Пан Ги Мун Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болох уу?
2016.06.03

Пан Ги Мун Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгч болох уу?

Пан Ги Мун хагас жил гаруйн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгнө. Үүний дараа тэр ямар ажил хийх бол? Өмнөд Солонгосын барууны хүчнүүд Пан Ги Муныг тэдний өмнөөс 2017 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж найдаж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр тэр эх орондоо очиж олон улсын форумд оролцсон. Гэвч солонгосчуудын хувьд түүний олон улсын үйл хэрэг бус, ажлаа өгсний дараа юу хийх нь л сонирхолтой байв. Пан Ги Мун энэ оны сүүлээр ажлаа өгсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн санааг цухуйлгав.

... Энэ нь Өмнөд Солонгосын барууны хүчнийхэн, тэдний дэмжигчдийг баярлуулав. Сүүлийн үед Өмнөд Солонгост Пан Ги Муны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээс сонгуулийн үр дүн хамаарна гэсэн хандлага, уур амьсгал газар аваад байна ....

Ийм уур амьсгал энэ оны дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуульд Сэнури намын толгойлж буй барууны хүчнүүд ялагдал хүлээсний дараа улам ихээр мэдрэгдэх болов. Сонгуулийн өмнө явуулсан социологийн судалгаагаар 2008 оноос хойш засгийн эрхэнд байгаа барууны хүчнийхэн (Ардчилсан Тобура нам, Ардын нам гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Өмнөд Солонгост улс төрийн намууд 10-15 жилийн хугацаатай нэрээ сольдог) үндсэрхэг зүүний хүчнийхнийг хялбархан ялна гэсэн дүн гарчээ. Зарим шинжээчид тэднийг үнэмлэхүй ялалт байгуулж, Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний суудал авна гэж таамаглаж байжээ.

Пан Ги Мун бол солонгос мөрөөдлийн билэг тэмдэг

Гэвч зарим социологичид энэхүү судалгааны үр дүнд эргэлзэж байв. Учир нь хуулийн дагуу гар утсаар иргэдээс санал авахыг хориглосон болохоор залуу, боловсролтой сонгогчдын саналыг тусгаж чадаагүй. Санал хураалт дуусахад тэдний зөв байсан нь батлагдаж санал асуулгаар ялна гэж байсан нам ялагдав. Гэхдээ үнэмлэхүй хэмжээний ялалт, ялагдал байгаагүй.

Тиймээс барууныхны хувьд эрх мэдэл, нэр хүндээ авч үлдэх нь юу юунаас чухал болов. Өмнөд Солонгос нь ерөнхийлөгчийн засаглалтай учраас төрийн тэргүүний сонгуулийн үр дүнгээс олон зүйл хамаардаг. Парламентын сонгуулийн өмнө барууныхан ялна гэдэгтээ итгэлтэй байсан ч санал хураалтын үр дүн тэдний бодлогод дургүй хүн олон байдгийг харуулав.

Түүнээс барууныханд нөлөөтэй нэр дэвшигч байхгүй. Одоогийн ерөнхийлөгч Пак Кын Хө байлдан дагуулах чадвараар сул, хуулиар дахин сонгогдох боломжгүй. Өмнө нь Ким Му-сон хэмээх залуу лидер ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан ч дөрөвдүгээр сард намаа ялуулж чадаагүй түүнд боломж үлдээгүй.

Сөрөг хүчин болсон зүүнийхний хувьд ч байдал тийм сайнгүй. Тэд хоёр хэсэгт хуваагдаж хоорондоо өрсөлдөгчид болсон.

Өмнөд Солонгосын парламентын сонгууль

Ийм нөхцөлд барууныхны ганц найдвар нь Пан Ги Мун болов. Пан Ги Мун бол дэлхийд хамгийн өндөр албан тушаалд очиж чадсан өмнөд солонгосчуудын бахархал, үндэсний мөрөөдлийн билэг тэмдэг юм. Тэр дампуурсан наймаачны гэр бүлд төрсөн бөгөөд сургуулиа онц сайн дүнтэй төгсөж (Зохион бичлэгийн уралдаанд түрүүлж АНУ-ын Ерөнхийлөгч Кеннэдитэй уулзаж байжээ), карьерын шатаар зогсолтгүй өсчээ.

Социологийн судалгаагаар ч өмнөд солонгосчуудын 46-55 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн дүн гарчээ.