Даваадорж.Г 2016.05.23 | Сайт: Vip76.mn

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хууль

Уг хууль нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилготой.

Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулагч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах шатанд аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Хүнсний бүтээгдэхүүн, түүний түүхий эдэд хийх хяналт шалгалт эрсдэлд суурилсан байх ёстой.

Хүнсний чиглэлээр шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа үйлдвэрлэгч хяналтын байгууллагад бүртгүүлснээс 30 хоногийн дотор бүтээгдэхүүндээ хяналт шалгалт хийлгэнэ. Ингэхдээ мах, махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, нярай бага насны болон цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийнэ. Уламжлалт аргаар бэлтгэсэн сүү, цагаан идээнд энэ шалгалтыг хийхгүй.

Хүнс үйлдвэрлэгч ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол тэрхүү анхан шатандаа ХАА-н зохистой дадал хэвшүүлнэ. Харин хүнсний сүлжээнд үйл ажиллагаа явуулдаг бол эрүүл ахуйн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн шатанд ажилладаг бол үйлдвэрлэлийн зохистой дадлыг сахих ёстой.

... Хоол хүнснээс шалтгаалж өвчин гарсан, тухайн бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангаагүй, буруу шошголсон, хуурамч болох нь батлагдсан, олон улсын хэмжээнд сэрэмжлүүлсэн зэрэг тохиолдолд тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлээс татна ....

Хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, тээвэрлэх, түүнчлэн хүнсний сүлжээнд ашигладаг эд зүйлтэй харьцдаг ажилтнуудыг эрүүл ахуй, ариун цэврийн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамруулах үүргийг хүнсний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тухайн байгууллага хүлээнэ. Эрүүл мэндийн шаардлага хангаагүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлэх хориотой.

... Дотоод, гадаадад бүртгэгдээгүй, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан амьд организмаас гаргаж авсан, бүртгэлгүй хүнсний нэмэлт ашигласан тохиолдолд тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд аюултай гэж үзнэ ....

Хүнсний сав, баглаа, боодол дээр өмнө бичдэг байсан шошгоны мэдээллээс гадна хоолны тусгай дэглэмтэй хүнд зориулсан хүнсний зориулалт, найрлага болон хэрэглэх заавар, хагас боловсруулсан бол гүйцэд боловсруулах арга, хүнсний нэмэлт болон хувиргасан амьд организмын тэмдэглэгээ зэргийг бичсэн байх ёстой. Импортын хүнсний шошгоны мэдээллийг монгол, англи, орос хэлнээс бусад хэлээр бичих хориотой.