Төмөрчулуун.Б 2016.06.03 | Сонин: Өглөөний сонин

Б.Төмөрчулуун: Их хурлын гишүүд ард түмэн, асуудал хоёр руугаа яв даа

Б.Төмөрчулуун: Их хурлын гишүүд ард түмэн, асуудал хоёр руугаа яв даа
МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Төмөрчулуун

МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Төмөрчулуунтай МАН-д тулгамдаад буй асуудлууд, түүнийг шийдэх арга зам, мөн түүнчлэн  удахгүй болох их хурлынх нь талаар ярилцлаа. Есхөн хоногийн дараа эхлэх МАН-ын ХХVII их хуралд гишүүд, дэмжигчдээс нь эхлээд монголын нийгмийн сэтгэл зүй ч ихээхэн горьдлого, итгэл тавин анхааралтай ажиглан харж байгаа. Бид хоёрын яриа ч энэ л чиглэлээр өрнөсөн юм. Дашрамд сонирхуулахад  ярилцагч эрхэм маань МАН-ыг гэгээрүүлэн шинэчлэх, өнгөрсөн, одоо, ирээдүй гурвын нэгдлийг эв зүй, энэрэнгүй ухаалаг зарчмаар батжуулах үйлсэд оюун ухаанаа дайчилж  явдаг  нэгэн билээ.

-Ярилцлагаа таны одоо хашиж байгаа албанаас эхлэе. НИТХ-д сууж байгаа МАН-ын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа тууштай хамгаалж чадаж байна уу. Та бүхний санаа бодол НИТХ-аас гарч байгаа тогтоол, шийдвэрүүдэд тусгалаа олдог уу?

 -НИТХ дахь МАН-ын төлөөлөл цөөдөхгүй, харин ч идэвхтэй сайн ажиллаж байгаа. Бидний санаачилсан олон ажил биелэлээ олсон. Ялангуяа одоогийн эрх баригч намаас сонгогдсон даргын алдаа, оноог засч залруулах талд бид дайчин, шаргуу ажиллаж байна. Жишээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд  МАН-ын гишүүдийн гаргасан санал, санаачлага, шүүмжлэл шийдвэрлэх үүрэгтэй байгаа гэж дүгнэж болно. Энэ ажлын хувьд тухайн газар оршин суугаа иргэдийн 75 хувийн саналыг аван шийдвэрлэж байсныг МАН-ын гишүүдийн зүгээс иргэдийн 100 хувийн саналыг үндэслэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Ингэхгүй бол гадаадад байгаа болон өндөр настай, тахир дутуу зэрэг бусдын асрамжинд байдаг хүмүүсийн санаа бодлыг орхигдуулаад байгаа юм. 

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа иргэн, компани хоёрын хоорондын гэрээ хэлцлээр явж байгаа зарчмыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Зүй нь хоттой гурвалсан гэрээ байгуулж, хотоос дотооддоо хөрвөх чадвартай санхүүгийн баталгаа гаргаж өгөх асуудлыг яаралтай авч үзэх  шаардлагатай байгаа юм. Бид зах зээлийн эдийн засаг гэж 20 гаруй жил хашхиралдлаа. Тэгсэн хэрнээ санхүүгийн маш олон бүтээгдэхүүн байхад ерөөсөө ашиглахгүй ганцхан гэрээ хэлцлийн журмаар л бүхнийг шийдсээр ирлээ. 

