“Эко хатагтай”-н эх үрсийн баярын сюрприз
2016.05.31

“Эко хатагтай”-н эх үрсийн баярын сюрприз

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг “Арга билэг” сэдвээр хөтлөхдөө улс төрч бүсгүйчүүдээ хүүхдүүдтэй нь урьж, халуун дотно яриа дэлгэв.

Жендер, тогтвортой хөгжил, эко орчин, улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр бүсгүйчүүдийн дуу хоолойг сонсохоос гадна төр түмэндээ хүндлэгдсэн тэд маань ар гэртээ, үр хүүхдүүддээ хэр сайн ээж болохыг нь хүүхдүүд нь үнэлж дүгнэсэн энэхүү нэвтрүүлэг эмэгтэй улс төрчдийн талаарх олонхийн үзэл бодолд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан цаанаа л эрхэмсэг гэгээлэг төрхийг илтгэжээ. Монгол төрийн алтан аргамжийг залалцаж яваа эгэлгүй хувь заяаны эзэд эмэгтэй улс төрчдөө бид бүүвэйн дуу аялсан эгэл ээжүүд гэдгийг нь мартаж орхидогийг сануулснаараа энэ бол яах аргагүй чухал сэдэв байв. 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүтээн байгуулсан “Эко хатагтай” часхийсэн чамгүй сайн хөтлөгч гэдгээ илтгэсэн тус нэвтрүүлэгт “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол, М.Батчимэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, Г.Уянга нар оролцжээ.