Номин.Э 2016.06.08 | Сайт: Vip76.mn

Хятадад гэр бүл салалт өндөр байдгийн шалтгаан

Хятадад гэр бүл салалт өндөр байдгийн шалтгаан

Хятадын Засгийн газрын зүгээс гэр бүлийн үнэ цэнийг ихэд ярих боловч гэр бүл салалт нэмэгдсэн хэвээр байна.

Ян Юронгийг шатаар дээш өгсөх зуур эхнэр нь хэд хэд нудраад авав. Энэ гэр бүлийн хоёр Чунцин дахь гэр бүлийн салалт хариуцсан дүүргийн газарт өөрсдийн ээлжийг хүлээн дугаарлан зогсох аж. Энэ газар хөл хөдөлгөөн ихтэй болоод уджээ. Ян Юрон эхнэртэйгээ хорь гауй жил ханилсан юмсанж. Түүний өгүүлснээр энэ хугацаанд эхнэр нь хэд хэдэн удаа өөр хүнтэй байснаас гадна их түргэн зантай гэнэ. Гучин минут хүлээж, 9 юань төлсний эцэст тэдний гэр бүлийн амьдрал дуусгавар болов. Хамгийн сонирхолтой нь тэднээс ердөө хэдхэн цонхны цаана өөр нэгэн гэр бүл гэрлэлтээ батлуулж, баяр хөөртэйгээр хамтдаа зургаа татуулан зогсох аж. Энэ үзэгдлийг харсан Ян Юрон ба түүний эхнэр хэсэг зуур бодол болсон боловч маргалдсаар гэрийн зүг гэлдэрлээ. Ихэнх хосууд тэдний адилаар хэсэг зуур боловч тээнэгэлздэг.

БНХАУ даяар салалтийн түвшин дээшилсээр байна. Гэрлэлт нь бараг л насан туршийнх мэтээр ойлгогдож байсан нийгмийн хувьд энэ бол үнэхээр гоц өөрчлөлт. Маогийн эрин гэр бүл салалт гэдэг тун этгээд үзэгдэл байснаас харахад коммунист дэглэмийн үед ч бас гэр бүлийн харилцааны уламжлалт үнэ цэнэ хадгалагджээ. Харин 1980-аад оноос салалт түгээмэл үзэгдэл болох хандлага дэлгэрсэн боловч 1994 оны Гэр бүлийн хуулинд зааснаар ажил олгогч юм уу харьяа нийгэмлэгийн даргаас тодорхойлолт авах шаардлагатай байв. Харин энэ шаардлага 2003 онд хүчингүй болжээ.

Энэ шинэ хандлагад эдийн засаг болон нийгмийн өөрчлөлт зонхилох нөлөөг үзүүлжээ.

.... Өнгөрсөн 35 жилд өрнөсөн улс орон доторх их нүүдэл нь гэр бүлүүдийг хөндийрүүлэв. Уламжлалт үнэ цэнийг эрх чөлөөт үзэл орлов. Эмэгтэйчүүд боловсролтой болохын хэрээр гэр бүлийн эрх зүйн асуудлыг сайтар мэддэг боллоо (гэр бүл салах өргөдлийн тал хувийг эмэгтэйчүүүд санаачилдаг)....

Энэ мэт нөлөөллөөс болж олон хүмүүсийн хувьд гэрлэсэн хэвээр байснаас ганцаар амьдрах нь илүү хялбар мэт санагдаж эхэлжээ.

Хоёр тал л тохиролцож чадах аваас гэр бүлээ цуцлуулахад хамгийн амархан, бас өртөг багатай улс бол БНХАУ. Харин Их Британи мэтийн барууны орнуудын хувьд гэр бүлээ цуцлуулахаас өмнө заавал хэсэг хугацаанд тусдаа байх шаардлагатай. Харин Хятад улсад ийм зүйл огт байхгүй.

.... 2014 оны тоон үзүүлэлтээс харахад 3,6 сая хос гэр бүлээ цуцлуусан нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт юм ...

