Даваадорж.Г 2016.06.03 | Сайт: Vip76.mn

УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

УИХ-ын сонгуулийн 74-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Vip76.mn сайт 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаарх танилцуулга мэдээллийг хүргэж байна.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 74 ДУГААР ТОЙРОГ

Монгол ардын намаас нэр дэвшигч Д.Тэрбишдагва

Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, элчин сайд, Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар ажилласан.

Д.Тэрбишдагвын төрсөн газар нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Зүүн Цүүрийн "Их хөндий" хэмээх газар. Эцэг нь Дэндэв нь малчин байжээ. Тэрээр айлын зургаадах хүү.

1974 онд Улаанбаатар хотын 12 дугаар дунд сургуулийг төгсчээ.  ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургуулийг хүнсний инженер-технологич мэргэжлээр 1982 онд суралцаж төгсчээ. Үүнээс 10 жилийн дараа ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтийг менежментийн удирдлагын мэргэжлээр төгсчээ. Оюутан байхдаа эхнэр С.Баасанхүүтэй танилцан гэр бүл болж 1990-иэд оныг гартал Германд амьдарсан байна.

Ажлын туршлага:

Гадаадад төгсч ирсний дараа Улаанбаатар мах консервийн комбинатад ажиллаж тэндээ 1988 оныг хүртэл цехийн мастер, үйлдвэрийн технологич, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга зэрэг ажлуудыг хийж байжээ.

Дараа нь Германд эргэн очиж 1988 - 1990 онд  Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш, 1992 - 1994 онд  Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллажээ.

1994 онд эх орондоо эргэн ирж 2000 оныг хүртэл "ТБД Андууд" ХХКомпаний ерөнхий захирлаар ажиллав. 2000 онд улс төрд орж хоёр жил Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдын албыг хашив.

2002 онд дахин Германд очив. Гэхдээ энэ удаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хувиар. Дараа нь 2004 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2008, 2012 онуудад дахин сонгогджээ. 2004 - 2007 онд  Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв.

Тэрээр хоёр ч удаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон байна. 2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс тус дүүрэгт нэр дэвшсэн юм.

2012 - 2014 онд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдыг хашиж байв.

Англи, орос, герман хэлтэй.

Ардчилсан намаас нэр дэвшигч Бандихүүгийн Ургамалцэцэг

Б.Ургамалцэцэг 1972 онд Дундговь аймагт төржээ. 

1990 онд Мандалговийн 10 жилийн дунд сургуулийг төгсч МУБИС-д сурган, сэтгэл судлаачийн ангид элсэн суралцсан байна. Мөн 1999 онд Удирдлагын академийг удирдлагын менежерээр суралцаж төгсөөд, 2004 онд АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуульд боловсролын магистр хамгаалсан байна.

Ажил эрхлэлтийн тухайд гэвэл 1996-2001 онд Монголын социал демократ намд улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байв. 2007-2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд Ардчилсан намын Нарийн бичгийн дарга, Хүний хэлтсийн даргаар ажиллажээ.

АН-ын Нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Монгол хүн-2020” хөтөлбөр хэрэгжүүлэхэд ҮЗХ-ны гишүүдээс бүрдсэн “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн ” гэсэн 5 ажлын дэд хэсгийг толгойлж 21 аймгийг тойрч байжээ.  

Харин Шинэчлэлийн Засгийн газрын үед 2012-2014 онд БШУ-ын дэд сайдаар ажилласан бол, Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий Сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

“Туул” Ротари клубын 2009-2010 оны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, АН-ын Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай.

Нөхөр, хоёр охины хамт амьдардаг.

Бусад нэр дэвшигчид:

МАХН-аас Цэрмаагийн Лхагвасүрэн. СХД-ийн МАХН-ын дарга. 

ИЗНН-аас нэр дэвшигч Данзанбалжарын Энхтайван. Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга

Бүгд найрамдах намаас Б.Алтантуяа. КИГ ХХК-ийн нягтлан бодогч. 

Монголын консерватив намаас Пүрэвдоржийн Буяндэлгэр. МКН-ын нийгмийн бодлого хариуцсан гүйцэтгэх дэд дарга. 

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас М.Баярхүү. Кванс системс ХХК-ийн гүйцэтгэх захирал. 

Иргэний хөдөлгөөний намаас Р.Ням-Очир. СХД-ийн ИТХ-ын тэргүүлэгч. 

Хаан сонголт эвслээс нэр дэвшигч Даваанямын Оюунхишиг. Кловер Гроув ХХК-ийн захирал. 

Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшиг Лхамын Ишханд. Ди Жи Би ХХК-ийн менежер 

Сонгуулийн тойргууд

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг.