АТГ-ын даргын томилгоог хэлэлцэхгүй байгаад эргэлзээ, хардалт байна
2016.05.23

АТГ-ын даргын томилгоог хэлэлцэхгүй байгаад эргэлзээ, хардалт байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та хэд хоногийн өмнө “12345 дугаараас залгаад Ерөнхийлөгчийн хоолойгоор ярив. Сонирхолтой нь холболт Хятадаас хийгдсэн байх” гэж жиргэсэн нь олны анхаарлыг татаж байгаа. Танд ийм дуудлага ирсэн үү. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Энэ бол хэд хоногийн өмнөх үйл явдал. 9911, 8811 гэсэн дугаарууд руу 12345 гэсэн дугаараас дуут мессеж маягийн дуудлагууд ирсэн. Би 9911-тэй дугаар барьдаггүй учраас надад ийм дуудлага ирээгүй. Миний хажууд байсан хүмүүст ээлж дараалан ирсэн. Чанга яригч дээр нь тавихаар тасарчихдаг. Харин дуудлагыг аваад, ердийн горимоор сонсохоор Ерөнхийлөгчийн хоолойгоор түүний Дархан-Уул аймагт оффшор данстай холбоотой хэлсэн тайлбарыг тэр хэсгээр нь тасдаж явуулж байсан.

 

Манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Энэ чиглэлийн хууль ёсны үйлчилгээ үзүүлдэг компаниар дамжаагүй, илүү цахим гэмт хэргийн шинжтэй, хаккердах маягаар буюу тусгай программ ашиглаж явуулсан юм шиг байна. Хүмүүс ч их гайхаж байсан. Үүнийг Ерөнхийлөгч хийгээд байгаа юм уу. Эсвэл Ерөнхийлөгчийн хоолойг ашиглах байдлаар өөр хэн нэгэн хийчхэв үү. Асуудал хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг хөндөж хүмүүс хоорондоо ярилцаж байх шиг байна. Энэ дуудлагууд миний дэргэд байсан хүмүүс рүү ирж байсан учраас би сонирхож жиргээн дээр бичсэн. 

-Дуудлагуудыг гаднын хэд хэдэн орноос хийсэн байх магадлалтай гэх мэдээлэл ч байна?

-Ерөнхийлөгчийн хоолойгоор тодорхой үг хэлсэн мессэж ирсэн. Гэхдээ сонирхолтой нь миний хажууд байсан хоёр, гурван хүний утсан дээр утасныхаа төрлөөс эсвэл цаанаас дамжуулж байгаа улсынхаа оператороос шалтгаалсан уу нэг дээр нь хятад, нөгөөд нь америк гэсэн хоёр хэлээр үг гарч байсан. Тагнуул болон цагдаа, кибер аюулгүй байдалтай холбоотой байгууллагууд шалгах байх. Урьдчилсан байдлаар хэвлэлүүдээс дөрвөн улсын оператор дамжуулах байдлаар ийм үйлдэл хийсэн гэж бичсэн байхыг уншлаа. 

-Ийм төрлийн хакерууд Монголд хэр их байдаг вэ. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгаалалтыг манайхан ямар түвшинд авдаг юм бол? 

-Мэргэжлийн хүн биш учраас энэ тухай хэлж мэдэхгүй байна. Ер нь ийм үйлдэл нэг биш, удаа дараа гарч байна. Энэ нь ямар болгоомжлол бий болгож байна гэвэл сонгуулийн үеэр иймэрхүү байдлаар хэн нэгнийг гүтгэх, худал мэдээлэл тараах, олон хүнийг хамарсан үйл явцыг хийж болох техникийн хүчин зүйл байгаа нь харагдаж байна. 

Өмнө нь тодорхой нэр бүхий УИХ-ын гишүүдийн утаснаас сонгогчид руу нь өөрийнх нь нэрийн өмнөөс мессеж бичсэн тохиолдол гарсан. Энэ бол цэвэр гэмт хэрэг. Захидал харилцааны нууц төдийгүй хувь хүний утасны дугаар, нэрийг нь ашиглаж хуурамчаар бусад руу мессеж бичиж байна гэсэн үг. Энэ чиглэлээр тагнуул болон хуулийн байгууллагууд шалгалт хийгээд, үр дүнг нь гаргасан гэсэн. Гэхдээ одоо үр дүн ил, тод биш байна. 

-Тэгвэл дээр дурдсан тодорхой зорилтот дугаарууд руу энэ дуут мессежийг Монголоос явуулах боломжтой юу? 

-Ер нь техникийн хувьд янз бүрийн боломж байгаа байх. 

