Эрдэнэчимэг.Л 2016.06.09 | Сайт: Gogo.mn

Эмэгтэй гишүүд хэзээ ч лоббинд автдаггүй

Эмэгтэй гишүүд хэзээ ч лоббинд автдаггүй

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 15 жилийн өмнө гарсан ч тэр хуулиар хамгаалуулсан хүн гэж бараг л үгүй. Хүчирхийллийн талаар цагдаад хандвал хүчирхийлэгч этгээд эрүүлжүүлэхэд нэг хоночихоод арслан бар болоод гараад ирнэ. Айсан хохирогч үр хүүхдүүдээ хөтлөн нулимсаа дуслуулан гадуур хоноглоно.

Тамхины хяналтын тухай хууль байсангүй. Бид гадуур хооллохдоо тамхины утаатай хамт хоолоо залгилж, үйлчилгээний газруудын хаалгаар шагайх төдийд л тамхины эхүүн үнэр ханхийнэ. Энэ бүхэн ийм л байх ёстой мэт санаж явжээ. Гэтэл Тамхины хяналтын тухай хууль гарсны дараа хооллосон ч тамхины утаагүй, залуус шоудсан ч цэвэрхэн орчинд цэнгэх болжээ. Үйлчилгээний газруудын үнэр ч арилсан байна.

Энэ мэт олон жишээ бол зургаан удаагийн парламентын түүхэнд анх удаа хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй байсны үр дүн. Гэвч тэдэнд хүн хүч дутсан. Учир нь 76 гишүүний ердөө 14,5 хувь. Бид эмэгтэйчүүддээ урам зориг өгч, тэднийг шийдвэр гаргах түвшинд нэмэх хэрэгтэй юм гэдгийг тэд харуулж чадлаа.

Ингээд улстөр дэх эмэгтэйчүүд сэдвээр УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

 

Лувсангийн Эрдэнэчимэг

Төгссөн сургууль, мэргэжил:
БНБАУ-ын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр /1984-1990/

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр /1998-2003/

Биологийн ухааны доктор

Ажилласан байдал:
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан /1990-1992/

"Монос" ХЭАА-н захирал /1992-1994/

"Моносфарм трейд" ХХК-ий ерөнхий захирал /1994 - 2008/

"Монос Групп" ХХК-ий дэд ерөнхийлөгч 2008 - 2012 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга 2014 оноос

Санаачилсан хуулийн төслүүд:
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан.

Согтууруулах ундааны хяналтын тухай хууль

Тамхины хяналтын тухай  хуулийг батлуулсан.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн таван намын ажлын хэсгийн гишүүн

Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг батлуулсан.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Таван толгойн тогтоолын төсөл өргөн барьсан. 

Анх удаа УИХ-ын гишүүн болсон дөрвөн жил, эмэгтэй хүний хувьд гишүүн байсан дөрвөн жил ямар өнгөрөв өө?

Маш их ажилтай, ачаалалтай, хурдан өнгөрлөө.

Амархан шиг бодогдоод, олон хүн нэр дэвшээд байх шиг. Гишүүн байх хэцүү юм байна уу?

Маш хэцүү. Түүнээс гадна олон зуун мянган хүний өмнө хариуцлага хүлээдэг. Энэ нь зөвхөн сонгогдсон тойргийнхоо төдийгүй нийт монголчуудынхаа өмнө. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө хариуцлага хүлээх чадвартай эсэхээ мэдэж байж, үнэхээр чадвартай бол УИХ-д нэр дэвших ёстой гэж бодож байна.

УИХ-д эмэгтэй гишүүд байх шаардлагатай юм байна уу?

Үүнийг энэ дөрвөн жилд маш сайн ойлголоо. Энэ УИХ-д 11 эмэгтэй гишүүн байсан нь 1992 оноос хойшх парламентын түүхэнд хамгийн олуулаа байлаа. Таатай хуулийн заалтууд байснаараа ийм үр дүнд хүрч чадсан. Пропорциональ систем бол эмэгтэйчүүдэд улстөрд гарах үүд хаалга болдог гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас эмэгтэй гишүүдийн 5 нь жагсаалтаар гарч ирсэн. Үүний өмнөх парламент гуравхан эмэгтэй гишүүнтэй байлаа. Хэдийгээр бид 11-үүлээ ч гэсэн цөөнх учраас бүлэг байгуулж, тодорхой асуудлууд дээр баг болон их сайн ажилласан гэж  бодож байгаа. 11 эмэгтэй гишүүн таван намын төлөөлөлтэй байсан ч, нэг зүгт харж, атгасан гар шиг байж олон хуулийг амжилттай батлуулсан нь үүнийг батална.

Таван намын гишүүн эмэгтэйчүүдэд намынх нь эрчүүдээс шахалт, нөлөөлөл үзүүлсэн үү?

