Даваадорж.Г 2016.06.02 | Сайт: Vip76.mn

Хэнээс сонгуулийн санхүүжилт авч болохгүй вэ?

Хэнээс сонгуулийн санхүүжилт авч болохгүй вэ?

Сонгуулийн үеэр хамгийн их хар дагуулдаг асуудлын нэг нь сонгуулийн санхүүжилт. Хаанаас санхүүжилт авч болохгүй талаар Сонгуулийн тухай хуулийн 53.1-д тодорхой заасан байна. 

Үүнд: 

53.1.1 Гадаад улс буюу гадаадын байгууллага (хамтарсан байгууллагын гадаадын оролцогч),

53.1.2 олон улсын байгууллага,

53.1.3 төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага,

53.1.4 гадаад улсын иргэн,

53.1.5 харьяалалгүй хүн,

53.1.6 арван найман нас хүрээгүй хүн,

53.1.7 төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээд,

53.1.8 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд,

53.1.9 үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага,

53.1.10 байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс сонгуулийн санхүүжилт авахыг хориглосон байна. Эдгээр заалтад багтаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдээс авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулахыг хуульд нарийн зааж өгсөн.

Сонгуулийн санхүүжилттэй холбоотой бас нэг хардлага байдаг нь сонгуулиар санхүүжилт авсан байгууллагадаа зориулж хууль баталдаг, өгсөн санхүүжилтийнх нь хариуд төрийн одон медаль олгодог гэх хардлага. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-аас баталсан хуулийн үйлчлэлд хамрагдаж буй аж ахуйн нэгж, төрийн шагнал авсан иргэн нь сонгуулиар санхүүжилт өгсөн эсэхийг мэдэх боломж үүсэх нь. Тодруулбал, санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчид зардлын тайлангаа гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Мөн зардлын тайландаа аудит хийлгэж дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай ажээ.

Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авсан тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлнэ. Тус байгууллага нь хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор дүнг олон нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг олон нийтэд зарлах юм байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дараа хэн гэдэг хувь хүн, ямар аж ахуйн нэгж аль нам, эвсэлд хэдэн төгрөгийн хандив өгсөн нь олон нийтэд ил болно гэсэн үг. Мөн дээрх хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.