Ж.Батсуурь: Уул уурхайн компаниудаас яагаад хамгаалж болохгүй гэж, би хамгаална
2011.03.01

Ж.Батсуурь: Уул уурхайн компаниудаас яагаад хамгаалж болохгүй гэж, би хамгаална

Гол мөрний урсац бүрэлдэх эх усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигтмалтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг2009 онд УИХ баталсан. Харин энэхүү урт нэртэйхуулийг амьдралд хэрэгжих боломжгүй хэмээнүзсэн УИХ-ын зургаан гишүүн уг хуулийг хүчингүйболгох хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан ньанхаарал татаж байгаа юм. Тус хуулийн төслийг өргөнбарилцсан гишүүдийннэг болох УИХ-ынгишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг чухам ямар шалтгааны улмаас өргөн барьсан юм бэ?

-Урт нэртэй хууль анхнаасаа ээдрээтэй нөхцөл байдалд батлагдсан. Хуулийг буцааж хэрэглэх гэдэг нь маш аюултай зүйл байдаг. Монгол Улсын Засгийн газар 1990-2000 онд төсвийнхөө орлогыг нэмэгдүүлье, байгалийнхаа баялгийг ашиглая гэдгийг чухалчилж уул уурхайн салбарынхныг дэмжсэн бодлогыг түлхүү явуулж ирсэн. Тэр ч утгаараа олон хууль, журам, хөтөлбөр гарган «Та нар минь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийгээч, байгалийнхаа баялгийг ашиглаач» гэсээр байгаад иргэд, аж ахуйн нэгжүүдийг уул уурхайн салбар руу хууль журмын хүрээнд татан оруулж ирсэн шүү дээ. Тухайн үед лиценз авсан газрууд хэдхэн жилийн дараа хүчингүй болчихно гэж огт бодоогүй. Лицензээр олгосон газраа хууль гарган буцаагаад булааж авахыг нь мэдсэн бол хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Гадны орнуудаас маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авч,хайгуул судалгааны ажилд гэхэд тав, зургаан жилийн хугацаа зарцуулсан. Маш их бэлтгэл ажлыг дараа уул уурхайг ашиглан олборлолт хийдэг. Уул уурхайн салбарын гол онцлог нь хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь ашиглахаас өмнө зарцуулагддаг. Дараа нь үр дүнгээ өгдөг. Банкнаас их хэмжээний зээл авч тоног төхөөрөмж худалдан авч ажлаа эхлэх гэхээр нь болилоо, лицензийг чинь хүчингүй болгоно, хураана гэвэл тэр хүмүүсийн хувьд хэцүү биз дээ.Үүнийг дагаад маш олон ажлын байр үгүй болно. Уул уурхайн компаниуд улсад хайгуулын лиценз авсан өдрөөсөө эхлэн маш их мөнгө төлдөг.

-Лиценз хурааснаар тухайнкомпаниудыг бүрмөсөн хохироохгүй шүү дээ?

-Урт нэртэй хуульд лицензээ хураалгасан уул уурхайн компаниудад улс нөхөн олговор олгоно гэсэн байгаа. Гэхдээ тухайн үед улсын хэмжээнд гол мөрний эх, ойн сав газарт хичнээн компани үйл ажиллагаа явуулдаг, ажлын байраар хичнээн хүнийг хангадаг, хэдэн төгрөг буцааж олгох тухай асуудал огт яригдаагүй. Харин хууль хэрэгжээд уул уурхайн компаниудын лицензийг хураасны дараа тухайн компаниудад хичнээн төгрөгийн нөхөн олговор олгох вэ гээд тооцоод үзсэн чинь 5.7 их наяд төгрөг өгөх судалгаа гарч байна. Энэ бол анхан шатны судалгаа. Тэгэхээр 5.7 их наяд төгрөгийг үйл ажиллагааг нь зогсоосон 1782 компанид буцаан өгөх шаардлага гарч байгаа юм. Эргэн төлөгдөх энэ их мөнгийг төсвийн ачаалал яагаад ч дийлэхгүй. 1782 лицензийн 10 хүрэхгүй хувь нь хайгуулын лиценз, үлдсэн 90 хувь нь ашиглалтын лиценз. Хайгуул хийгээд юу ч олоогүй компаниудын хувьд тэртэй тэргүй мөнгөө хийсгэсэн гэсэн үг. Хуулийн дагуу юу ч олоогүй бол эрсдэлээ өөрөө үүрээд газраа буцааж өгдөг. Гэтэл урт нэртэй хууль гараад ирэхээр юу ч олоогүй компаниуд энэ хуулиар далимдуулан төрөөс их хэмжээний мөнгө авах болчхоод байна. Хайгуулын лиценз эзэмшигч компаниуд төсвөөс мөнгө авах зорилгоор урт нэртэй хуулийг лоббидож гаргасан бололтой. Тийм учраас нөхөн олговор нэрээр мөнгө авах гэж байгааг бид эсэргүүцэж байгаа.