-Энэ үйлдэл захиалагчтай байх гэсэн хардлага ч олон нийтийн дунд бий? 

-Мэдээж энд зардал, их хэмжээний мөнгө гарч байгаа. Тийм хэмжээний мөнгө гаргаж, ийм үйлдэл хийхээр захиалж байгаа гэсэн үг. 

-АТГ-ын даргын томилгооны асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагааны хугацаа өнгөрсөн мягмар гаригт дууссан. Хагацааг хуульд заасан зохицуулалт байдаг байх?

-Хуульд заасан хугацаа дууссан.

-АТГ-ын даргын хуульд заасан үндсэн чиг үүрэг бол гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох. Тэгэхээр энэ байгууллагын дарга байхгүйн улмаас прокурор болон мөрдөн байцаагч гүйцэтгэх ажиллагаа явуулах бүрэн боломжтой боллоо гэдэг зүйлийг ч ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-Процессын хуулиар гүйцэтгэх ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих зэрэг хууль тогтоомжид байгаа чиг үүргээрээ прокурор хяналтаа тавиад, үйл ажиллагаагаа хэвийн л явуулах байх. 

АТГ-ын даргыг одоо дэд дарга нь орлож байгаа байх. 

АТГ-ын даргыг одоо дэд дарга нь орлож байгаа байх. Дарга нь эзгүй үед түүнийг нь түр орлон гүйцэтгэх байдлаар эрх хэмжээг нь эдлээд явж байгаа. Асуудал гарвал тэр хүн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр энэ чиглэлийн байгууллагын үйл ажиллагаа тасалдахгүй. Харин энэ байгууллагыг даргагүй удаан явуулах нь зохистой юу, үгүй юу. Даргагүй байлгах нь улс төрийн ашиг хонжоо байгаа юу. Эсвэл тодорхой гэмт хэрэг, мөрдөн шалгах үйл ажиллагаанд өртөж байгаа хүмүүсийн хувийн сонирхол байна уу, үгүй юу гэдэг тусдаа асуудал байх. 

-Хуулийн хугацааг нь хэтрүүлэн байж АТГ-ын даргыг томилохгүй байгаа нь цаанаа улс төрийн ашиг сонирхол байна уу?

-Би хэлж мэдэхгүй байна. УИХ дээр яагаад хэлэлцэхгүй байгаа гэдэгт эргэлзээ, хардалт байна. Гэхдээ энэ нь бодитой баримттай эсэхийг мэдэхгүй. Ямартай ч АТГ-ын даргыг томилох нь хэнд ашигтай, хэний  хүн байх вэ гэдэг дээр тодорхой бүлэг хэсэг хүмүүсийн хооронд маргаан байгаа учраас хэлэлцэгдэхгүй байна уу гэж харж байгаа. 

-АТГ-ын дарга өвчтэй, ээлжийн амралттай, гадаадад томилолттой байхад түүнийг дэд дарга нь орлоно гэсэн заалт байдаг. Харин чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг орлоно гэсэн хуулийн заалт бий юү? 

-Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар тийм боломж байгаа. Учир нь ямар ч нөхцөл байдал үүсч болно. Өмнө нь ч гэсэн ийм тохиолдол гарч байсан. 

Тухайлбал, АТГ-ын анхны дарга золгүй байдлаар таалал төгссөн. Тэр үед тодорхой зохицуулалтаар түр орлон гүйцэтгэх маягаар эрх мэдлийг нь хэн нэгэн этгээд хэрэгжүүлж байсан. Дараа нь АТГ-ын дарга буюу орлогч эрүүгийн хэрэгт татагдаад, баригдаад явж байсан. 

Тэр үед дахиад энэ байгууллага тасалдалгүй үйл ажиллагаа явуулахын тулд түүний дараагийн нэг даргыг түр орлон гүйцэтгэхээр тавиад явж байсан тохиолдол бий. АТГ-ын дарга, удирдлага байнга ийм тогтворгүй бөгөөд эргэлзээтэй солигдож байгаа гэдэг нь өөрөө авлигатай тэмцэх ямар эрсдэлтэй, аюултай үзэгдэл вэ. Мөн энэ байгууллагын үйл ажиллагааны өмнө ямар хэмжээний саад, бэрхшээл тогтдог. Нөгөө талаасаа улс төр болон өөр ямар нэг ашиг сонирхолд нөлөөлөл хэр хүчтэй байдгийг илэрхийлж байна. 

-Тэгвэл одоо гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг АТГ-ын дэд дарга олгоод явж байна гэж ойлгож болох уу?

-Тийм байгаа.