Баттулга.Х Ганбат.Д 2016.05.30 | Сонин: Ардчилал

Хонгор нутгийнхан өөдрөг сэтгэл, өрнүүн ажилтай байна

Хонгор нутгийнхан өөдрөг сэтгэл, өрнүүн ажилтай байна

Зуны эхэн сар шувтрах дөхсөн ч газар гандуу, халцгай цагаанаараа байгаа нь зуншлага оройтож буйг илтгэнэ.

Хотоос гарав уу үгүй юу өвсний соргогийг хөөн оторлон нүүдэллэх малчин өрх цөөнгүй таарна. Баянхонгор аймгийн хөгжил цэцэглэлт, хүн зоны ахуй амьдрал, бүтээн байгуулалттай танилцахаар хотоос гарсан бид зам зуур малчин ардын үгийг сонсч явахад “Бороо хур муутай, газар гандуу, ган болж мэдэхээр байна” гэх нь олон. Улсын хэмжээнд мал төллөлт, уринш бэлтгэх ажил цэгцэрсэн ч бороо хур муу байгаа нь  малчид, тариаланчдыг борви бохисхийлгүй ажиллахыг сануулах  аястай. Төв, Өвөрхангай, Булган аймгаар дайрч Баянхонгорыг зорин явахад мал өөдтэй тэнхэрч амжаагүй нь харагдаж байв. Ямартай ч зуны дунд сар гарах дөхсөн үед зуншлага тааруу байгааг малчин түмэн хэлж байлаа. 

Гэвч цаг агаар, хур тунадасаас үл хамаарах бүтээн байгуулалт Хонгор нутагт өрнөсөөр байна. Өнгөрсөн гурван жилд Баянхонгор аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурав дахин нэмэгдсэн нь үүнийг гэрчлэх үзүүлэлт болов уу.

2011 онд аймгийн ДНБ 113.4 тэрбум төгрөг байсан бол 2014 онд 331.5 тэрбум болжээ.

Түүнчлэн, аймгийн мал сүргийн тоо 3.7 саяд хүрсэн нь бэлчээр ашиглалтыг сайжруулахаар 219 мянган га бэлчээр усжуулж, 240 мянган га-д хортон мэрэгчтэй тэмцэх ажил өрнүүлсэнтэй холбоотой аж. “Ган, зуд боллоо” хэмээн гар хумхин суугаагүй хонгорчууд нийт хүнсний ногооны хэрэгцээгээ 70 хувьтай хангадаг болсон гээд Хонгор нутгийн хөгжил цэцэглэлт жилээс жил өссөөр байна.

Н.Түвшинбаяр: Ажил, амьдрал, амжилт бүхэн минь 
хонгор нутагтай холбоотой


Манай сурвалжлах багийг Хонгор нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай танилцахаар очих үеэр аймгийн Ардчилсан намын хорооны хуралдаан болж, 2016 оны УИХ-ын сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулсан юм. 100 гаруй гишүүн оролцсон уг хурлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар 2016 оны УИХ-ын сонгуульд Хонгор нутгаас дэвшихээр болж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга хурлын үеэр хэлсэн үгэндээ “Дүрэм ёсоор аймаг, дүүргүүд нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ. 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас Ганбат бид хоёрын хамт олимпын аварга Түвшинбаяр маань нэр дэвшлээ. Олимпын аваргыг маань Булган аймгаас нэр дэвшинэ гэх яриа гараад байсан ч Түвшинбаяр бол “Монголын” гэх тодотголтой хүн. Тиймдээ ч хорооны хурлаар 100 хувь дэмжиж, урам өглөө” гэв. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Баянхонгор аймгийн Ардчилсан намынхан биднийг санал нэгтэйгээр дэмжлээ. Бид аливаа ажлыг багаараа хийдэг. Тиймдээ ч багаар ажиллаж амжилт, ялалтаа бататгах болно” гэсэн бол Н.Түвшинбаяр “Хонгор нутгийнхан үнэхээр өриймсөг хүлээж авлаа. Ажил, амьдрал, амжилт бүхэн минь хонгор нутагтай холбоотой байдаг. Түүнчлэн, “Баянхонгорын бага олимп”-оос олимпын дэвжээнд одтой сайхан зодоглосон болохоор миний хувьд бэлгэшээж байгаа. Баянхонгорчууддаа баярлалаа, хоёр олимпод найдварыг тань даасан шигээ одоо ч хүлээлгэсэн итгэлийг чинь алдахгүй ээ” гэв.