-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох хуулийн гол агуулгыг зарим гишүүдийн хувьдтөдийгүйхөдөлгөөнийхөн эсэргүүцэж байгаа шүү дээ?

-Бидний санаачилсан хуулийн гол санаа бол хууль батлагдсан өдрөөс хойш гол мөрний эх, ойн сав газар нэмж хайгуулын болон ашиглалтын лиценз олгохгүй. Мөн одоо лиценз эзэмшиж байгаа компаниудыг хуулийн хүрээнд нөхөн сэргээлтийг нь хангалттай хийлгэсний үр дүнд ямар ч нөхөн олговор олгохгүйгээр дуусгах арга хэмжээ авах юм. Лицензийг нь цуцлах 890 компани байна. Энэ бол маш их ажиллах хүч. Гэтэл бүгдийнх нь үйл ажиллагааг зогсоогоод уул уурхайн салбарыг бүхэлд нь сүйрүүлж болохгүй биз дээ. Нэг дор олон лиценз цуцлагдсанаас болж Монголын банкны салбарт өрийн сүлжээ үүссэн. Бүгд лицензээ барьцаалаад зээл авчихсан. Тэр лицензүүд бүгд хүчингүй болчхоор банкнууд барьцаа хөрөнгөгүй болж байгаа юм. Банкны зээлүүд ч эргэн төлөгдөх баталгаагүй болчихлоо.

-Уул уурхайн хэдэн компани дампуурах бол нэг хэрэг. ХаринМонгол орны байгалийнүзэсгэлэнт газрууд сүйдэж байгаа нь нөхөж баршгүй гарз биз дээ?

-Монгол орны байгалийн үзэсгэлэнт бүх газарт лиценз олгосон нь худлаа. Монгол Улсын нийт газар нутгийн 58 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Нэг ёсондоо хайгуулын лиценз огт олгоогүй газар гэсэн үг. Бүх орон нутаг, аймаг, сумын хэмжээнд байгалийн үзэсгэлэнт газар, гол мөрөн, тахилга шүтлэгтэй, говийн их бага дархан газруудыг нь тусгай хамгаалалтад авчихсан. Гэтэл үүгээр далимдуулан урт нэртэй хуулиар төсвөөс мөнгө аваад идчихье гэсэн далд санаа цаана нь явж байна. Миний хувьд эх оронч хандсан. Тэгээд ч байгаль сүйтгэхгүйгээр ямар ч үйл ажиллагаа явуулж чадахгүй. Таван толгой, Оюутолгой гээд бүгд л байгаль сүйтгэж байгаа шүү дээ. Байгалийн баялаг ашиглаж байна гээд говийн хөрсийг эргүүлээд л хаяж байна. Дэлхийн ямар ч улс орон тодорхой эрсдэлийг хүлээдэг. Гэхдээ нөхөн сэргээлтийг хийдэг. Монгол Улсын хэмжээнд олгосон ашиглалтын лиценз гэхэд нийт нутаг дэвсгэрийн 6.6-хан хувьд л оногддог. Ийм багахан хувийг эзэлж байна. Түүнээс бүх л гол мөрөн, ой, үзэсгэлэнт газрууд уул уурхайн хөлд үрэгдчихсэн юм шиг зүйл яриад тийм ойлголтыг хүмүүст өгч огт болохгүй. Тэртэй тэргүй хуулиар урьд өмнө нь тусгай хамгаалалттай газар нутаг, төрийн тахилгатай болон орон нутгийн тахилгатай уул, устай газарт хайгуулын лиценз олгож байгаагүй. Хайгуул, ашиглалтын лицензтэй газраас арав дахин их газрыг тусгай хамгаалалтад авсан.

