Оюунхорол.Д 2016.06.08 | Сонин: Монголын мэдээ

Д.Оюунхорол шиг улстөрч олон байгаасай

Д.Оюунхорол шиг улстөрч олон байгаасай

 Наян настай буурлаас найман настай балчир хүртлээ улстөржих болсон энэ цагт улс төрийн сэдэлгүй, аль нэг намын эрх ашигт үйлчлэхгүйгээр ажил хийж болдог юм гэдгийг харуулсан хүмүүс бол 2012 оны сонгуулиар парламентад суусан 11 эмэгтэй гишүүн байсан билээ.

АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН гэсэн үзэл бодол, үнэт зүйлээрээ ялгардаг өөр өөр намд байсан ч тэд Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн хамгийн орхигдсон хэсэг болсон хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүд гэсэн эрх ашгаар нэгдэн ажиллаж чадсан юм. 

Хоёр том намын улстөржилт хэрээс хэтэрчихсэн парламентад хууль батлуулах гэж, хуулийн төсөл боловсруулах гэж явсан хүмүүс бол эмэгтэй улстөрчид л байсан гэдэгт хэн ч маргахгүй биз ээ. Албан бус бүлэг байгуулж, дөрвөн жил амжилттай ажилласан эмэгтэйчүүд маань өнөө жил ч дахин УИХ-д хүч үзэж байгаа. 

Тэр тусмаа илүү олуулаа болон орж ирж хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, архи, тамхины замбараагүй хэрэглээг хямгадах, монгол хүний эрүүл саруул орчинд ажиллаж амьдрах эрхийг хангахын тулд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувьд хүргэж чаджээ. Хэрвээ улс төрийн намууд хуулиа мөрдөж, бүсгүйчүүдийг торгуулийн суманд ор нэр төдий дэвшүүлсэн дүр эсгэхгүйгээр хүчтэй бүсгүйчүүдийг улс төрд сойж чадвал 2016 онд 11 байсан тоо 20 хүрч болохоор байгаа юм. 


Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд эцэслэн тодруулж, батламжаа авч дууслаа. Ардын намаас гэхэд л Д.Оюунхорол нарын лидер эмэгтэйчүүд 2016 оны сонгуульд хүч үзэх нь. Бүгд л салбар бүртээ хүлээн зөвшөөрөгдсөн, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлж буй бүсгүйчүүд байх аж. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд төр түшилцэж суухдаа боловсрол, нийгмийн олон чухал асуудалд цөөхөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон дуугарч явсан тулхтай улстөрч. Хийх ажилгүй, хэлэх үггүй суудлын бөглөө болж суугаа эрчүүдээс тэрбээр өөрөө сэтгэж, өөрөөр хийдэг нэгэн байж чадсан юм. Эдийн засгийн хямралтай цаг үед улс орноо хямралаас гаргах зорилго агуулан МАН-ынхан Шийдлийн Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргахдаа Д.Оюунхорол гишүүнд Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдын албыг хариуцуулсан нь чухам нүдээ олсон томилгоо байсныг өдгөө хэн ч үгүйсгэдэггүй. Тэрбээр, богино хугацаанд сайд хийсэн ч өөрийн автораар нэрлэгдэх олон ч том хуулийн төслийн автор болж, бодлогын шийдвэрийг гаргасан билээ. 



Онцолвол, Зайсангийн уугуул иргэдийн олон жилийн маргаан Д.Оюунхорол гишүүнийг сайд байхад шийдэгдэж байлаа. Газрыг нь өмчилж өгөх тухай асуудал Хан-Уулаас нэр дэвшдэг улстөрчдийн жил жилийн сонгуулийн шоу болж байсныг тэрбээр шийдэж, газрын гэрчилгээг гаргаж өгснөөс гадна, нийгмийн асуудлыг нь мөн шийдвэрлэж байв. Өчнөөн олон зуун тэрбум хөрөнгийг зүгээр л хог гэсэн нүдээр харж ирсэн бидний сэтгэлгээг өөрчлөхөд анхаарч хог хаягдлыг бууруулах, цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, улмаар хог хаягдал ашиглаж эрчим хүч дулаан үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийг урамшуулах системтэй болгож өгсөн нь түүний дараагийн хийсэн том ажил байлаа. Нийслэлийн хамгийн эмзэг асуудал болоод буй хөрсний бохирдлын асуудал ч эрхэм гишүүний  сайд байх үед шийдлээ олж байжээ. 



Хөрсний бохирдлын асуудлыг анх удаа бодлогын хэмжээнд ярьж, улмаар мэдээллийн нэгдсэн сантай болох, үндэсний хөтөлбөртэй болох санаачилга ажил хэрэг болсон удаатай. Ойг хамгаалах ажлыг тууштай эхлүүлж, улмаар урамшууллын системтэй болсноор бүх нийтээр ойжуулах ажил эрчимтэй хийгдэж байсныг мартах учиргүй. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Д.Оюунхорол гишүүн сайдын үүрэгт ажлыг эрхэлж байхдаа хийж, өдгөө эмх замбараагүй байсан аялал жуулчлалын салбар эмх цэгцээ олох эхлэл тавигджээ. 

Энэ мэтээр байгаль хамгаалал, ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр 10 гаруй хууль, бодлогын том шийдвэрийг гаргуулж байсан тууштай улстөрч. Өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д цөөнхийг бүрдүүлсэн. Нэг намын хүч түрсэн шийдвэр ноёлж, цөөнхийн гишүүн хууль боловсрууллаа ч батлуулахгүй байх бодлого барьж байсан дөрвөн жилд тэр бууж өгөхийг хүсээгүй юм. Тиймдээ ч өмнө хэлсэнчлэн хүүхэд, эмэгтэйчүүд, ажилгүйдэл, малчин өрх гэх мэт нийгмийн хамгийн орхигдсон хэсэгт чиглэсэн чамгүй олон хуулийн төслийг санаачлан боловсруулсныг онцлон дурьдая. 



Эрхэм гишүүний эхний санаачилсан хууль нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийн өөрчлөлт. Хүн амаа олон болгох тухай ярьдаг атлаа эхчүүдээ урамшуулах талаар маш өчүүхэн бодлого барьж буй төрийн шийдвэрийг өөрчлөх үүднээс Алдарт эхийн одонгийн мөнгийг 500.000, 1.0 сая төгрөг болгох санаачилга гаргасан ч АН-ын улстөржилтөөс үүдэн батлуулж чадаагүй юм. Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулах талаар хөөцөлдөж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өдгөөч хөөцөлдөж явна. 

Мөн Боловсролын тухай хууль, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд залуусыг дэмжих тухай хуулийн төсөл, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах зэрэг дандаа хүнд хэрэгтэй, хүнээ чиглэсэн хуулиуд санаачилжээ. Малчин иргэний ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох, сайн дураар даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс Нийгмийн даатгалын тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьж байлаа. 

Түүний өргөн барьсан хуулиуд дотроос нийгмийн дийлэнх хэсгийн дэмжлэгийг авсан нэг хууль бол Өрх толгойлсон эцэг эхийн нийгмийн асуудлыг шийдэх тухай асуудал.

Өрх толгойлсон 80 гаруй мянган эцэг, эхийн захиалгаар боловсруулсан энэ хууль асар их дэмжлэг авч, хүлээлт үүсгэж байсан ч харамсалтай нь мөн л АН-ын эрхмүүдийн захиалгаар хэлэлцэхээс татгалзаж байсныг уншигч авхай та санаж буй биз. Сүүлийн гурван жилийн дүн мэдээнээс харахад 18 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 40433, эцэг 7971 байгаа тоон мэдээ бий. 


Тиймдээ ч үр хүүхдээ хараад ажил эрхлэх боломжгүй, байранд орох нөхцөл боломж хомсхон ганц бие эцэг эхчүүдэд хэрэгтэй энэ хуулийг УИХ-аар дахин оруулж хэлэлцүүлээсэй гэх хүлээлт байгааг нуугаад яахав. Д.Оюунхорол гишүүний дараагийн өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой болсон юм. 

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль боловсруулах, батлуулах. Ганц нэгхэн мөнгөний хуульд кнопоо худалдаж, эс бөгөөс том мөнгө, сандал суудлын томилгоо ярилцахаар хуралдаа суудаг улстөрчдөөс эмэгтэйчүүд эрс ялгардаг. Намын бодлогоос гадна УИХ-аас оруулж ирсэн хуулийн төсөл нэг бүрийн ажлын хэсэгт багтаж, боловсруулах ажилд гар бие оролцож байжээ. Ямартай л УИХ-ын дарга эмэгтэй гишүүдэд наад хуулиа өг. Арай хурдтай, шуурхай, чанартай явах байх хэмээн хуулийн төслийн ажлын хэсгийг бүсгүйчүүдэд хариуцуулж байх вэ. 

Тэгвэл Д.Оюунхорол гишүүн УИХ-ын гишүүдтэй хамтран 10 гаруй хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж, хуулийн гардан батлуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Онцолвол, 1998 оноос хойш шинэчлэх тухай ярьдаг ч гардаж авч өөрчлөх сэтгэлгүй гишүүдийн амны зугаа төдий яригдаж байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг эмэгтэй гишүүдтэйгээ хамтран УИХ-аар батлуулж чадсан юм. 

Ингэснээр, гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдож,  эр  эмийн дунд илжиг битгий жороол хэмээн үл тоож байсан цагдаагийн албан хаагчид хүчирхийллийг таслан зогсоох үндсэн үүрэгтэй болсон билээ.

Эндээс харахад эрхэм гишүүн боловсрол, эрүүл мэнд, хүчирхийлэл, байгаль хамгаалал, төсөв мөнгөний бодлого гээд нийгмийн бүх салбарт өөрийн мэдлэг чадвар, улстөрчийн чадвараа ашиглан ажиллаж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа нэртэй төртэй хийжээ. 

Монголын улс төрд жалга довны улс төр, намын пиар хийдэг бус бодлого ярьж, хууль боловсруулдаг улстөрчид хамгийн чухал.  Тэр тусмаа эмэгтэй улстөрчид олноор орж ирэх нь мөнгө, сандал суудлаас өөрийг ярьдаггүй парламентын танхимд ямар чухал болохыг харуулж чадсан эмэгтэй гишүүддээ баярлалаа гэж хэлэх нь зүйн хэрэг юм.