Даваадорж.Г 2016.06.08 | Сайт: Vip76.mn

УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ын сонгуулийн 72-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ЫН СОНГУУЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ 72 ДУГААР ТОЙРОГ

Ардчилсан намаас нэр дэвшигч Лувсангийн Эрдэнэчимэг

УИХ дахь 11 эмэгтэй гишүүний нэг.

Лувсангийн Эрдэнэчимэг нь сэхээтэн гаралтай. Түүний эцэг нь микробиологич мэргэжилтэй,  ээж нь гавьяат багш. Эцэг, эх нь Ховд аймагт амьдарч байгаад 1966 онд Улаанбаатар хотод нүүж ирсний дараахан Л.Эрдэнэчимэг зургаан хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ.

Тэрээр Сонгины 10 дугаар сургуулийг төгссөн бөгөөд өссөн газар нь Биокомбинатын орчим. Л.Эрдэнэчимэг аавынхаа мэргэжлийг өвлөж Болгарын нийслэл Софи хотын Их сургуулийг дүүргэж биологич мэргэжлээр дүүргэсэн, биологийн ухааны докторын зэрэгтэй. Болгарт оюутан байхдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцаж ууган хүүхдээ төрүүлжээ.

1990 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Тэндээ хоёр жил ажилласны дараа 1990 онд  ах Л.Хүрэлбаатарын байгуулсан "Монос" ХЭАА-гийн захирлаар 1994 оныг хүртэл ажиллажээ. Их сургууль төгсөж ирсний дараа Монос группын гадаад харилцааг хариуцаж, Болгарын эмийг Монголд импортлох ажлыг эхлүүлж байсан.

1994 оноос "Моносфарм трейд" ХХК-ийн захирлаар томилогдож нийт 14 жил ажиллажээ. Дараа нь 2008 оноос 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ "Монос Групп" ХХК–ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

УИХ-д гишүүнээр ажиллах хугацаандаа 2015 оны 12 дугаар сараас УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны даргаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүний  хувьд согтууруулах ундаа, тамхины хэрэглээг хязгаарлах тал дээр идэвхтэй ажиллаж, энэ чиглэлийн хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдэд ажилладаг.

МАХН-аас нэр дэвшигч Зангадын Баянсэлэнгэ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд.

Зангадын Баянсэлэнгэ нь 42 настай, Улаанбаатар хотод төржээ. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Айлын бага бөгөөд хоёр ах, нэг эгчтэй.

Тэрээр 1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургуулийг төгсчээ. Дархан хотод Анагаах ухааны дунд сургуулийг дүүргэсэн, бага эмч мэргэжилтэй. Үүний дараа 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.

Цагдаагийн академийг суралцаж төгссөний дараа Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад тэр ондоо Улаанбаатар хотод ирж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн хэрэг бүртгэгчээр 2006 оныг хүртэл ажиллажээ. Дараа нэг жилийн туршид Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрчаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар томилогджээ. З.Баянсэлэнгийн ээж А.Норжинсүрэн уг хороон Засаг даргаар 17 жил ажилласан ажээ.

Нам, улс төрийн ажилд идэвхтэй оролцож Чингэлтэй дүүргийн МАХН-ын хороонд ажиллаж байв. Намын идэвхтэй гишүүн тэрээр тус намын дарга Н.Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулагдсаныг эсэргүүцэж, түүнийг суллахыг шаардан жагсаал цуглаан зохион байгуулж байлаа.

2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

З.Баянсэлэнгэ нь парламентад ажиллах хугацаандаа чухал албан тушаалуудыг хашиж байв. Тухайлбал УИХ дахь “Шударга ёс эвсэл”ийн бүлгийн дэд даргаар сонгогдсон. Гэвч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог удирдах болсноор бүлгийн дэд даргын суудлаа өгчээ. Мөн 2015 оны есдүгээр сард Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байна.

Монгол Ардын намаас нэр дэвшигч Ням-Осорын Учрал

Н.Учрал нь эдүгээ 30 настай. Сэхээтэн гэр бүлд төрсөн тэр нас залуу ч нийгмийн өндөр идэвхтэй, хэд хэдэн байгууллагыг удирддаг, судалгаа шинжилгээний бүтээлүүд хэвлүүлдэг.

Анх удаа Ням-Осорын хүү хэмээн олонд танигдахдаа “Тимон” гэх нэртэйгээр урлагт гарч ирсэн. Дунд сургууль, их сургуульд байхаасаа уран илтгэлийн тэмцээнүүдэд оролцож, уран илтгэлийн үндэсний аварга болж байв.

Гадаад, дотоодын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн. Тухайлбал, Малайзад, Сингапурт сурч, дэлхийн найман оронд салбартай “LimKokwing” их сургуульд маркетингийн чиглэлээр магистрт суралцсан. МУБИС-ийг түүхийн ухааны магистраар төгссөн. Мөн 2012 онд ОХУ-ын Сибирийн Шинжпэх Ухааны академийн дэргэдэх Төвд, Будда судлалын институтын сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Гадаадад сурч боловсорсны дараа аавынхаа байгуулсан Их Засаг сургуульд удирдах ажил хийх болжээ. 2010 онд “Royal Academy” нэртэй хувийн сургууль байгуулсан байна. Түүнээс гадна "Royal HD" залуусын телевиз, "Royal 9.89" радиог эзэмшдэг.

Нийгмийн идэвх өндөр бөгөөд МАН-ыг сонгон НАМЗХ-ныхоо Удирдах зөвлөлийн гишүүн, “Нийгмийн Ардчилал” сургалтын төвийн захирал, Хан Хэнтийн хүү сангийн тэргүүн, Монголын Франчайзинг хөгжлийн ассоциацийн тэргүүн, Азийн Худалдааны франчайзын холбооны албан ёсны гишүүн гээд олон сонгуульт ажилтай.

Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

БУСАД НЭР ДЭВШИГЧИД

Иргэний зориг, ногоон намаас нэр дэвшигч Дагвасамбуугийн Чинцэцэг. МҮИС-ийн багш

Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс нэр дэвшигч Цэвээндоржийн Эрдэмт. LCN телевизийн хөтлөгч

Ард түмнээ хайрлая намаас нэр дэвшигч Пүрэвдоржийн Тунгалаг. Тус намын УЗ-ийн гишүүн.

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Бэхбатын Дашмөнгө. Ди Эм Энд Ай Жи ХХК-ийн захирал

Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигч Батсуурийн Ган-Эрдэнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ванчингийн Ганболд. Дөрвөн  Уул медиа ХХК-ийн захирал

Монголын Консерватив намаас нэр дэвшигч Дамдины Чулуун. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны УЗ-ийн гишүүн

Бие даагч Даваачулуугийн Батболд Еорс кар ХХК-ийн захирал

Бие даагч Төрбатын Алтаншагай. Ийгл Ньюс телевизийн тоймч

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг