УИХ-ын сонгуулийн 76-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
2016.06.02

УИХ-ын сонгуулийн 76-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Vip76.mn сайт 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэж байна.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 76 ДУГААР ТОЙРОГ

 МАН-аас нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатар

Тэр 1978 онд Улаанбаатар хотод эхийгээ оюутан ахуйд төржээ. Гурван хүүхэдтэй айлын ууган хүүхэд. Түүний аав нь жолооч, ээж нь нягтлан бөгөөд Хэнтий аймгийн хүмүүс. Бага насаа Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд өнгөрөөжээ. Тэдний гэр бүл зах зээлийн нийгэмд оргоо бусгаа үед нийслэл хотод шилжин ирсэн байна.

... Дунд сургууль төгсөөд цэргийн хүн болохоор шийдсэн ч аав нь түүнийг тодорхой суурьшсан газаргүй, байнга нүүдэллэж байдаг хүн болох вий гэж болгоомжилсон учир энэ бодлоо орхиж хуульч болохоор шийджээ ...

Х.Нямбаатар 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид /Хууль сахиулахын Их сургууль/, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй.

2000 оноос Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд нь тэндээ Төр эрхзүйн онолын багшаар 7 жил ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. 2007-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчөөр ажилласан байна. 2009-2012 онд СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа  нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ.

СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

2012 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд намын жагсаалтыг тэргүүлж нэр дэвшиж байхад нь эмнэлгийн газар булааж орон сууц барилаа, төрийн албыг төрлийн алба болгож,  төрсөн дүүгээ төрийн албанд оруулсан гэх зэрэг түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлээр гарч байсан ч удалгүй хэвлэлийнхэн түүнээс албан ёсоор уучлалт гуйж байв.

ИТХ-ын даргаар ажиллах хугацаандаа 25 хороотой байсан СХД-т долоон хороог нэмж эмхлэн байгуулжээ. Байгаль орчныг доройтуулж буй ААН, байгууллагатай идэвхтэй тэмцдэг.

.... Түүнчлэн  2016 оны гуравдугаар сард СХД-ийн  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж /tab/-ийг хэрэглэхийг хориглох тухай тогтоол гаргаж байв ....

Түүний улс төрийн хүрээнд нөхөрлөдөг хүн нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэж тэр өөрөө ярьдаг.

Х.Нямбаатар Их сургуулийн гуравдугаар курсын оюутан байхдаа гэр бүл зохиожээ. Одоо гурван хүүхэдтэй. Эхнэр И.Баярмаа нь франц хэлний багш, орчуулагч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаагүй. Одоогоор “Хамаг Монгол” группт ерөнхий менежерийн ажил хийдэг, “Бест дриллинг” хэмээх гэр бүлийн компанид хувь эзэмшдэг.

Ардчилсан намаас нэр дэвшигч Отгонжаргалын Магнай

1982 онд Улаанбаатар хотноо төржээ. Иргэний хөдөлгөөний удирдагч, улс төрч.

О.Магнай нь МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийг 2002 онд, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийг 2004 онд тус тус төгссөн, эрх зүйч эдийн засагч мэргэжилтэй. 2002-2005 Санхүү, Эдийн Засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 “Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч”,  2007 оноос 2007 оны 12 сарыг хүртэл ИЗН-ын ХЭГ-ын даргаар тус тус ажиллаж байв. 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд даргын албыг хашиж байжээ.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон 7 дугаар сарны нэгний үймээнтэй холбогдуулан түүнийг 2008 оны долдугаар сарын 7-ны өдөр цагдан хорьсон. Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж, биеийн байдал эрс муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар суллагджээ.

Үүнийхээ дараа Ардчилсан Намд элссэн бөгөөд тус намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн. 2012-2014 онд  ШӨХТГ-ын даргаар томилогдон ажиллажээ.

МАХН-аас нэр дэвшигч Гэндэнсүрэнгийн Бямбасүрэн

1976 онд МУИС, 2000 онд Удирдлагын академид суралцаж төгссөн. Авто инженер, төрийн удирдлагын арга зүйгээр мэргэшсэн.

Тэрээр намын ажлыг олон жил хийж байгаа хүн. Анх 1978-1983 онд Октябрын районы МХЗЭ-ийн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, дараа нь 1919983-1 онд тус районы МАХН-ын хорооны хэлтсийн дарга,  1991-1995 онд Улаанбаатар хотын МАХН-ны хорооны арга зүйч, 1991-2001 онд СХД-ийн МАХН-ын хороонд дэд даргаар ажиллаж байв.

Харин 2001-2007 онд Автобус-3 компанид захирал, 2007-2008 онд Том оврын автобусны ҮЭ-ийн холбоо тэргүүний албан тушаалыг хашиж байв.

2008 онд намын ажилдаа эргэн орж СБД-ийн МАХН-ын хорооны дэд даргаар томилогдов. 2011 оноос өнөөг болтол тус намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагаас гадна БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм.

Ардын хувьсгалын медалиуд, алтан гадас одонтой.

БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Б.Нямдорж. МБРЗСҮА ХХК-ийн менежер. 

Хаан сонголт эвслээс нэр дэвшигч Цэрэндаваагийн Цэрэндондог. Хууль зүйн ухааны докторант. 

МКН-аас нэр дэвшигч Янжавын Пагма. Хувиараа хөдөлмөр эрхлэгч. 

Сонгуулийн тойргууд

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг.