Төсөв зангидагч
2016.05.25

Төсөв зангидагч

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат­ад бодож бодож олсон тодорхойлолт маань энэ.

Монгол Улсын төсвийг захиран зарцуулж явсан үе түүнд бий.  Тодруулбал, Ч.Сайханбилэгийн буюу  Шийдлийн Засгийн газар дөнгөж байгуулагдахад тэрбээр Сангийн сайдаар томилогдон  ажилласан билээ. Хугацааны хувьд зарим хүнд найман сар гэдэг зүүрмэглээд сэрэхтэй адил  богино мэт санагдаж болох ч  сайдынхаа хувьд Ж.Эрдэнэбат зарлага нь орлогоосоо хэд дахин давж, нэгдсэн төсвийн  алдагдал нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байсан Монгол Улсын төсвийг нэгтгэн зангидаж чадсан гавьяатай нэгэн. 

Тэгээд ч түүний үндсэн мэргэжил эдийн засагч. Бүр нарийвчлах аваас зах зээлийн эдийн засагч. Нөгөөтэйгүүр,  Ж.Эрдэнэбат түмэнд танигдсан улстөрч. Сэлэнгэчүүдийн төрд илгээсэн түшээ нь. Үнэн хэрэгтээ түмэнд танигдана, түмнээр хүрээлүүлнэ гэдэг хэн хүний өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлэн загварыг нь гаргаж нарсан ойн төгөлд сүндэрлүүлдэг зуслангийн байшин биш, орд харш ч биш.   Хичээл зүтгэл, хөдөлмөр, түмэн олноо гэсэн чин сэтгэлийн илэрхийллийн үр дүнд буй болдог хүндлэл хайрын дээж юм. Ж.Эрдэнэбат бол Сэлэнгэ аймгийн Мандал сум, олны нэрлэж заншсанаар Зүүнхараа хотын  хүүхэд. Ноён уулын ар бэлийг ороон урсах Хараа гол, түүнээс салбарлан мяралзах Тултын тохой бол түүний өндөр дээд эцэг өвгөдийнх нь өлгий нутаг билээ. Үргэлжилсэн үгийн нэрт  зохиолч Д.Наваансүрэн агсны  алдарт “Минжий хангай” романы гол баатар “улаан” Дамаа энэ хоёр нэг голын хүүхдүүд.  

Түүний  өвөг эцэг н.Билээ нь  ч түүхт хүн. Чингис хааны алтан ургийн сүүлчийн ноён, Монголын түүхэнд Баатар ван гэж  тэмдэглэгдэн үлдсэн, нутаг усныхан нь “Жаал ноён” хэмээн авгайлах  Наваан-Юндэнгийн  бичгийн хүн нь байсан гэхээр Ж.Эрдэнэбатын тухайд Сэлэнгийн ард түмний хүндлэлийг хүлээх шалтгаан олон буй. Дашрамд өгүүлэхэд, төрийн их бичгийн хүний хөрөг зураг эдүгээ Монгол Улсын музейн сан хөмрөгт “Сайхан монгол өвгөн” нэртэйгээр хадгалагддаг. Түүний эцэг  Г. Жаргалтулга агсан ч нутаг хошуундаа хүндтэй нэгэн явсныг нь Мандалынхан мэднэ. 

 Дашрамд өгүүлэхэд, Эрдэнэбат гишүүний  өвөг дээдэс гурван үеэрээ  тосгоныхоо сургуулийг удирдаж ажилласан байдаг 

Хараа голын урдхантай орших Хэрх тосгоны арван жилийн сургуулийн захирлаар олон жил ажилласан энэ буурай хуучин тогтолцооны үед боловсролын  салбар, тэр дундаа газар тариалан хөгжсөн сумын сургууль эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогсох учиртай хэмээн үзэж, сургуулийнхаа дэргэд нарийн ногооны туршилтын талбай бүхий хөдөлмөр амралтын зуслан, жижиг аж ахуй байгуулсан нь БНМАУ-ын хэмжээнд анхдагч  болж, туршлага судлах гэсэн хот, хөдөөгийн багш нар Хэрх тосгоныг зорин ирж байсан түүхтэй. Дашрамд өгүүлэхэд, Эрдэнэбат гишүүний  өвөг дээдэс гурван үеэрээ  тосгоныхоо сургуулийг удирдаж ажилласан байдаг бол эмэг эх Хандсүрэн  нь Сэлэнгэ аймагт кирилл үсэг заасан анхны бага ангийн багш  гэхээр эднийхэн цөмөөрөө  эрдмийн их өргөөний эзэд явсныг  энд онцлон дурьдах ёстой болов уу. Ийм л удам судар бүхий айлын гал голомтод өсч торнисон Ж.Эрдэнэбатын хувьд шаггүй  хүү явсан нь дамжиггүй.  