Гэр хорооллын дахин төлөв­лөлтийн ажилд үндсэндээ гурван эрсдэл байна. Нэгдүгээрх нь сая миний дурьдсан иргэдийн 75 хувийн санал. Хоёрдугаарх нь санхүүгийн баталгаа. Гурав­дугаарт  олон түншлэлтэй ком­панийг аль болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд шалга­руулмааргүй байгаа юм. Монголд “Заг”, “Бэрэн групп”, “Баганат өргөө”, “Гангар инвест” гээд барилга угсралтын маш сайн туршлагажсан  компаниуд байна шүү дээ. Гэтэл ийм туршлагатай компаниудыг зориуд энэ ажлын гадна үлдээчихээд 2009 онд байгуулагдсан нэртэй дөрөв, таван гишүүнчлэлтэй консирциум гэгчид дааж давахын аргагүй их ажил үүрүүлчихэж  байна. Гэтэл нөгөөх нь баахан ажил авчихаад удалгүй таг зосчихдог. Яасан гэхээр түншлэлийн нэг гишүүний буруугаас болоод арматурын төмөр тасарчихлаа. Тэгээд л бүх ажил зогсчихлоо гэсэн юм яриад зогсож байдаг. 

 Иргэдийг энэ мэтээр хохироохгүйн тулд тендерт шалгарсан компаниар  өөрөөр нь батлан даалт гаргуулдаг болох хэрэгтэй байна. Үнэхээр барилга барих газрыг нь авч болсон юм бол тухайн компани бүх эрсдлээ үүрэх л ёстой. Газраа өгсөн иргэн барилгын компани хоёрын дунд дундын данс нээгээд мөнгө байршуулсан ч болно шүү дээ.Зах зээлийн эдийн засгийн зарчмаар амьдарч л байгаа  юм бол эрсд­лийг бүх л аргаар багасгах ёстой. Тэгэхгүй бол Хөдөө аж ахуйн яамны урд талын барилга шиг л юм болно. Эцсийн эцэст ард иргэдийг ингэж хохироож хэрхэвч таарахгүй. Ер нь монгол оронд зөв шийдвэрээс бусад нь л байна гэж бид ярилцдаг юм. НИТХ дахь МАН-ын төлөөллүүд зөв шийдвэр гаргуулахын төлөө хойшид ч уйгагүй тэмцэх  болно. Өнөөдөр л гэхэд Д.Баттулга даргад дээрх гурван асуудлыг тусгасан албан шаардлага хүргүүллээ. 

 -Хоёулаа гол яриандаа шилжье. МАН-ын ХХVII их ху­рал 10 хүрэхгүй хоногийн да­раа эхэлнэ. Дараалсан олон сонгуульд өвдөг шороодсон МАН-ыг  улстөрийн тодорхой онол, үзэл баримтлалгүй урсгалаараа яваа нам гэж шүүмжлэгчид ол­ширч байна. Яг өнөөдрийн тухайд МАН-д тухайлсан улстөрийн онол, үзэл баримтлал, дагаж мөр­дөх үнэт зарчим гэж ер нь байна уу?

 -Би өнгөрсний тухай ярьмааргүй байна. Үзэл баримтлалаараа хуваагдаж байгаа намууд бол ерөнхийдөө хүчгүйн л шинж. Бид монголоо гэсэн ганцхан том үзэл санаан дээр зангидагдах ёстой юм. Энэ нь үндэсний ардчилсан үзэлтэй, зүүний нам гэсэн л үг  шүү дээ. МАН-ын Бага хурлын гишүүний хувьд намын шинэ дүрмэнд эдгээрийг маш нухацтай суулгах талаар хөөцөлдөж л явна. Хамгийн гол нь МАН-ыг хамгийн энгийн даруу, ард түмэнтэйгээ эргэх холбоотой ажилладаг нам болгох ёстой. Дарга нарын араас хөөцөлдөж, тэдний асуудлыг эн тэргүүнд тавиад байвал энэ нам юу ч биш болно. Бид ард түмнийхээ дунд л буцалж байх учиртай. МАН бол олон нийтийн, монголоо гэсэн ганцхан цэвэр үзэл санаа, баримтлалтай нам байгаасай гэж байнга бодож явдаг. 

