Алслагдсан аймагт ажилладаг компаний татварыг 50-90 хувь хөнгөлнө
2016.05.31

Алслагдсан аймагт ажилладаг компаний татварыг 50-90 хувь хөнгөлнө

Хуулийн нэр:  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

Өргөн барьсан: 2015.11.18

Санаачлагч: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Манай Улс 2007 онд Жижиг дунд үйлдвэрийн тухай хуультай болж, 2009 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Гэвч зах зээлийн зарчмаар хүн амын төвлөрөл, эрэлт хэрэгцээ, дэд бүтцээ дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, харин алслагдмал хөдөө орон нутагт тээвэрлэлтээс эхлээд үйл ажиллагааны өртөг зардал өндөртэй тул бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хүндрэлтэй байсаар байна.

Энэхүү хуулийн төслийн зорилго нь 600 км-ээс хол алслагдсан аймагт нэр бүхий тодорхой салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг татвараас хөнгөлөхөд оршиж байгаа юм.

Тухайлбал, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг байнгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон татвар ногдох орлогоос тодорхой хувь хэмжээгээр хөнгөлөх тухай заалт нэмэхээр тусгажээ. Татварт ногдох орлого гэдэгт үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого багтаж байна.

... 2 зүйлтэй уг хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 600 км-ээс хол алслагдсан аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон, тэр нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан аж ахуй нэгжийн албан татварыг 3 жилийн хугацаанд 50% хөнгөлөх, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90% хөнгөлөх тухай заажээ ...

Харин 2 дугаар зүйлд энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж заажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг дахь бизнесийн орчин сайжрах, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.