Ямар ажилгүйдээ л 15-хан настайдаа зуныхаа амралтаар тавдугаар ангийн дүүгийн хамт байшингийнхаа суурийг цутгачихав гэж. Хэн ч ах дүү хоёрт зааж зөвлөөгүй гэдэг.  Өглөө  бүхнээс түрүүлэн босч үхэр тугал, гахай, шувууныхаа ажлыг эмхлүүлчихээд хичээлдээ явах,  өдөр нь  гэрээ цэвэрлэх, мод түлээгээ бэлдэх, хоол хийх  гээд гэрийн  хар бор бүхий л  ажил түүнээс хамааралтай. Хажуугаар нь дугуйлан секцдээ явж, сургуулиас зохиогдох арга хэмжээнүүд,  урлаг, соёл, спортын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжина.  Энэ бүхнийг дурьдахын учир  эрхэм УИХ-ын гишүүн маань хүүхэд байхын хөдөлмөрлөх, хийж бүтээхийн сайхныг бие сэтгэлээрээ мэдэрсэн гэдгийг тодотгох гэсэн миний санаа.

Ж.Эрдэнэбат аавынхаа хэлсэн үгээс хэзээ ч гажиж байгаагүй нэгэн. Ерөнхий боловсролын төгсөх ангид орсон жил нь “Миний хүү эдийн засагч  болбол яасан юм.  Монгол Улс зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүйгээр шилжих нь тодорхой боллоо.   

Ийм цаг үед эдийн засагч хүн л  гэр бүлээ, улс орноо чиглүүлэх байх гэж аав нь бодож байна” хэмээн зөвлөсөн нь эдүгээ алдаа болоогүйг уншигч та хэдийнэ анзаарсан буй за. Дээд сургуулийн  төгсөх дамжааны   оюутан байхад нь  Нефть концерний Санхүүгийн албаны дарга нь ирээдүйтэй санхүүч дадлага хийж буйг анзааран  байгууллагадаа ирж ажиллах хүсэлт тавьсан ч тэрбээр ажлынхаа гарааг  гэр бүлийнхээ компаниас эхлэх нь илүү олон зүйлийг сурч мэдэхэд  дэм болно гэж үзээд,  газар тариалан, мал аж ахуйн  салбарт  залуу нас, мэдлэг боловсролоо зориулсан байдаг. Харин аав нь хүүгээ төрд хүчээ өгөх цаг нь болсон хэмээгээд  1997 онд  Сэлэнгэ аймгийн  Санхүүгийн хянан шалгах хороонд шалгалт өгөхийг санал болгосноор түүний  Монголын төрд сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулахын эхлэл тавигдсан юм. 

Та бүхэн надад итгэл хүлээлгэж байгаа бол би чадахын төлөө зүтгэнэ

Уншигч та дээр өгүүлснийг уншиж суух зуураа “Энэ нөхөр чинь аавынхаа заасан замаар л  яваа хүн юм байна шүү дээ” хэмээн бүү үл тоогоорой.  Чухамдаа сайн эцэг хүүгийнхээ хэн болохыг  хөлд ороход нь олж хардаг жишгээр Г.Жаргалтулга агсан хүүгээ “тооны хүн” гэдгийг нь мэдэрсэн учраас алсаас чиглүүлж  байсан хэрэг л дээ.  Гэхдээ мань хүн эцгийнхээ  чиглүүлж өгсөн замаар өгсөхдөө өөрийн  жимийг тодоос тод гаргасан учраас л өдий дайны яваа гэдгийг нь ч тодотгож өгөх  нь сэтгүүлчийн үүрэг. Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандахын үр дүнг гуравхан жилийн дараа харлаа. Шинээр томилогдсон Засаг дарга асан Р.Нямсүрэн 25 настай, залуу эдийн засагчид итгэл хүлээлгэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн албаны даргаар томилох нь тэр.  Итгэж ядсан ч тэрбээр залуу хүний зориг зүрхээр “Та бүхэн надад итгэл хүлээлгэж байгаа бол би чадахын төлөө зүтгэнэ” гэх  хэдхэн үгээр өөрийгөө тодорхойлсон нь бий. Үнэхээр тэр чадсан, хэлсэн амандаа ч хүрсэн билээ. 

