Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай байна
2016.06.09

Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай байна

Хуулийн нэр: Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Өргөн барьсан: 2011.10.28

Төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  гэр бүлийн хөгжил, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай болох, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар тусгалаа.  

Үүний тулд Гэр бүлийн тухай хуульд “Төрөөс гэр бүл, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн хоёрдугаар бүлгийг шинээр нэмэхээр тусгажээ. Тус бүлэгт гэр бүл, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах гэр бүл, хөгжлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч  байна гэж оруулсан байна. Энэ байгууллага нь гэр бүлийг хөгжүүлэх чиглэлээр үзэл баримтлал, үндсэн чиглэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна гэр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг хүлээнэ.

Мөн Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн харилцаанд харшлахгүй бол гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцааг Иргэний хуулиар зохицуулах тухай зүйл, заалтыг өөрчлөн оруулахаар тусгажээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан

Монгол гэр бүлийн үнэт зүйлийн уламжлалт үнэлэмжид өөрчлөлт гарч, өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, эмэгтэйчүүд толгойлсон өрхийн тоо нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсэн судалгаа гарчээ. Манай оронд олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртсөнөөс болж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна.

Хүүхдийн эсрэг гэр бүл дэх дарамт хүчирхийлэл, хүүхдийн халамж, тэтгэлэг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлага зэрэг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Гэр бүлийн хөгжлийн асуудлаархи төрийн бодлого зөв тодорхойлогдсон боловч уг бодлогыг хэрэгжүүлэх төрийн бүтэц, үндсэндээ байхгүй учраас хэрэгжих үйл явц нь хангалтгүй байдаг. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн байна.