Хамгийн том “кайф” бол мэдээж үр дүн
2016.05.25

Хамгийн том “кайф” бол мэдээж үр дүн

“Хүүхдээ ямар хүн болгох вэ”, “Ямар мэргэжил тохирох вэ”, “Энэ нийгэмд хамгийн эрэлттэй, ирээдүйтэй нь аль нь вэ” гэсэн асуулт олон хүнд тулгардаг. Тэгвэл бид мэргэжлийнхээ эзэн болж, амжштын гараас атгасан “үнэт” хүмүүсийн үгсийг иувралаар хүргэхээр боллоо. Энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин.

-Та хуульч мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?

-Би зураг зурах сонирхолтой, техник сэтгэлгээ сайтай, гарын дүйтэй байсан. Тийм ч учраас ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө архитекторч болно гэсэн хатуу бодолтой, тэр чиглэлээр сургуулиа сонгосон.

Хүмүүсийг гэр бүлээрээ ая тухтай, аз жаргалтай амьдрах, ажил бизнесээ амжилттай явуулахад нь туслах мөрөөдөлтэй байлаа. Дараа нь хүнийг эрх чөлөөтэй, айх аюулгүй, хүсэл мөрөөдөлтэй байлгаж, нүдэнд харагдаж байгаа тэр байшинг баталгаатай өмч, гэр доторх аз жаргалыг нь бат бөх болгож өгдөг нүдэнд харагддаггүй “шударга ёсны байшин” болъё гэж шийдсэн, тэр байшинг зурдаг, зохион бүтээдэг хүнийг хуульч гэдэг юм байна гэдгийг мэдсэн. Энэ шинэ мэдлэг маань намайг мөрөөдлөө өөрчилж, нүдэнд үл үзэгдэх тэр байшингийн архитекторч болох “хуульч” гэдэг мэргэжлийг сонгоход хүргэсэн дээ.

-Мэргэжлээрээ бахархах үе хүнд олон бий. Таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Хуульч мэргэжилд сэтгэл хөдлөлөөс илүү эрүүл оюун ухаан чухал байдаг. Хуульчийн ажил амьдралыг гоёчилж харахаас илүүтэй асуудлыг бодитой, байгаагаар нь харж, зөв дүгнэлт хийдэг, алсын хараатай шийдэл хайдаг, мэргэжлийн ёс зүй, хуулийн зарчим, шинжлэх ухааны мэдлэг үнэнч байхыг шаарддаг хариуцлага өндөртэй ажил. Тиймээс нийгэмдээ гологдохгүйн тулд өөрийгөө байнга хөгжүүлэх, хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд өөртөө өндөр шаардлага тавих, сорилт бэрхшээлийг даван туулахын тулд зориг тэвчээртэй байх болдог. Маш их зөрчилдөөн дундуур сайн, муу үгээр хэрчүүлж явсаар эцэст нь хүрэх ёстой цэгтээ хүрдэг. Миний хувьд түрүүнд хэлсэн шударга ёсны тогтолцоог бий болгох явдал. Хамгийн том “кайф” бол мэдээж үр дүн шүү дээ.

-Та мэргэжлийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Хуульч мэргэжил ирээдүйд улам их эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй болно. Жишээ нь парламент дээр харахад хуульчдын бүхэл бүтэн үе солигдож байна шүү дээ. Шинэ үеийн хуульчид өөрсдийн амьдрах шинэ нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ хуулиудыг бичиж эхэлнэ. Тэр хуулийг хөрсөн дээр нь буулгаж, амьдрал дээр хэрэгжүүлэхэд дахиад хуульчид хэрэгтэй. Тиймээс ойрын арав, хорин жилд хуульч мэргэжил хамгийн их эрэлттэй, үнэ цэнэтэй мэргэжил хэвээр байх болно. Гэхдээ дэлхийн бусад орны түвшинд хүрсэн, тэдний сайн туршлагаас суралцсан, өөрийн улс орны онцлогтой харьцуулж судалсан тийм л хуульч, судлаачид Монголд хэрэгтэй. Хэрвээ “Х.Тэмүүжин гэдэг хүн хуульчийнхаа хувьд ирээдүйд хэн байхыг хүсдэг вэ?” гэж асууж байгаа бол маш олон оюутнууд, судлаач багш нараар хүрээлүүлсэн “ өвгөн профессор байхыг хүсдэг. Мэдлэг хэзээ ч тэтгэвэрт гардаггүй гэдэг шүү дээ.