Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо батлав
2016.05.27

Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо батлав

Төр, компаниуд, шинжлэх ухааны байгууллагууд үр дүнтэй хамтран ажиллаж, орчин үеийн техник, технологиор бүтээгдсэн өндөр бүтээмж, өрсөлдөх чадвартай экспортын болон импортыг орлох чадвартай бараа, үйлчилгээг үйлдвэрлэх замаар эдийн засгийн бие даасан, аюулгүй байдлыг хангаснаар Монгол Улсын тэргүүлэх салбар болох аж үйлдвэрийн салбар хөгжинэ гэж тус бодлогын баримт бичигт тодорхойлжээ.

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого 2015-2030 оны хооронд гурван үе шаттай хэрэгжинэ. 2015-2020 онд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулдаг болохоос гадна гадаадын дэвшилтэт техник, технологиудыг нутагшуулах байдлаар экспортыг  дэмжсэн, импортыг орлосон аж үйлдвэрийн баазыг бүрдүүлэх чиглэл барина.

2020-2025 он буюу 2 дугаар үе шатанд экспортод түшиглэсэн, өндөр техник, технологи, машин, тоног төхөөрөмжөөр хангагдсан аж үйлдвэрийн бүтэц эдийн засагт бүрэлдэхээс химийн үйлдвэрлэлийг хөгжих суурь тавигдсан байх ёстой. Гуравдугаар үе шатанд мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээ болон технологийн экспортыг хөхүүлэн дэмжинэ.

Бодлогыг хэрэгжүүлэхийн тулд дунд хугацааны стратеги хөтөлбөрийг таван жилээр баталж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

... Бодлогын нийт 8 зорилт дэвшүүлжээ. Юун түрүүнд аж үйлдвэр амжилттай хөгжих эрх зүйн таатай орчин бүрдэх ёстой. Ингэснээр улсын хүн амын нутагшил, экосистем, түүхий эдийн тархац, дэд бүтцийн бодлогын онцлогтой уялдуулан Монгол Улсад үйлдвэрлэлийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ ....

Түүнчлэн аж үйдвэрт ямар үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх вэ гэдгийг тодорхойлно. Ингэхдээ чөлөөт бүс, кластер, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр ложистикийн сүлжээ байгуулах замаар хөгжүүлэх нь хамгийн оновчтой гэж үзсэн байна.

Түүнчлэн төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагуудын нэг нэгнээ дэмжсэн хамтын ажиллагааны хүчээр орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, боловсруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлд инноваци, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлнэ.

Эдүгээ Монгол Улсад ус, агаар шиг хэрэгтэй байгаа үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх нь энэ бодлогын бас нэгэн том зорилт болж байна.