-Зургаан гишүүнийхувьд урт нэртэй хууль санаачлагчдыг хайгуулын лиценз эзэмшигчдийн лоббинд орсон гэж үзэж байгаа юм байна. Харин га нарыг ашиглалтын лиценз эзэмшигч алтны компаниудын лоббинд орсон гэх юм?

-Бид Монголынхоо компаниудын эрх ашгийг хамгаална. Түүнээс лоббинд ороогүй. Бас биднийг Засгийн газрын лоббинд орчихлоо гэж бичсэн байна билээ. Би монгол төрийн түшээгийн хувьд Зас-гийн газраа хамгаална шүү дээ.Ямар ч хэрэгжих боломжгүй хууль гаргачхаад 5.7 их наяд төгрөгийг хайгуул нэртэй луйвар хийсэн улсуудад зүгээр өгнө гэж байхгүй. 10 төгрөг зарчхаад нэг сая төгрөг зарсан гээд сууж байгаа улсууд, тэд чинь.

-Нөхөн төлбөрийг заавал мөнгөөр биш өөр гарцаар шийдэж болно гэж байсан?

-Мөнгийг өөр ямар гарцаар шийдэх гээд байгаа юм бэ. Татвар төлөгчдийн мөнгийг л лицензээ цуцлуулсан компаниудад өгөх нь тодорхой. Мөн 890 компани жил болгон татварт маш их мөнгө төлсөн. Тэр бүхэн байхгүй болно. Орлого тодорхой хэмжээгээр буурна. Бид Оюутолгой, Таван толгой гэсэн хоёрхон компанийн тухай яриад бусдыг нь хаяж болохгүй. Тэр хоёр бүхнийг шийднэ гэдэг худлаа шүү дээ. Тэр олон компани асар их хэмжээний татвар төлж ирсэн. Татвар төлсөн судалгааг нь холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд нь гаргаж өгсөн. Га тутамд газрын төлбөр, нөөцийн төлбөр гэж мөнгө төлдөг. Мөн маш олон хүнийг цалинжуулж ажлын байраар хангадаг. Хөдлөх бүртээ тоо томшгүй их татвар төлсөн нь тодорхой шүү дээ. Уул уурхайн эдгээр компаниуд биднийгүед арав, хорин жил авч явсан гэж боддог. Гэтэл өнөөдөр тэдний толгойг шууд тасалж болохгүй. Үүнээс болоод «Би боож үхнэ» гээд явж байгаа хүн хүртэл байна. Би зүгээр нэг компаниудыг хамгаалаагүй. Ер нь уул уурхайн компаниудыг яагаад хамгаалж болохгүй гэж. Би хамгаалах болно. Бидний хувьд луйварчдыг зогсооё гэж явж байгаа. Хуулийг буцааж хэрэглэнэ гэж байдаггүй. Ногоо тарь гэж гурван жил мөлхүүлчхээд яг ногоогоо хураагаад үр шимийг нь хүртэх гэхээр авч болохгүй гээд тарьсан ногоог нь булаагаад авчихвал ямар байх вэ. Яг үүнтэй адил зүйл болоод байна. Ингэж болохгүй биз дээ. Гэтэл маш гоё үг хэрэглэн, Монголынхоо уул, усыг Хамгаалж байна, Монголынхоо онгон байгалийг хамгаалж байна гэдэг нэрийн дор луйвар хийж болохгүй л байхгүй юу. Тэд луйвар ярьж байгаа бол би ч гэсэн луйврын тухай асуудлыг хөндөж ярина.

-Тэгвэл анхнаасаа хууль санаачилж батлахдаа энэ бүхнийг харгалзан үзэхгүй яасан юм бэ?