МАН-ын шинэчлэлийг ард түмэн үнэхээр хүсэн хүлээж байгаа. Яагаад гэвэл ард түмэн МАН-д итгэдэг, гишүүд дэмжигчдийн ихэнх хэсэг нь жирийн иргэд байгаа. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний мөнхийн сахиул бол МАН юм. Бид заримдаг эгшиг шиг зам зуураас юм уу, дэлхий ертөнцөөс тасарч ирээгүй. Ерөөсөө монголд байсан, байгаа, байх ёстой үндсэн дээр л оршин тогтнож байгаа юм. МАН бол гурван байгаагийн алтан уулзвар дээр оршин тогтносон  олон ний­тийн байгууллага. Ийм ч учраас зөвхөн монголоо гэсэн онол, үзэл баримтлал, дүрэмтэй болох ёстой. Хамгийн эхлээд “итгэл найвдар”-ын дүрэмтэй болъё гэж бид зорьж байна. Уншаад үзэхэд намын дүрэм их энгийн байх ёстой. Намын бүх ажлыг дүрмээр зохицуулах нь тийм ч шалгарсан арга биш. Хамгийн гол нь сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нэгдсэн хүмүүсийн халуун итгэл дээр улстөрийн нам оршин тогтнох учиртай. Эн тэргүүнд эх орноо бодсон, ард түмнээ хэнийг ч ялгалгүй хандсан чиг баримжаа чухал. 

Түүнчлэн залуучуудаа онц­гойлон дэмжиж, ухаарал хайр­лаж, санамсар бэлэглэсэн, тэдэн­дээ бахархал болсон, тэднийг од болоход бэлтгэсэн тууштай бод­лого дэвшүүлэн гаргаж ирэх хэрэгтэй байна. Залуучуудаа зүл­гэж чаддаг, гялалзуулж чаддаг болж гэмээнэ “Аргагүй л МАН-ын үзэл баримтлал гайхалтай шүү” гээд залуу үе маань хошуураад л  ирнэ. Уран зохиолын ном уншиж байгаа юм шиг л МАН хүний хувь заяаны төлөө үзэл баримлал, улстөрийн онолоо гэгээрүүлэх шаардлагатай болоод байна. Эх орон, тусгаар тогтнолдоо хайртай, эрх чөлөөнд дуртай бол МАН-д байх юмсан гэсэн үзэл санааг бид намын шинэ дүрмэнд суулган өгч байгаа. Түүнээс гадна намын дүрмээс хасах ёстой,  бүр дордуулж байгаа өөрчлөлтийг оруулахгүйн төлөө бид тэмцэж явна. Жишээ нь бид бүхэн Үндсэн хуулиа долоон зүйл заалтаар ихээхэн дордуулсан балагтай жишиг байж л байна. Бид МАН-ын дүрмийг сайжруулсан есөн заалт оруулж байгаа. 

-Тэдгээр заалтаа арай дэлгэ­рүүлэн танилцуулж болох уу?    

 -Бололгүй яах вэ. Намын анхан шатны байгууллага гэдэг бол зөвхөн сайн дураар нэгдсэн хэдэн хүмүүсийн бөөгнөрөл биш. Иймээс намын анхан шатны байгууллага нь мэргэжил, хоб­би, сайн дураараа нэгдсэн хү­­мүүс байж болох заалтыг оруулж өгч байна. Хоёрдугаарт на­­мын гишүүнчлэлийг хосолмол хэлбэрээр байж болох заалт оруулж байгаа. Гуравдугаарт МАН-ыг  анх удаа интернетэд байршсан нам болгохоор зорьж байна. Энэ гишүүнчлэлийн чөлөөт байдлыг хангах сайн талтай. Мөн түүнчлэн санхүүжилттэй холбоотойгоор тухайлсан санхүү­гийн хороо байгуулах шаард­лагагүй гэж бид үзэж бай­гаа. Хүнийг эд, мөнгөөр биш сэтгэл зүрхнийх нь дуудлагаар эзэмдэх талыг бид баримтлах ёстой. Түүнээс гадна МАН-ын дэргэдэх байгууллагуудыг  нийт ард түмнийг хамарсан, нэг ёсондоо үндэсний хэмжээний бай­гууллагууд болгоход бүх хүч чадлаа дайчлах ёстой гэж бид үзэж байна. 

