийн бүх суманд ажиллалаа. Эрдэнэт, Сэлэнгэ аймгаар бас явлаа. Иргэдтэй уулзаж Бэлчээрийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүддээ санал авсан. Төслөө хэд хоногийн өмнө өргөн барилаа. Ийм л ажилтай хөдөөгүүр яваад байлаа. Байнга Төрийн ордонд байж дөрвөн жилийн хугацаанд дуугараагүй хэрнээ сонгууль дөхөхөөр гэнэтхэн дуугарч эхэлдэг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Харин дөрвөн жил дуугарч, зарим ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдэд баалуулж янз бүрийн нэр хоч зүүж байсан хүний хувьд сонгууль болоход хэдхэн хоног дутуу байхад үнэгүй сурталчилгаа хийж байгаа юм шиг чуулганы танхимыг ашиглах нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.

-Таныг аль намаас нэр дэвших бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байгаа байх. Та аль намаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?

-Ямар ч байсан МАНАН-гаас нэр дэвшихгүй. Өөрийнхөө энэ үзэл бодолд үнэнч байна. МАН-ын олон сайхан, шударга гишүүд, дэмжигчид намайг дэмждэг, хайрладаг. Бас өдий дайтай явахад нь нөлөөлж санаа өгсөн. АН-ын гишүүд ч ялгаагүй. Харин МАНАН- гийн орой дээр байгаа, өөрсдийгөө нам гэж бодсон бүлэглэлүүдтэй хатуу тэмцэх болно. Тэднийг бүр үндэстэн дамнасан корпорацуудын эрх ашигтай нэгдсэнийх нь эсрэг тэмцэнэ.

-МАХН-аас нэр дэвших юм уу?

-Сүүлийн үед МАХН-д орох нь гэж хэсэг шуугилаа. Би МАХН-д орох- гүй. Мөн өөр бусад намд намайг орчихсон мэтээр мэдээлсэн байна лээ. Тухайлбал, Г.Уянга гишүүний Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орохоор болсон байна гэж яриад байгаа. Тийм зүйл байхгүй. Харин бусад жижиг намтай яриа хөөрөө хийж байгаа. Ойрын үед шийдвэр нь гарна.

-Одоохондоо ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-ХҮН-ыг сонгуульд оруулж ялалт байгуулахаар би их урам зоригтой зүтгэсэн. Гэтэл Б.Найдалаа гэдэг залуу хэдхэн хүн дагуулчихаад “Би энэ намын дарга нь” гээд зэрэгцээд гараад ирсэн. Намайг нийт гишүүдийн 98 хувь нь дэмжээд даргаараа сонгосон. Харин Улсын дээд шүүх дээр очоод хүлээлгэс бүртгүүлэх гэхээр Б.Найдалаа гэдэг залуу “Би дарга нь” гээд л гараад ирдэг. Хоёр ч удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэж оролдсон. Бүр болохгүй болохоор нь би өргөдлөө өгөөд “Та нар маань намаа удирдаад аваад яв. Хариуцлагаа бас үүрээрэй Б.Найдалаа. Хоёр удаа Улсын дээдшүүхэд бүртгүүлээд энэ намыг удирдаж сонгууль оролцох гэлээ. Гэтэл та нар санаатайгаар зэрэгцэж зүтгэлээ. Би даргын суудал булаацалдаж зүтгээд байдаг хүн биш” гээд намаас гарсан.

-Та ХҮН-ын дарга нь болж чадаагүй ч гэсэн санаачлан үйл ажиллагааг нь идэвхжүүлсэн “эзэн нь биз дээ?

-ХҮН-ыг удирдан сонгуульд оролцож ялалт байгуулж өгөөч гэж олон гишүүн нь надад санал тавьж, итгэл хүлээлгэсэн ч дотор нь байгаа зарим залуугийн болчимгүй үйлдлээс шалтгаалан дарга нь болж чадсангүй. Гэхдээ надад шинэ, зөв хүмүүсийг улс төрд оруулах боломж зөндөө олдоно гэж итгэж байна.

-Та аль нэг намаас нэр дэвших нь ойлгомжтой байх. Аль тойрогт нэр дэвших вэ. Таныг “Ерөнхий сайд хаана нэр дэвшинэ. Би тэр тойрогт нь очиж нэр дэвших болно” гэж хэлсэн гэж сонссон. Энэ үнэн үү?

-Би бол тойргоо солино гэж байхгүй. Харин Ч.Сайханбилэгийг “Ерөнхий сайд л юм бол манай Дархан-Уул аймагт хүрээд ирж нэр дэвшээч” гэсэн юм. Ерөнхий сайд надаас зугтана шүү

дээ. Тэр хүн бол “Дубайн гэрээ” гэгчээр Монгол Улсыг зарчихлаа гэдгийг би баримттайгаар гаргаж тавьж байгаа. Үүний эсрэг тодорхой хариулт өгөхгүй хэрнээ “С.Ганбаатар бослоо, хэвтээд өглөө” гэсэн л юм яриад байх юм. Асуудлаа ярихын оронд хэлбэр дүрсийг нь, хувь хүнийг ярина гэдэг бол миний тавьсан асуудалд ялагдсаны шинж.

-Таны төрсөн дүү С.Гантуяа УИХ-д бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байна лээ. Тантай энэ талаараа ярилцаж шийдвэр гаргасан уу?

-Манай гэрийнхэн бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс. Би бол “Нэр дэвших хэрэг байна уу даа. Улс төр гэдэг чинь хэцүү ажил шүү дээ” гэж зөвлөсөн. Харин миний дүү надад хэлэхдээ “Миний ард маш олон иргэний хөдөлгөөн, байгаль орчныг хамгаалдаг төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Би тэднийхээ саналыг хүндэтгэнэ” гэсэн. МАНАН- гийн орой дээр байгаа бүлэглэлүүд, “Рио Тинто”-гийн пиарын компаниуд “С.Ганбаатар Оюутолгойгоос мөнгө авсан” гэж гэж миний эсрэг хар пиар хийдэг байсан. Харин одоо удахгүй миний дүүгийн эсрэг ийм пиар хийх гэж байгаа юм билээ. Ийм пиар хийсэн ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагыг би шүүхэд өгнө гэдгээ мэдэгдье.

Намайг хэвлэл мэдээллийнхэн маш олон янзаар гүтгэж, гүжирдэж бичдэг. Тэр болгоныг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын онцлог гэж үзээд тоодогтүй. Нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Намайг гүтгэсэн нэг л хүнийг шүүхэд өгч байсан. Тэр хүн бол Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа. Н.Алгаа гуай “С.Ганбаатар гадаадынхнаас мөнгө авч байгаа” гэж намайг гүтгэсэн ярилцлага өгч байсан юм. Тиймээс би шүүхэд хандсан. Шүүх түүнийг “Хүн гүтгэсэн байна” гэж үзсэн. Н.Алгаа гуай ярилцлага өгсөн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулаад надаас уучлалт гуйж байсан санагдаж байна. Харин одоо "Рио Тинто" болон 'Оюутолгойгоос мөнгө авсан гэж намайг болон манай гэр бүлийнхнийг гүтгэсэн хэвлэл мэдээллийг хэрэгслийг шууд хууль шүүхийн байгууллагад өгнө. Манай дүүтэй холбогдуулж ийм мэдээлэл гаргах гэж байгааг урьдчилан мэдсэн учраас ингэж хэлж байгаа юм шүү. Ер нь улс төрд ороод ирэхээр миний эсрэг ямар пиар явах гэж байна вэ гэдгийг урьдчилаад мэдчихдэг юм байна.