Даваадорж.Г 2016.05.30 | Сайт: Vip76.mn

2020 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ

2020 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг тус салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор баталжээ. Хөтөлбөр нь 2016-2020 он буюу эрчимтэй хөгжлийн үе, 2021-2025 он буюу тогтвортой хөгжлийн үе гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ.

Аялал жуулчлалын дэд бүтцийг тэлж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг сайжруулахын тулд аялал жуулчлал болон тээврийн компаниудын ажлыг уялдуулж, зохистой үнэ тариф тогтоон дамжин өнгөрөх аяллын бүтээгдэхүүнийг олшруулна. Үүнтэй холбоотой жуулчид нь олноор ирдэг орнуудын жуулчдын визийг хөнгөвчлөх эрх зүйг бүрдүүлнэ. 

... Ингэснээр Монголыг зорин ирэх жуулчдын тоог хоёр саяд хүргэх зорилт тавьжээ ....
.... Жуулчдыг ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор жуулчдын зорчдог гол чиглэлийн зам дагуу 50 байршилд түр буудаллах байрууд, боловсон ариун цэврийн байгууламж, хогийн цэгийг төр-хувийн хэвшлийн хөрөнгөөр байгуулна ....

Түүнчлэн жуулчдын очих дуртай аялал жуулчлалын цэгүүдийн төлөвлөлтийг сайжруулж, дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар шийднэ.

Хөтөлбөрийн дараагийн зорилт бол Монгол орны байгаль, түүх, соёлын үнэт өв, амьдралын хэв маяг, зан заншилийг тухайн орон нутгийн онцлог болгон аялал жуулчлалыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх явдал. Ингэхдээ нутгийн иргэд, тусгай хамгаалалттай газарт түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоно. Түүнчлэн хөдөөгийн соёл, газар нутагт суурилсан “агро-аялал жуулчлал” гэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж, аялал жуулчлал эрхэлдэг газруудад зэрэглэл тогтоох стандарт боловсруулна.

... Түүнээс гадна аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад чиглэсэн 5 төрлийн бүтээгдэхүүн, арга хэмжээг шинээр бий болгоно ... 

Мөн жуулчдыг шаардлагатай мэдээллээр хангах тогтолцоог бий болгож, салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулна. Энэ зорилгоор дотоод, гадаадын  жуулчдад зориулсан нийт зургаан төрлийн мэдээллийн төвийг байгуулна. Үүнтэй зэрэгцүүлэн аялал жуулчлалын компаниудын эрэлтэд нийцсэн хүний нөөц бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж хөтөч-тайлбарлагч, үйлчилгээний ажилтнуудад зэрэглэл тогтоож, гэрчилгээжүүлнэ.

Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, маркетинг эрчимжүүлэх ажлын хүрээнд аялал жуулчлалын олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж нийт таван төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Мөн Монгол улсын гадаадад сурталчлах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж байхаар хөтөлбөрт тусгажээ.