Жишээ нь МАН-ын эмэг­­­тэйчүүдийн бай­гуул­лага гэхэд л мон­голын эмэг­тэй­чүүдийн байгуул­лагын хэмжээнд томорч, маш өргөн хүрээтэй ажил­лах шаард­лагатай гэж ши­нэ дүрмэнд тусгахаар ярил­цаж байна. Дараагийн хам­гийн гол үзэл баримтлал нь УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг намын өдөр тутмын ажлаас зааглах, ялгаж салгах асуудал юм. 

Нэгэнт МАН-ын нэрээр УИХ-ын гишүүнээр сон­гогдсон л бол намын удир­дах ажилд оролцоод байх шаардлагагүй. Харин  хууль тогтоох, хуу­лийн хэ­рэг­­жилтэд санаа тавих үнд­сэн ажлаа л  нэр төртэй гүй­цэтгээд явах ёстой. Намын Удирдах зөв­лөл,  Бага ху­ралд УИХ-ын ги­шүүдийг оруулахгүй байя. УИХ-ын гишүүн гэдэг чинь бидэнтэй л адилхан хүн шүү дээ. Тэгэхээр ганц хүн энэ олон ажлыг зэрэгцүүлээд сайн сайхан хийгээд явна гэж байхгүй.

 -Уучлаарай. Таны яриа УИХ-д МАН-ыг төлөөлөөд сууж байгаа гишүүдийн бодол санаатай зөрөөд эхэл­лээ. Тэд болохоор МАН-ын даргыг УИХ-ын гишүүдээс сонгох нь хууль тогтоох дээд байгууллага, түүнчлэн эрх баригч АН-тай  МАН-ын уялдаа холбоог сайжруулж, ингэснээрээ эргээд намын эрх ашигт сайнаар нөлөөлнө гэж дүгнээд байгаа юм билээ?

 -Хамгийн гол нь нам энэ талаар тогтсон дүрэмтэй болох хэрэгтэй. Гэхдээ дүр­мээр зохицуулагддаггүй зүйл ч гэж бий л дээ. Үнэхээр МАН-ын нэрээр Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон ч гэсэн нийт монголын ард түмний эрх ашгийн төлөө, Оюу толгойн төлөө зоригтой дуугарч, ажиллах ёстой байхгүй юу. Эцсийн дүнд УИХ-ын гишүүн гэдэг бол монголын ард түмэнд хань ижил болж, МАН-ын нэрийн өмнөөс сонгогдсон  онц бөгөөд бүрэн эрхэт төлөөлөгч  л гэсэн үг шүү дээ. 

 Харин УИХ-ын гишүүд МАН-ын удирдах албанд байж таарахгүй. Нэг ажлыг л чинээнд нь тултал, ард түмэнд үнэлэгдтэл хийх ёстой. Нөгөөтэйгүүр МАН нь УИХ-ын гишүүн ч байна уу, жирийн гишүүн ч байна уу хэнд ч хариуцлага тооцдог байх учиргүй. Хариуцлага тооцож, ял зэм яриад эхлэхээр л хахир хатуу  байгууллага болж, гишүүд дэмжигчдээ айлгаж үргээгээд явчихдаг нь нууц биш. 

