Төрийн гадаад бодлого нэг цонхоор хэрэгжих асуудал хуульчлагдана
2016.05.24

Төрийн гадаад бодлого нэг цонхоор хэрэгжих асуудал хуульчлагдана

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

-Гадаад харилцааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь УИХ-аар дэмжигдлээ. Энэ хууль бол манай гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгнйг салбарынхан онполж байгаа?

-Олон жил хүлээгдсэн чухал хууль учраас хаврын чуулганд багтаж батлагдах нь чухал байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2014 онд гадаад бодлогыг нэг цонхоор явуулах, гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан бөгөөд УИХ-д суудалтай намуудын төлөөлөл оролцож, Гадаад хэргийн Ажлын хэсгийн зүгээс гадаад харилцааны нэгдмэлбайдал төдийлөн хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, гадаад харилцаа нэгдмэл бодлогоор хэрэгждэг, шийдвэр гаргадаг механизм нь ойлгомжтой байх асуудлыг сайжруулах шаардлагатай. Үүний тулд нэн түрүүнд гадаад бодлогын суурь зарчим, хэрэгжилт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан хууль боловсруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд УИХ- ын гишүүн Г.Батхүү, Д.Дэмбэрэл, Н.Энхболд, Ж.Энхбаяр, С.Оюун болон миний бие Гадаад хэргийн яамтай хамтарч ажиллаад хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн.

-Хэдийгээр гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах ёстой гэдэг ч үүнийг хангах зохицуулалт тэр бүр тодорхойгүй явж ирснийг шүүмжилдэг?

-Гадаад харилцаа нэгдмэл байна гэдэг зарчмыг манай бодлогын суурь баримт бичгүүдэд тусгасан хэдий ч энэ зарчим яг яаж хэрэгжих процессыг зохицуулсан хууль байхгүй явж ирсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах талаар зөвлөмж гарч байсан. Мөн Засгийн газраас гаргасан хоёр, гурван тогтоол бий. Гэхдээ энэ нь өөрөө хууль биш учраас хэрэгжилт хангалтгүй байсаар ирсэн. Тиймээс хуулийн төсөлд энэ бүхнийг бодолцож, нарийн зохицуулсан.

-Хуулийн үзэл баримтлалыг товчхон танилцуулахгүй юу. Ер нь хууль батлагдсанаар ямар өөрчлөлт гарах вэ?

-Хуулийн төсөлд таван гол зүйлийг тусгасан. Юуны өмнө, гадаад бодлогын том асуудлуудаар зарчмын болоод бодлогын хувьд цаашид хэрхэн шийдвэр гаргахыгтусгасан. Өөрөөр хэлбэл, ямар институци санаачилж, хэрхэн хэлэлцэж, баталж байж гадаад бодлого болох механизмыг ойлгомжтой заасан. Түүнчлэн, гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь том гадаад бодлогодоо нийцсэн зорилго, зорилт, төлөвлөгөөний дагуу хэрэгжих боломжтой болж байна. Хууль батлагдсанаар төрийн бүх байгууллага оны нэгдүгээр хагаст багтаан дараа жилийнхээ гадаад арга хэмжээний төлөвлөгөөг боловсруудцаг болно.

Боловсруулсан төлөвлөгөөнд үндэслэн Сангийн яам гадаад арга хэмжээний төсвийг хянаж, түүнийг нь УИХ- аар баталдаг болно гэсэн үг. Ингэж төсвөөр нь хязаарласнаар, цаашид албан тушаалтнууд төлөвлөгөөгүй гадаад арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй болж, гадаад арга хэмжээ эмх цэгцтэй болно. Төсвийн мөнгөөр гадаадад ач холбогдолгүй зугаалдаг асуудал хязгаарлагдана. Товчхондоо, гадаад харилцаа илүү үр дүнтэй болох юм. Одоо яамд өөрсдийн хариуцсан салбаруудаа хөгжүүлээд явж байгаа. Өнөөдөр төрийн байгууллага, яамд гадаад харилцааны асуудал дээр байр суурь нь зөрүүтэй байх, үүнээсээ болоод гадныхны өмнө эвгүй байдалд орох нь бий. Тиймээс энэ хуулийн төсөлд төрийн байгууллагуудын гадаад харилцаатай холбоотой дүрэм, журмыг салбар салбарт нь боловсруулж, нэгдмэл байдлаар Гадаад хэргийн яамаар хянуулж, батлуулж байхаар тусгасан.

Өнөөдөр нэгдмэл байдлыг хариуцсан бүтэц байхгүй. Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид гадаад арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, холбогдох зочид төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаа салбарын яаманд тайлагнах чиглэл өгсөн байдаг.

Энэ дагуу Гадаад хэргийн яаманд тайлагнадаг ч тэнд нь үр дүнтэй бүтэц, нөөц бололцоо дутагдалтай байдаг тул зохицуулалт хангалтгай байж чаддаггүй. Тиймээс цаашид Гадаад хэргийн яаманд дээр гадаад харилцааны нэгдмэл байдлыг уялдуулах бүтэц шаардлагатай гэдгийг хуульд заасан. Мөн бусад салбарт ажиллаж буй гадаад харилцааны ажилтнуудыг нэгдмэл байдлаар сургалтад хамруулдаг болно. Ингэснээр дүрэм, журмуудаас эхлээд ойлголт нь хүртэл нэгдмэл болох юм. Ингэж байж нэгдмэл байдал бодитойгоор хангагдна гэж үзэж байгаа.