1000 хүн тутам дахь салалтын тоон үзүүлэлт хүртэл тэр үеийнхээс хоёр дахин их болжээ. БНХАУ-ын гэр бүл салалтын түвшин одоогийн байдлаар барууны орнуудыг давж, АНУ-д ойртож очжээ.

Сайн харвал хөдөөнөөс хотыг зоригсдын их цуваа, олон нийтийн цахим хэрэгслийн дэлгэрэлт, хосын хувиар сонгож болох хүмүүс олширсон нь гэр бүл салалтын хурдыг орон даяар нэмэгдүүлжээ. Гэвч ихэнх шилжин суурьшигчид төрөлх нутагтаа гэрлэдэг боловч урт хугацааг гэр бүлийн хүнээсээ хол өнгөрөөдөг. Үүнээс болж гэр бүлийн амьдралд гуравдагч этгээд гарч ирнэ. Хенан Их Сургуулийн судлаач Ли Сяомины хэлснээр нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан өөр хүйсийн хүнтэй уулзаж, танилцах боломж өмнөх үед хомс байжээ. Гэтэл Чунцин дүүргийн нийт салалтын 60-70 хувь нь өөр хүнтэй учир ургуулснаас үүдэлтэй байх юм.

Энэ хандлагаас болж хүмүүс заяаны ханиа ихээр хайх болжээ. ‘Савх хүртэл хосоороо ирдэг’ гэсэн ухагдахуун Хятадын нийгэмд зонхилсон хэвээр байх бөгөөд Күнз суртлыг дэмжсэн аз жаргалтай гэр бүлүүдийн зурагт хуудас энд тэндгүй харагдана. Олон нийтийн цахим хэрэгсэлд сэтгэгдэл бичигсэд хүртэл гэр бүл салалтыг ёс суртахууны доройтол, БНХАУ-ын нийгмийн тогтвортой байдалд учирч буй аюул занал хэмээн үздэг. Барууны амьдралын хэв маяг дэлгэрсэн нь бас үүнд их нөлөө үзүүлжээ.

Гэхдээ тус улсын уламжлалыг энэ хэргийн өөр нэгэн буруутан гэж үзэж болно.

... Хятадын хуулиар 22-оос дээш насны эрчүүд гэр бүл зохиох эрхтэй. Энэ бол дэлхийн хамгийн өндөр зааг. Энэхүү консерватив хандлагаас болж гэр бүлийн өмнөх харилцаа бараг өрнөдөггүй.Хятад залуусын хувьд гэрлэхийн өмнө хамтдаа амьдрах нь тун ховор ...

Мөн гэр бүлийн настнууд нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл эцэг эхийн хүсэлт, ухуулгаар гэр бүл салдаг. Саяхан хэрэгжихээ больсон ‘ганц хүүхэд бодлого’-ын үрээр эцэг эх, эмээ өвөөгөө харах үүргийг хуваалцах хамаатан садан тэдэнд байхгүй болсон. Иймд залуу хосууд нэг биш нэлээд хэдэн настнуудын хамт амьдардгаас бусдын хараан дор байгаа мэт мэдрэмж төрч, тэмцэлдэж эхэлдэг байна. Гэр бүлийн тэмцлийг настнууд улам лавшруулж, зарим эцэг эхчүүд нь салахыг зөвлөнө.

Гэтэл гэр бүл салалт нь эмэгтэйчүүдэд хамгийн хохиролтой. Тухайлбал гэр бүл болсны дараа нөхрийн талаас байр худалдан авч өгсөн бол өмчлөх эрх нь зөвхөн нөхөрт үлдэнэ. Мөн гэр бүл болохоос өмнө байр худалдаж авсан бол салсны дараа ч гэсэн дангаар эзэмшсэн хэвээр байна. Иймээс нөхрийн талын эцэг эхчүүд нь хүүхэддээ байр худалдан авч өгдөг. Ингэснээр эмэгтэйчүүдийг илүүтэй татдаг байна. Харин тухайн гэр бүлд хүүхэдтэй бол хүүхдээ өсгөх тал нь байраа эзэмших эрхтэй. Энэ тохиолдолд голдуу ээж нар нь хүүхдээ, бас байраа авч үлдэх боломжтой.