 Гэхдээ УИХ-ын гишүү­дийг намаас тусгаарлах хэд хэдэн шалтаг, шалтгаан байгаа юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүдээс улстөрийн болон санхүүгийн сайн сайхан бүтээл ерөөсөө гарахгүй байна шүү дээ. Зүгээр л нэг хий хоосон Монгол Улсыг хөгжүүлэх тухай л яриад яваад байна. Ард түмэн чухам яг юу хүсч байна, ядууралтай нь  яаж тэмцээд байгаа юм энэ бүх асуудалд дэвшил гаргахын тулд тэднийг чөлөөлж өгөх ёстой. Түүнээс биш МАН-аас бүрмөсөн тусгаарлаж байгаа хэрэг биш. Түүний дараа тэдэнд зөв бодит үнэлгээ өгөх боломж гарч ирнэ. Онц нь онцоороо, муу муугаараа ялгараад гараад ирнэ шүү дээ. Тэгээд онц нь дахиад сонгогдоод явна биз. 16 жил дараалан УИХ-ын гишүүн хийж яваа хүн байна. Монголын ард түмэн УИХ-ын гишүүн тус бүрд ямар бодит үнэлгээ, дүгнэлт өгч байгааг тодруулан гаргахын тулд тэднийг МАН-ын удирдах албан тушаалаас зааглах ёстой. Энэ асуудалд багагүй зөрчил, маргаан гарах нь тодорхой. Гэхдээ  бид шийдэх л ёстой. 

 -Та зөрчил дутагдал гар­гасан гишүүддээ нам хариуцлага тооцох нь дэ­мий гэж ярьж байна. Тэг­вэл МАН-ыг шинэчлэх хөдөл­гөөний залуус анх гарч ирэхдээ “Намын нэрээр төр засгийн өндөрлөгт гарч авлига хээл хахуулиар баяж­сан бусармаг этгээ­дүүдийг  МАН-аас хөөн зайлуулах ёстой” гэсэн хатуу байр суурь илэрхийлж байсан. Нийгэмд хүлээгдэж байсан дуу хоолойг зоригтой илэр­хийлсэн болохоор  ард олон тэднийг эхэндээ халуун дотно хүлээн авсан. Харин сүүлийн үед байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болчихлоо. МАН-ын нэрийг шороотой хутгасан нэр бүхий ги­шүүдийнхээ талаар энэ удаагийн их хурлаар авч хэлэлцэх үү?  

-Би тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би хамгийн гол нь өнгөрснийг биш, ирээдүйд баримтлах “итгэл найдвар”-ын дүрмийн талаар ярьж байна. Энэ дүрмээр үнэхээр монголоо гэсэн шинэ үе, шинэ хүмүүс заавал гарч ирнэ. Итгэл найдвартай, сайн дүрэм батлан гаргавал сүүний өрөм тогтдог шиг сайн, сайхан хүмүүс гараад л ирнэ. Өөрөөр хэлбэл битгий хуйвалдаасай, битгий фракцлаасай, битгий бие биенийхээ араар хэн нэгнээ муу хэлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

Энэ өргөн дэлгэр нутагт Монгол гэж нэг л үндэстэн амьдарч байгаа. Тэгвэл эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ-д ямар олон үндэстэн, ястан амьдарч байна. Хөрш зэргэлдээ  хоёр орон ямар олон үндэстнээс бүрдэж тэдгээрт ямар олон хүндрэл бэрхшээл үүсч байна вэ. Тэгвэл Монгол гэж цоройсон ганц үндэстний язгуур эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж чаддаг, асрах, энэрэх ёсонд ойр тийм сайхан “итгэл найдвар”-ын дүрэмтэй болохын төлөө л МАН-ын гишүүд, дэмжигчид ухаан бодол, санал санаачлагаа нэмэрлэх ёстой юм. Хэрвээ энэ дүрэм бидний бодож, төлөвлөж байгаачлан батлагдан гарвал би хувьдаа МАН-ын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэж бодож байгаа. Одоогийн дүрэм бол дэндүү босоо, бүлэглэл фракц үүсэх бололцоотой дүрэм байгаа. Тэгэхээр одоогийн дүрмийг зайлшгүй залруулах, шинэчлэх, “итгэл найдвар”-тай болгох шаардлагатай. 

-Энэ удаагийн их хурлаар намын даргын сонгууль нээлттэй, шударга үнэн болох нөхцөл бололцоо  бүрэлдэх болов уу?    