Тухайн үед  Сэлэнгэ аймаг байтугай  шинэ цагийн Монгол Улсын эдийн засаг  өнөөдрийнх шиг хямралтай байсныг уншигч та санаж байгаа нь лавтай. Тодруулбал, 2000 он. Өвлийн хүйтэн хаяанд ирчихсэн байхад, Сэлэнгэ аймаг гэх их айл гаднаа ганц ч хүрз нүүрсгүй, төрийн албан хаагчид нь дөрвөн сар цалингийн бараа хараагүй гээд тоочвол  бүх зүйл нь шалдаа буусан байлаа. Шинэ Засаг дарга, залуу санхүүч хоёр юун түрүүнд халаасандаа мөнгөтэй болохыг чухалчилж, мөнгө олох даалгавар Ж.Эрдэнэбат дээр буулаа. Ажил үүрэг нь ч тийм юм хойно ухрах зам үгүй. Ингээд л санхүүгийн шинэхэн дарга Сангийн сайдтай уулзахаар мордох  зуураа Мандал суманд үйл ажиллагаагаа явуулдаг Спирт бал бурмын үйлдвэрээр дайран захиралтай нь уулзаж, улсад тушаахаар зэхэж  байсан татварын мөнгөө түр  хүлээж байхыг хүсээд нийслэлийг зорив. 

Тухайн үед  Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан түүнийг хүлээн авч уулзахдаа “Мөнгөгүй таг суусан нь ганц танай аймаг бус. Улсын хэмжээнд нөхцөл байдал адилхан байна. Юутай ч мэргэжилтнүүдтэй уулз” гэлээ.

Сайдын үг  өнөө хонгилын үзүүр дэх  гэрэл гэдэгтэй яг адил сонсогдож, эр хүнийхээ 13 мэхийг хийлээ.

Энэ нь заль мэх хэрэглэсэн, өнөө цагийн хэллэгээр авлига өгсөн гэсэн үг биш юм. Хүн хоорондын харьцаа юуг ч бүтээж чаддагийн жишээг тэр харуулж, 500 сая төгрөгийг аймгийнхаа данс руу хийлгэчихээд нүүр бардам, сэтгэл өндөр нутаг буцав.  

Аймгийн санхүү албаны даргаар найман жил ажиллах хугацаандаа  мэддэг, чаддаг бүхнээ нутгийн зон олондоо харуулж, тэр хэрээр итгэлийг нь олж чадсан учраас түүнийг  Залуучуудын холбооны тэргүүнээр баталсан төдийгүй 2008-2012 онд сэлэнгэчүүд санал нэгтэйгээр Засаг даргаараа  сонгож, хувь заяагаа даатгажээ. Ер нь тэрбээр азтай аавын хүү. 

Өөрийнх нь сэтгэл цагаан, үйлс нь өөдрөг учраас санасан, зорьсон бүхэн нь сэтгэчлэн бүтдэг байх л даа. Туулсан замналыг нь хараад ингэж дүгнэсэн хэрэг. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажилласан он жилүүдэд Сэлэнгэ аймаг улсад ажил үйлсээрээ жил дараалан шалгараад зогсохгүй “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлсэн тул  Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд Сүхбаатарын одонтой аймаг хэд билээ дээ.  Миний мэдэхийн ганцхан  Сэлэнгэ  шүү дээ.  Үнэндээ түүнийг ажил хүлээж авахад сэлэнгэчүүд эргэлтийн талбайнхаа дөнгөж 30 хувьд нь үр тариалдаг байсан бол дөрвөн жилийн дараа буюу УИХ-д сэлэнгэчүүдээ төлөөлөн суухаар мордоход дээрх үзүүлэлт 100 хувьд хүрсэн байх жишээтэй. Засаг даргаар ажилласан хугацаанд  сэлэнгэчүүд  халтар нүүрээ зад угаасан хүүхэд шиг л аймгийнхаа  төвийг өөд татаж хөгжүүлсэн гэж хэлж болно. 



Бүхий л гудамж, талбайгаа гэрэлтүүлэгтэй болгож, хотын доторхи  дэд бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдэж чадсан төдийгүй ажлын байрыг 25 хувиар нэмэгдүүлсэн, эрүүл мэнд, боловсролын салбарын ажил байдалд онцгой анхаарсан, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж чадсан, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүүгүй зээл олгон тэднийг бүхий л талаар дэмжсэн юм.  Засаг даргын  оюун бодлоо зориулсан бүхний үр дүнд бий болсон амжилтыг энд өгүүлэх аваас сонины бүтэн дугаарын зай талбай ч багадна.  Ингэж л тэрбээр өөрийн  гаргасан жим нь  тодоос тод зурайхын эхлэлийг төрж өссөн нутгаасаа тавьсан юм. Ж.Эрдэнэбат  төр түшилцсэн жилүүдэд ч хэн болохоо сонгогч олондоо бататган таниулсан  төдийгүй ямархан улстөрч гэдгээ ч  санаачилсан хуулийн төсөл, ажлын хэсэгт орж ажилласан байдал зэргээрээ  түмэнд  харуулж чадсан.  Тийм учраас МАН түүнийг шинээр байгуулагдсан Засгийн газарт Сангийн сайдын албыг хашуулахаар тохоон томилсон биз ээ. Ж.Эрдэнэбат гишүүнээс “Таныг ажил авсан үеийг би санаж байна. 