-Ер нь урт нэртэй хуулийг тооцоо судалгаагүй баталсан. Шоу, амбиц, сэтгэлийн хөөрлөөр баталсан. Я.Батсуурь гишүүн гэхэд энэ хуулийг анхнаас нь дэмжээгүй. Миний хувьд хууль батлагдахын өмнө «Ядаж цаг хугацаа өгч болдоггүй юм уу» гэж хэлж байсан. Нэгэнт тэр хүмүүсийг уруу татан уул уурхайн салбар руу орооч, татварын хөнгөлөлт эдлүүлнэ, хуулийн хүрээнд дэмжинэ гэсэн. Засгийн газар хүртэл «Алт» хөтөлбөр гаргаа биз дээ. Алтаа ашиглаж амьдрахгүй бол «Алтан дээр суусан гуйлгачин» гэж дэлхий биднийг нэрлэж байна гээд л байсан. Алтаа ашиглан төсөвтэй мөнгө оруулаад сайхан амьдарна гэж байсныг хэн ч мартаагүй л байна. Энэ уул уурхайн компанийн нөмөр нөөлөгт амьдрал ахуй нь сайхан, цалин цавуутай амьдарч байна. Би нэг жишээ хэлье. Миний хувьд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Зүүнбаян дахь нефть хайгуулын Хятад компани, Францын компаниудыг сүүлийн арван жил мөлжсөн. Сумын эмнэлэг, сургууль болгонд компьютер, эмнэлгийн машин өгөөч гээд үргэлж санаа зовмоор нэхсээр байгаад л авдаг байсан. Одоо ч гэсэн мөлжиж л байна.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байдаг Цагаан эргийн худагт насос мотор тавиад өгөөч, эрчим хүчний шугам бариад өгөөч гэж нэхсээр байгаад 17 сая төгрөгийг нь авсан. Бид тэжээлгэж л байгаа биз дээ. 890 компанийн үйл ажиллагааг шууд зогсоохоор ямар их хор хохирол гарах вэ гэдгийг бодолцох ёстой. Байгаль гэдэг чинь ашиглаж, хайгуул хийнгүүт сүйдчихдэг юм биш. Тийм буруу ойлголтыг хүмүүст өгч байна. Зарим хүмүүс гишгэх газаргүй болсон гээд ярих юм. Миний хувьд Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа нутгаар хөндлөн гулд хэдэн жил тэнэсэн. Одоо ч явж л байна. Жаахан л алс газар машин эвдэрвэл өлсөж цангаж үхнэ. Хүн, малын бараа ч харагддаггүй. Хэн хаагуур хайгуул хийгээд юу ухаад байгаа нь мэдэгддэггүй шүү дээ.

-Гэхдээ хангай, говь хоёр ялгаатай шүү дээ?

-Анх хууль нээлттэй байсан. Тэгж ярьж байгаа бол анхнаасаа хайрлаад хамгаалаад байсан гол мөрөн, ойгоо яагаад тусгай хамгаалалтад авалгүй лиценз олгосон юм бэ. Уул, ус гол мөрнөө хамгаална гэж яриад байгаа хүмүүс өмнө нь юу хийж байсан юм бэ. Би баттай хэлж байна. Монгол Улсын нутаг хамгаалалтад авах эсэх нь нээлттэй байсан. Гэтэл уул уурхай руу баахан хүмүүсийг бодлогын түвшинд уруу татаж, хамаг хөрөнгийг нь үрүүлчхээд чамайг хориглолоо, зогсоолоо гэдэг буруу. Тэр олон компанийн хүмүүс өнөөдөр маш өрөвдөлтэй байдалд байна.Мөнгө, нөхөн олговор өгнө гэж байгаа боловч түүнийг өгнө гэдэгт хэн ч итгэхгүй. Салбарын яам нь хүртэл нөхөн олговрын мөнгийг өгөх боломж ч байхгүй гэж үзэж байна. 5.7 их наяд их мөнгө. Бүрэн тооцоо судалгаа нь гараагүй байна гэж байгаа шүү дээ. Ингэж бид асуудлыг туйлшруулан олон компанийг хохироож болохгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.