-Энэ удаагийн их хурлыг заавал гуравхан хоногт амжуулна гэсэн ойлголт байхгүй. Монголын улстөрийн ууган хүчин, улс орны эрх чөлөө, тусгаар тогтнолын сахиул болсон энэ том байгууллагын хувь заяаг шийдэх хурал долоо хоног ч үргэлжилж болно. Анхан шатны бүх үүр, нэгжээс шигшигдэн ирж байгаа 1100 гаруй төлөөлөгч оролцоно. Намын дүрмийг яв цав, маш сайн болгохын төлөө энэ 1100 гаруй төлөөлөгч  хоёргүй сэтгэлээр оюун ухаан,  итгэл, сэтгэлээ шавхтал хуралдах ёстой юм. 

 -Энэ их хурлын дараа МАН тунгалагшиж, цэвэршээд явах баталгаа аль хэр байгаа вэ. Нийгэмд байгаа ойлголтоор бол МАН, түүний залгамжлагч болох НАМЗХ, НАМОХ-г бараадаж, хэн нэг даргын цүнхийг барин хамгийн сайн гүйсэн нөхөд л улстөрд хөл тавьж, насаараа идэх хоолондоо хүрдэг гэлцдэг нь хэнд ч илэрхий зүйл. Энэ байдлыг өөрчлөх найдвар харагдана уу? 

 -Залуучуудыг ч юм уу, аль нэг хүнийг улстөрийн явцуу  эрх ашгийн  төлөө ашиглах нь гэмт хэрэг. Ямар ч хүмүүс зөвхөн сайн сайхнаараа л нэгдэж байх учиртай юм. Ийм нэгдэл л он цагийн шалгуурыг давдаг. Дүр эсгэсэн хуурамч улстөр хүнийг алахаас өөр юу ч хийж чадахгүй. Чин үнэнээсээ дургүй бол дургүйгээ л хэлэх хэрэгтэй. Аливаа улстөрийн нам ард түмнээ ямар ч үед халуун дулаан харцаар харах ёстой юм. Харин өнөөдөр сонгуулийн үед л наалинхайтчихаад  бусад үед нь хялайгаад байгаа нь монголын  улстөрийн намуудын дүрэмтэй л холбоотой. 

Бидний боловсруулж байгаа МАН-ын шинэ дүрэм батлагдвал УИХ-ын гишүүн аль нэг тойрог гэж явцуурахгүй бүх Монгол Улсын төлөө чөмгөө дундартал зүтгэх бололцоо нөхцөл хангагдах  юм. Үнэндээ 25 хүн битгий хэл чин сэтгэлтэй, тэмүүлэл зүтгэлтэй ганц хүн байхад ч багадахгүй. 

-Таны яриад байгаа энэ сайхан дүрэм батлагдан гарах боломж нөхцөл нь хэр байна. Ер нь өнгөрсөн түүхээс харж байхад МАН-ын их хурлын бүх дэг, сценари тайзны ард өрнөж, тогтоол, шийдвэрүүд нь ч урьдчилан бэлтгэсэн зааврын дагуу гардаг гэх юм билээ. МАН-ын их хурлын дараа ямар ч өөрчлөлт шинэчлэлт болсон шинжгүй бахь байдгаараа нөгөө хэдэн архагууд нь  намын удирдлагаа өгөлцөж авалцсан байдаг л даа. Хамгийн гол нь энэ удаагийн хурлаар энэ байдалд үндсэн өөрчлөлт хийж чадах нь үү гэж л нийгэм даяараа хараад байгаа л даа? 

 

-Миний хувьд энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт  100 хувь итгэлтэй байгаа. Яагаад гэвэл одоо хүмүүс зөвхөн МАН-ын шинэчлэлийн төлөө бус, Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө ярьдаг болж. Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, гэрэл гэгээний  төлөө бид МАН гэсэн нэрэн дор нэгдэх чадамжтай болсон нь л чухал юм. Харин эсрэгээрээ хэн нэгэн даргын дор нэгдэх чадамж улам суларч байна. Тийм ч учраас би намын шинэ дүрэм батлагдана, үүний үр дүнд ямар нэгэн фракцид хуваагдах шаардлагагүй болно гэдэгт итгэлтэй байна. 

