Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын 20 жилийн ой тохиож байна
2016.06.08

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн байгууллагын 20 жилийн ой тохиож байна

Монгол Улсын санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн хамт олон өнөөдөр 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус хамт олон 20 жилийнхээ ойн хүрээнд олон нийт болон гишүүд дэмжигчиддээ чиглэсэн олон бүтээлч үйлсээр ойдоо бэлэг барьж байна. Багш судлаачдын дунд олон улсын эрдэм шинжилгээний хурал, оюутнуудын дунд Нягтлан бодох бүртгэлийн улсын XIX олимпиад, эрдэм шинжилгээний бага хурал, эсээ бичлэгийн уралдаан, гишүүдийн дунд Жилийн уулзалт, Мэргэжилдээ баярлалаа аян, UB cup-2016 спортын тэмцээн, сэтгүүлчдийн дунд “Бүртгэл аудитын хөгжил бидний амьдралд” бүтээлийн уралдаан, олон нийтэд нээлттэй өдөрлөг зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт байгуулагдсан цагаас зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсад олон улсын стандартыг нэвтрүүлэх, санхүүчдийг сургах ажлыг удирдан чиглүүлж иржээ. Институт өнөөдөр 3800 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 800 орчим аудитор, Монгол Улсын 21 аймаг, УБ хотын 6 дүүргийн салбар зөвлөлийг эгнээндээ нэгтгэсэн Үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон өсч хөгжиж байна.

Монгол Улсад мэргэжлийн байгууллага байгуулагдсанаар салбарын хууль, эрх зүйн тогтолцоо сайжирч, мэргэшсэн нягтлан бодогч, аудитын үйлчилгээ олон нийтэд бүрэн танигдаж, нийгэмд мэргэшсэн нягтлан бодогчид төрж гарснаар санхүүгийн ил тод байдал, үнэ цэнийг нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Институтийн үйл ажиллагаа өнөөдөр олон улсад танигдаж, Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбоонд гишүүнээр элсэж, өөрийн гишүүд болох мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, аудитын байгууллагуудад олон улсын тавцанд гарах, мэргэжлийн карьерээ өсгөх боломжийг олгож байна. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд олон улсын түвшний мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх зорилт тавин АССА /э-си-сэй/-ийн сургалтыг явуулж байна.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь байгуулагдсан цагаас зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол Улсад олон улсын стандартыг нэвтрүүлэх, санхүүчдийг сургах ажлыг удирдан чиглүүлж ирсэн ба түүхэн 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь төрийн хуулиар бүрэн баталгаажиж, төрийн хэд хэдэн гол үүргийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, тэдний мэргэшлийг нь тасралтгүй дээшлүүлэх сургалт зохион байгуулах;мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартыг орчуулан мөрдүүлэх, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө мэдээллээр хангах;аж ахуйн нэгж, байгууллагын стратеги, засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын санхүүгийн тайлагналыг боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Институт байгуулагдсан түүхэн хугацаанд нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо олон улсын стандартад нийцэж, хууль, эрх зүйн тогтолцоо бүрдэж, мэргэшсэн нягтлан бодогч, аудитын үйлчилгээ олон нийтэд бүрэн танигдаж, улмаар гадаадын болон хамтарсан аудитын байгууллагууд байгуулагдаж, олон улсын түвшинд ажиллах чадвартай бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүд төрж гарсанаар нь мэргэжлийн хөгжлийг дүгнэж болох юм.

Түүнчлэн ММНБИ нь даяаршилд хөл нийлүүлэн Дэлхийн нягтлан бодогчдын холбоо, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбоонд гишүүнээр элсэж, өөрийн гишүүд болох мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, аудитын байгууллагуудад олон улсын тавцанд гарах, мэргэжлийн карьерээ өсгөх боломжийг олгож байна.

Тухайлбал институт нь олон улсын түвшний мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх зорилгоор АССА /э-си-сэй/-ийн сургалтыг явуулж байна.