5.6 км зам өргөтгөж, 10 км автозам шинээр ашиглалтад оруулав

Баянхонгор аймгийн хэмжээнд 1941-2012 оны хооронд буюу 71 жилийн хугацаанд аймгийн төвд хатуу хучилттай 14.7 км автозамын ажил хийгдсэн бол сүүлийн гурван жилд дээрх замын 5.6 км-ыг нь өргөтгөн шинэчилжээ. Зам засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд үер, гадаргын ус зайлуулах системийг цогцоор шийдсэн бөгөөд мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн арын уулзвар, “Есөн-Эрдэнэ” худалдааны төв, төв замын уулзварт гэрлэн дохио, явган хүний замын ажил хийж гүйцэтгэжээ.

Түүнчлэн, аймгийн төвийн гэр хорооллын дундуур 10 км хатуу хучилттай автозам шинээр тавьсан нь тоосжилтыг бууруулж, гэр хорооллын иргэдийг ая тухтай амьдрах нөхцөлөөр хангажээ.

Зам дагаж хөгжил гэдэгчлэн шинээр тавьсан 10 км автозамаа түшиглэн хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж, дөрвөн чиглэлд 40 гаруй бага оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа аж.

“Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажил 90 гаруй хувьтай байна


“Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” буюу аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Эх үрсийн баяраар нээлтээ хийх эл цэцэрлэгт хүрээлэн хиймэл нуур, хүрхрээ, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн цогцолбор болж байгаа бөгөөд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх гол газар болох гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр ажилласан “Их Модун” ХХК хариуцаж байгаа бөгөөд нийт дөрвөн га газар хамарч буй хүрээлэнгийн 11 мянган ам.метр талбай нь хиймэл нуур аж. Цаашлаад хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар өргөтгөх бөгөөд энэ ажилд албан байгууллагуудыг татан оролцуулах гэнэ. “Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ирэх сарын дундуур дуусна. Хөрөнгө оруулалт нь жаахан саатсанаас ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн “Их Модун” ХХК-ийн менежер Я.Даваадорж хэлж байлаа.

Сүүлийн гурван жилд 1136 айлын орон сууц ашиглалтад авчээ


Баянхонгор аймагт 1961-2012 онд 1050 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2013-2015 оны хооронд 1136 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийгджээ. Төрөөс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баталсан орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн журам баталсны дүнд өнгөрсөн гурван жилд аймгийн хэмжээнд 1000 гаруй өрх байртай болж, амьдрах нөхцөлөө сайжруулсан байна. Энэ нь өнгөрсөн 60 жилийн хугацаанд орон сууцтай болсон өрхийн тооноос даруй хоёр дахин их байгаа юм. Түүнчлэн, хөдөө орон нутагт орон сууц худалдан авч буй иргэдийн ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулсан нь бүтээн байгуулалтын ажил эрчимжихэд түлхэц болж байгаа аж.