 МАН-ын ХХVII их хурал шинэ ахиц дэвшил авч ирсэн түүхэн үсрэлт болно гэдэгт тун их найдаж байгаа. МАН-ын шинэ дүрэм бол ирээдүйг угтсан их том өөрчлөн байгуулалт болно. МАН-ын шинэ үе үнэхээр сайхан дүрэмтэй болно. 

-Та их сайхан өөдрөг үзэлтэй хүн юм. Гэхдээ МАН-ын архагууд бол үнэхээр ланжгар шүү дээ. Та бүхний төсөөлөөгүй дайралт, шахалт орж ирнэ. Мугуйдлан зүтгэхийг харин ч нэг үзүүлээд өгнө шүү дээ. Долоо хоног үргэлжиллээ  гэхэд  та бүхний хүсэн хүлээсэн шинэчлэл МАН-д хийгдэж, энэ нам цоо шинэ болж дөнгөнө гэж үү? 

 -Дүрмэнд байгаа. Эхлээд эрдэмтэн, мэргэдээ сонсох ёстой. Амьдралд ойр, үнэн үгтэй хүмүүсийг л мэргэд гээд байгаа юм шүү дээ. Монголын  төлөө чин  үнэнчээр хэлж байгаа үг бүрээс шүр, судвыг нь шүүрдэх ёстой юм. Ард түмний бүх нарийн нандин ухааны цуглуулга нь МАН-ын шинэ дүрэм болох учиртай. Даргын харцаар, нутгийн харцаар асуудлыг шийдэхгүй. Ард түмний сонгодог ухаанаар асуудлыг тал бүрээс нь нягтлах ёстой. 

-Өнөөдрийн тухайд МАН-д онцгойрсон лидер алга. С.Баяр дарга амбицаа татсанаа зарлачихлаа. У.Хүрэлсүх улстөрөөс хөндийрчих шиг боллоо. Тэгэхээр таны яриад байгаа залуучуудыг арчиж, зүлгэж өнгө оруулаад их улстөрд татан оруулах арга л үлджээ дээ. Гэтэл улстөрч гэдэг нь явцын дунд туршлагажиж, суралцдаг ажил мөн үү?

-Гол бол гольдрилоо дагаж л урсдаг. Миний бодлоор монголын нийт залуу үед нийгмийн шалгарал явагдахгүй байна. Жишээ нь Тундерт байдаг амьдат тэндхийн цаг уурт шалгарч,  дасан зохицоод цав цагаан өнгөтэй болсон байгаа юм. 

Ихэнх залуучууд нам даган давхиж дэндүү улс­төржөөд байгаагаас ч болдог юм уу шалгарал ерөөсөө явагдахгүй байна. Нийгмийн шалгарал яваг­даад эхлэхээр хүссэн хүсээгүй торойх нь торойгоод л гараад ирнэ. Ядахдаа МАН-ын залуу­чуудад шалгарал явагдаасай гэж би үнэхээр их хүсдэг. Бидний хэдэн хүн намын шинэ дүрмийг санаачлан, уйгагүй ажиллаж байгаа нь эцсийн эцэст монголын ирээдүйд л санаа зовнисондоо хийж байгаа хэрэг юм. 

-Барууны үзэл баримт­лалтай гэгддэг АН, зүүн төвийн үзэлтэй МАН хоё­рын эцсийн зорилго нь Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмнийхээ  аж амьдралыг сайжруулахад оршдог гэж ойлгодог. Эцсийн эцэст сүйдтэй үзэл бодлын зөрүүгүй эдгээр намууд нэгдчихэж болдоггүй юмуу. Тэртэй тэргүй хө­шигний цаана эрх ашиг, түрүүвчээрээ нэгдчихсэн л байдаг шүү дээ? 