-Тэгэхээр Гадаад хэргийн яамны хариуцах ажил илүү их болох талтай юм биш үү?

- Гадаад хэргийн яам өнөөдөр ч гэсэн энэ ажлыг хийгээд явж байгаа. Гэтэл процессын зохицуулалт дутагдалтай учир салбарын яам хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд арга хэрэгсэл дутагддаг гэж болно. Харин энэ хуулиар Гадаад хэргийн яамыг ажлаа үр дүнтэй гүйцэтгэхэд нь дэм болж, зохицуулалтыг нь ойлгомжтой болгох механизм бий болж байгаа. Түүнээс шинэ чиг үүрэг эсвэл эрх мэдэл хариуцуулах гэж байгаа асуудал биш.

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, Герман зэрэг улсын туршлагаас судалсан гэсэн. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах олон улсын жишиг ямар байдаг юм бол?

-Нэлээд олон орны туршлага судалсан. Олон улсын жишгээс үзвэл нэгдмэл байдлыг уялдуулдаг хоёр гол  механизм байна. Эхнийх нь, гадаад хэргийн яам өөрөө бие даасан сайн бүтэцтэй байх. Ингээд бүтэц, соёл хоёроороо дамжуулаад тусгайлсан хууль байхгүй ч хэдэн зуун жил зохицуулж ирсэн түүхтэй орнууд бий. Сүүлийн үед шилжилт хийсэн зарим орны гадаад хэргийн яамны соёл, бүтэц нь өөрчлөгдсөн.

Тиймээс шинээр харилцааг бүрэлдүүлэхийн тулд гадаад харилцааны асуудлыг нарийн зохицуулсан акт гаргасан орнууд олон байна. ОХУ гэхэд хуультай дүйцэхүйц хэмжээний хүчин чадалтай Ерөнхийлөгчийн зарлиг бий. Харин бусад орон гадаад харилцааны нэгдмэл бодлогыг хэрхэн уялдуулахыг зааж өгсөн хуультай. Одоо байгаа хуулиар гадаад харилцаанд оролцогч талуудын хариуцах ажил үүргийг заасан ч энэ нь хоорондоо уялдаагүй байсныг нь процессын хувьд зохицуулсан. Энэ бол цэвэр процессын хууль.

-Мэдээж гадаад харил- цааны салбарт үгүйлэгдэж байгаа хууль мөн. Гэхдээ цаг хугацааны хувьд батлагдахгүй байх магадлал өндөр болчихлоо шүү дээ?

-Амжих шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ УИХ-ын хуралдаж байгаа уур амьсгал, нөхцөл байдал тун төвөгтэй харагдаж байна. Сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хууль өөрчлөгдсөн нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна.

-Энэ парламентын хугацаа дуусаж байна. Үр дүнтэй ажилласан эсэхийг удахгүй сонгогчид дүгнэнэ. Гишүүний хувьд энэ удаагийн парламент хүч, боломжоо хэр шавхаж ажилласан гэж бодож байна?

-Мэдээж энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ- аас чухал шийдвэрүүд гарсан. Эдийн засгийн урт хугацааны хөгжилтэй холбоотой Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай, Өршөөлийн тухай хуулиудыг хэлж болно. Мөн нийгмийн салбартай холбоотой Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зэрэг хүмүүсийн амьдралд хэрэгтэй олон хуулийг баталсан.

Нөгөө талдаа олон зүйлийг амжуулах байсан боломжуудаа төдийлөн шавхаж чадсангүй гэж харж байгаа. Сандал суудлын  маргаанаар маш их цаг алдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадсан бол дараагийн парламентын дөрвөн жилээс улс орны нөхцөл , байдалд эерэг нөлөөлөл  авчирах байсан гэж бодож  байна. Харамсалтай  нь хийж чадсангүй. Төрийн албаны тухай хууль батлагдах эсэх нь '' тодорхойгүй болчихлоо.

Үндсэн хуулийн өөрчлөлт,  Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй батлах ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэвч бүгд гацаанд орсон. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай  хууль өөрчлөгдлөө. Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүслээ. Улс төрийннөхцөл байдал тогтворгүй , байгаагаас болж бодитой, асуудлуудаа шийдэж чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна. Үлдсэн хугацаанд зайлшгүй батлах шаардлагатай Төрийн  албаны тухай хууль, Гадаад харилцааны тухай хуулийг цаашид яах нь тодорхойгүй байна. Миний хувьд бие дааж цаг зарж мөн бусад гишүүний дэмжлэгтэйгээр хамтран Монгол хэлний тухай хуулийг батлуулсандаа баяртай байгаа. Төрийн албаны , тухай хууль, Улс төрийн  намын тухай хуулийн гол суурь тавигдсан. Дараагийн дөрвөн жилд батлагдах болов уу гэсэн  хүлээлтгэй байна. Мэдээж  хийж бүтээсэн ажил байгаа. Амжуулж чадаагүй ажлууд ч бий.