“Би юутай ч төрийн албан хаагчдыг цомхотголд оруулахгүй гэсэн байр сууриас ажилдаа хандсан

Улсын халаас хоосон, дээр нь шинэ оны төсвийн төсөөллийг УИХ-д өргөн мэдүүлэх гээд бүх зүйл давхацсан өдрүүд таарч билээ.  Мөн  Монгол Улсын  эдийн засаг ямар ч чадавхигүй болсон талаар мэдээлсний дараа  нийгэм  цухалдаад л маш хэцүү нөхцөл байдал үүсч билээ. Ийм яамыг хүлээж авах мөчид юу бодогдож байсан бэ” хэмээн хэрэгт дурлахад “Би юутай ч төрийн албан хаагчдыг цомхотголд оруулахгүй гэсэн байр сууриас ажилдаа хандсан. 

Тухайн үед төрийн албанд 180 мянган хүн ажиллаж байсан нь өмнөх үеэс 60 мянгаар илүү байсан юм. Тэднийг цомхотголд оруул гэх саналыг олон хүн хэлж байв. Нэгхэн өдрийн дотор 60 мянган хүн ажлын байргүй болно гэдэг тэр хэрээр улсын эдийн засаг сүйрнэ биз дээ. Тиймээс зөвхөн төр, захиргааны албан хаагчдын хэмжээнд цомхотгол явуулсны дээр хэмнэж болох бүхий л зардлыг төсөвлөхгүй байхыг үүрэг болгосон байдаг. Түүнчлэн 2015 оны төсвийн тодотголыг  УИХ-д өргөн барихад зарим гишүүн улсын  эдийн засаг хүндэрсэн байгааг мэдэх ч үгүй, ойлголт ч үгүй байсан. 

Тэгээд  Ерөнхий сайд дээр орж,  эдийн засгийн байдлыг Үндэсний аюулгүйн зөвлөлд танилцуулах хэмжээнд хүрснийг дуулган, зөвлөлийг хуралдуулж өгөх хүсэлт тавьсан.  Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд намын дарга нар, байнгын хороодын дарга нарыг  байлцуулан нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн. Ингэж танилцуулсны үр дүнд 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл Сангийн яамны хувилбараар батлагдсан.

Сангийн сайдаар ажиллах хугацаандаа дотоод бондын асуудлыг гаргаж тавьсан.

Хүү нь 15.7 хувь. Энд тэмдэглэхэд, Монгол Улс маш олон янз бүрийн төсөвтэй явж ирсэн байдаг.Монгол Улсын төсвөөс гадна Хөгжлийн банк, Монголбанк улсын  төсөвтэй ижил төстэй  үйл ажиллагаа явуулах жишээтэй. Энэ бүхнийг нэгтгэхийн төлөө ажилласан.  

Дашрамд өгүүлэхэд, энэ хугацаанд надад нэг зүйл ажиглагдсан. Сайдаар томилогдсоны маргаашаас дэлхийн хэмжээнд санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, үнэлэлт, дүгнэлт өгдөг олон улсын байгууллагууд уулзах хүсэлтээ тавьж эхэлсэн. Тухайн үед надад  танилцах  уулзалт л биз хэмээн бодогдож байлаа. Гэтэл байдал тэс өөр,  Сангийн яам дээр зээл тусламжийн бодлого ирлээ. Бид Сангийн яамтай хамтарч ажиллахад бэлэн байна. 

Бидний Монгол Улстай найрсгаар харилцдаг байсан хуучны харилцаа сэргэнэ гэдэгт итгэл төгс байна. Та бидэнтэй хамтарч ажиллана биз дээ” гэцгээсэн.  Үүнд дүгнэлт хийхэд тухайн үед харилцаа жаахан хөндийрсөн байсан байх. Тэгээд би хэлсэн. “Монгол Улс  дэлхийн нэг орон. Тиймээс  дэлхийн санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллана. Үүнд санаа зовох зүйлгүй” хэмээсэн.  Юутай ч тэрбээр жилд 500-600 тэрбум төгрөгийн бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөх гээгүй. Ердөө 74 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Энэ нь тэр хэрээр төсвийн алдагдлыг   бууруулахын эхлэлийг тавьж чадсан билээ. Харин  эрхэм гишүүний уулзалтын төгсгөлд онцолсон   “Улс орон  минь хөгжилтэй бол иргэдийн амьдрал ч гэрэл гэгээтэй байх болно” гэсэн үгээр энэхүү хөргөө жаргаая. Ийм хүнд итгэл сэтгэлээ өгдөг сэлэнгэчүүд ухаантай юм гээч. Та бүхэнд амжилт хүсье.