 -Үндсэндээ аль ч намд бүх талын мэдлэг  үнэхээр их дутагдаж байгаа юм. Бүх юманд таамгаар, мэд­­лэггүйгээр хандаж бай­на. Үндсэндээ мэдлэгт суурилсан эдийн засаг биш, уул уурхайд суурилсан эдийн засаг л яваад байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр бүх зүйл будилаантай байгаа. Уг нь Монгол Улсын тэргүүлэх салбар нь уул уурхай биш, мэдлэгт суурилсан эдийн засаг байх учиртай юм. Аливаа юманд онол, практикийн гүнзгий мэдлэгтэйгээр хандаад ирэхээр аяндаа бүх зүйл тэгширнэ. Өнөөдрийнх шиг баримжаалсан, дуулсан, сонссон, гүтгэсэн маягаар улс орны хөгжил дэвшилд хандаж хэрхэвч болохгүй. 

 МАН төдийгүй бүх улстөрийн хүчний эн тэргүүний зорилго нь ард түмнээ гэгээрүүлэх, мэдлэгт тэмүүлэх хүслийг нь бадраах тэмцэл байх ёстой юм. Тэгж байж Монгол Улс хөгжил дэвшлийн зам дээр бат найдвартай зогсоно. Залуучуудын дурлах салбар нь улстөр биш  эрдэм номын өргөө, хүнгэнэсэн үйлдвэр  л байх ёстой юм. Монголын залуучуудыг “Төөрөөд төрчихсөн үр минь, төөрөөд төрчихсөн найз минь” гэсэн сэтгэлээр асарч, энэрч, гэгээрүүлэх соёлын хувьсгал хийх хэрэгтэй байна. 

 -Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдлыг та бүхэн юу гэж дүгнэж байгаа вэ?     

 -Тун тааруухан байгаа. Валютын ханш гуравхан сар өсөхөд л бидний амьдрал тэр чигээрээ донсолж байна. Уг нь бол мөнгөний ханш, бодлогын ханш зэргээ бүгдийг нь чангаруулах ёстой юм. Тэгээд  маш их сонор сэрэмжтэй байх ёстой. Бидэнд азаар маш том мөнхийн  хөршүүд  заяаж. Нүүрсний үнэ уналаа л гээд байна. Яадгийн нүүрсээ хоёр хөршдөө үнэгүй гаргаад цахилгаан, бинзен түлшээ оронд нь авъя л даа. Гэр хорооллын утаа гээд толгой сэгсрээд байна. Гэтэл үнэндээ дөрөвхөн сар л гал түлдэг шүү дээ. 

Харин 370 мянган хэвтээ яндангийн асуудлаа эхлээд нэг тийш нь болгох хэрэгтэй. Наад зах нь цахилгаан машин унаж ард түмэндээ үлгэр жишээ болж байгаа Ерөнхий сайд манайд алга. Цахилгаан машин гараад 10 жил болж байхад монголд ганц нь ч орж ирсэнгүй. 

-Монгол Улсын ирээдүйг та хэрхэн дүгнэдэг вэ?

 -Хамгийн сайхнаар тө­сөөлдөг. Гуравхан сая мон­голчууд бол дээд тэнгэрээс заяатай үнэхээр агуу их хувь тавилантай хүмүүс. Бид ийм цөөхүүлээ учир амьдарсан шиг амьдарч “Үгүй энэ монголчууд чинь яасан сайхан  эх оронтой, ямар сайхан ааш зантай, яасан саяхан биесээ хайрладаг юм, залуучуудаа ямар тусгай бодлогоор сургаж, дадлагажуулдаг юм бэ” гэтэл гайхтал нь эх орноо хөгжүүлэх томоохон хүчин зүйл нь  МАН-ын шинэчлэл  гэж бодож явна.