Даваадорж.Г 2016.06.03 | Сайт: Vip76.mn

600 жилийн өмнөх Флоренцын баячуудын үр сад өнөөдөр ч тэдний статусыг хадгалсан хэвээр байна

600 жилийн өмнөх Флоренцын баячуудын үр сад өнөөдөр ч тэдний статусыг хадгалсан хэвээр байна

Италийн Bank of Italy банкны Гульельмо Бароне,  Сауро Мосетти хэмээх хоёр эдийн засагч нэгэн ер бусын судалгаа хийжээ. Тэд Италийн Флоренци хотын архивт сууж 1427 оны татвар төлөгчдийн мэдээллийг 2011 оны татвар төлөгчдийн мэдээлэлтэй харьцуулжээ. Судалгааны үр дүнд судлаачид өөрсдөө ч алмайрав. 600 жилийн өмнөх болон одоогийн баян татвар төлөгчдийн дунд бараг 900 хүний овог давхцжээ.  

Хэдийгээр судалгаанд багагүй цаг орсон ч итали овгийн онцлогийн ачаар судалгаа амжилттай хийгджээ. Тухайн хүний овгоор нь удам судраас гадна эцэг өвгөдийнх нь төрсөн газрыг тогтоож болдог бөгөөд хэдэн зуун жил болсон ч овог өөрчлөгдөх нь тун ховор. Бароне, Мосетти хоёрын судалж мэдсэнээр өнөөгийн флоренцчуудын ажил, орлого, хөрөнгийн хэмжээгээр нь тэдний холын өвөг дээдсийн ажил, орлого, хөрөнгө чинээг тодорхойлж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Судлаачид 1427 оныг сонгосон нь учиртай. Тэр үед флоренцчууд Милантай удаан хугацааны дайн хийж байсан учир дампуурлын эрмэгт ирээд байв. Тиймээс Флоренцын эрх баригчид чинээлэг татвар төлөгчдийн тооллого явуулжээ. Тооллогын баримт бичгүүдэд өрхийн тэргүүн нарын овог, нэрээс гадна, тэдний мэргэжлийн тухай, орлого, хөрөнгийн талаар бичжээ.

1427 оны бүртгэлд орсон 900 овог өнөөдөр ч Флоренцын хамгийн өндөр татвар төлөгчдийн дунд байна. Мэдээж тохиолдлын давхцлууд байгаа ч хамгийн гол нь давхцсан овогтой хүмүүсийн олонхи хамаатнууд байв.

Дээрх судалгаа нь 600 жилийн туршид эдгээр хүмүүсийн нийгэм, эдийн засгийн байр суурь гайхал төрүүлмээр хадгалагдаж үлдсэнийг батлав. Жишээ нь удмаараа гутал үйлдвэрлэж буй хүмүүсийн дунд овгийн давхцал 97 хувь, нэхмэл хувцас үйлдвэрлэгчид, өмгөөлөгчдийн дунд 93хувь байв. 

Судалгаанаас харахад 600 жилийн хугацаанд тэд 25 үеийг дамжиж өвөг дээдсийнхээ байр суурийг хадгалж иржээ.

Судлаачид хэдийгээр Флоренцын баячуудын зөвхөн нэг хувьд нь судалгаа хийсэн ч энэ хотын иргэдийн 33 хувь нь ийм байдлаар өвөг дээдсийнхээ статусыг хадгалж үлдсэн гэдэг дүгнэлт хийжээ.

Энэхүү гайхалтай үзэгдлийн шалтгаан нь их хөрөнгө, мөнгө удаан хугацаанд чинээлэг амьдрах боломжийг олгож, эдийн засгийн аливаа донсолгооноос хамгаалдаг гэж тайлбарлаж байна.