1.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ


Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд амины орон сууцтай иргэдийн орон байрны нөхцөлийг сайжруулахаар Төрийн банк, Капитал банкаар дамжуулан зээл олгож эхэлжээ. Энэ ажлын хүрээнд шинээр амины орон сууц барихад зориулж 42, цэвэр усны холболт хийхэд хоёр, орон байрны нөхцөл сайжруулахад 61, нийт 105 иргэнд тэрбум 246 сая төгрөгийн зээл олгосон байна. Мөн аймгийн төвийн хойд хэсэгт “Хаус хороолол”-ын бүтээн байгуулалт өрнөж байгаа ба уг ажилд хувийн хэвшлийнхнийг татан оруулсан нь үр дүн сайн байгаа гэнэ. Барилгын компаниуд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, өөрсдийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэх ба тухайн амины орон сууцны гүйцэтгэл 50 хувьтай хийгдсэн тохиолдолд ипотекийн зээлд хамруулсан нь борлуулалтыг асуудлыг нааштайгаар шийдсэн байна.

 32 багийн төв шинээр ашиглалтад орлоо


Сумдад өрнөсөн томоохон бүтээн байгуулалтын эхэнд аймгийн хэмжээнд 32 багийн төв бий болгосон ажил зүй ёсоор багтана. Сумдад 29, аймгийн төвд спорт заал бүхий гурван багийн төв шинээр бүтээн байгуулсан нь багийн дарга, эмч нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, иргэдэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой болжээ.

“Баганат талбай”-г өргөтгөн шинэчлэв


Аймгийн төвийн “Баганат талбай” буюу Засаг даргын Тамгын газрын өмнөх талбайг 1974 онд байгуулагдсан бөгөөд өдий хүртэл өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй байсныг 2014 онд их засварт оруулж, энэ хүрээнд “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Өргөтгөл, засварын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн аж.

Цэнгэлдэх хүрээлэн

Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, 2.2 га талбай хамрах шинэ цэнгэлдэхийн ажил эхлүүлсэн нь өдгөө суурийн цутгалт хийгдээд байгаа аж.

Аймгийн хэмжээнд цор ганц гэгдэх цэнгэлдэх хүрээлэн тэртээ 1970 онд байгуулагдаж урсгал засвар алдаг оног хийгдэж байснаас өргөтгөл, шинчэлэлийн ажил өдий хүртэл хийгдэж байж. 2014 онд засвар шинэчлэлийн ажлын хүрээнд цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт өргөтгөл хийж, 1200 хүний сүүдрэвч бүхий суудал, талбайн хэсэгт олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлэг, гүйлтийн зам шинээр барьж ашиглалтад оруулжээ. Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, 2.2 га талбай хамрах шинэ цэнгэлдэхийн ажил эхлүүлсэн нь өдгөө суурийн цутгалт хийгдээд байгаа аж. Уг цэнгэлдэхийн гүйцэтгэгчээр “Их Модун” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх уг цэнгэлдэх хүрээлэнд аймгийн бүх спорт хороо үйл ажиллагаа явуулах боломжтой ажээ.

Дөрвөн багийн 1000 гаруй өрх инженерийн шугам сүлжээнд холбогдов

Аймгийн төвийн 3, 6, 7, 9 дүгээр багт инженерийн шугам сүлжээ барьж, цогцоор нь шийдсэнээр гэр хорооллын иргэд цэвэр, бохир усны шугам, төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбогдох боломжтой болжээ. Цаашид шинээр баригдаж буй цахилгаан станцын ажил дуусмагц гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир ус, төвийн дулаанд холбох ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
25 га-д ногоон байгууламж бий болгожээ
Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын санаачилгаар аймгийн төвийн баруун болон баруун хойд хэсэгт 5.6 км урт, 50 метр өргөн ойн зурвас байгуулах ажил хийжээ. Эл ойжуулалтын ажил нийт 25 га талбай хамарч байгаа бөгөөд ойн зурвасыг усжуулахаар 1300 куб.м ус хуримтлуулах хиймэл нуур буюу усан сан байгуулжээ. Усан сангаас усалгаа хийх 5.6 км шугам салаалж, 80 мянган метр урт усалгааны шугам угсарч, 52 мянган дуслын аппарат суурилуулсан байна. Энэ нь цөлжилт, хуурайшилтыг бууруулах гол ажил болжээ.