Үе үе, тодорхой хуулийн төслүүд дээр, зарим шаардлага хүргүүлэхэд ийм байдал гарсан. Жишээ нь, эдийн засгийн хямралтай үе учир улсын төсөвт хэмнэлт хийж хүүхэд нь 18-аас дээш настай одонтой эхчүүдийн мөнгийг, 0-2 настай хүүхдүүдээ гэртээ хараад сууж байгаа эхчүүдэд өгдөг халамжийн мөнгийг хасах тухай шийдвэр Засгийн газар гаргаж байсан. Ингэхэд нь эмэгтэй гишүүд маань Ерөнхий сайдад хасуулахгүй байх шаардлагыг хүргүүлэхэд “эдийн засаг хямралтай байхад Засгийн газрын явуулж буй бодлогод нөлөөлөх гэж оролдох нь дэмий байна” гэж байлаа. Энэ мэтээр хүүхэд, эхчүүдтэй холбоотой асуудлууд дээр шахалтанд ордог байсан. Ялангуяа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Арван жилийн өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан байдаг. Тэр үед эрэгтэйчүүд давамгайлсан парламентад энэ хууль батлагдсан учир гэр бүл дотор болж байгаа хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох эсэхэд “эхнэрээ ганц алгадсаны төлөө гэмт хэрэгтэн болох уу”, “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярилцаад үүнийг гэмт хэрэгт тооцоогүй орхисон. Гэтэл энэ 10 жилийн хугацаанд хэчнээн хүн хохирч, хэчнээн эмэгтэй амиа алдсан билээ. Тиймээс сая бид энэ хуулийг батлуулахад маш их шахалтанд орсон ч үүнийг гэмт хэрэгт тооцуулах болсон.

Гольф, биллиард тоглох үед, эсвэл нэг шил архины ард л лобби яригддаг
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг энгийн үгээр тайлбарлаач. Магадгүй зарим нь мэдээгүй байж болох?

Хүн гэр бүл болохдоо хайртай хүндээ зодуулж нүдүүлнэ гэдгээ төсөөлдөг ч үгүй. Гэтэл амьдралын явцад олон асуудал гардаг. Гэр бүлийн хүчирхийллийг бид юун түрүүнд гэмт хэрэгт тооцуулах болсон. Хүчирхийллийн эхний удаад 14 хоногийн хугацаатай албадан сургалтанд хамруулна. Эсвэл “зорчих хэсгийг хязгаарлах” гэдэг заалтаар гэрээсээ 14 хоног явна. Түрүүнд нь бол гэр бүлийн хүчирхийлэл болсны дараа ихэвчлэн ээж нь л хүүхдүүдээ чирээд явдаг, хүчирхийлэгч этгээд гэртээ үлддэг байлаа шүү дээ. Урьдчилан сэргийлэх талын арга хэмжээг ихээр зааснаас гэр бүлийн хүчирхийлэл даамжрах боломжийг хаасан.

 Урьдчилан сэргийлэх талын арга хэмжээг ихээр зааснаас гэр бүлийн хүчирхийлэл даамжрах боломжийг хаасан.

Хүүхдээ зодсоор байгаад алчихсан хэрэг гарлаа гэхэд түүнийг хажуу айлууд нь сонссон байж таардаг. “Орой болгон л хүүхэд уйлаад байсан, эднийх дандаа л хүүхдээ зодож байдаг” гэж ярьдаг атлаа цагдаад очиж мэдэгддэггүй. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулинд хөрш айл гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа тохиолдлыг мэдсэн нөхцөлд цагдаад мэдэгдээгүй бол хариуцлага хүлээнэ. Хэрвээ багш ангийнх нь сурагч гэртээ зодуулсан байж болзошгүйгээр гэмтсэн байвал заавал цагдаад мэдэгдэнэ. Эмнэлэгт хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй залуу бүсгүйчүүд очих юм бол эмч заавал цагдаад бүртгүүлсэн байх ёстой гэх мэтээр тухайн хүчирхийлэгчийг орох газаргүй болтол нь урьдчилан сэргийлэх замуудыг нь сайтар зааж өгсөн.

Тамхины хяналтын тухай хуулийг санаачилж батлуулахад нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан болов уу?

2012 оноос өмнө Тамхины хяналтын тухай хууль таван жилийн өмнө өргөн баригдсан ч энэ хугацаанд нэг ч хэлэлцээгүй, дарсан байдаг. Яагаад гэхээр монгол улсад тамхины бизнес хоёр их наяд төгрөг даваад явж байна. Өөрөөр хэлбэл тамхи татдаг хүмүүс халааснаасаа хоёр их наяд төгрөг гаргадаг гэсэн үг. Тэгэхээр үүний ард маш том ашигтай бизнес байна. Дэлхий дахинд тамхины үр ашигтай хуулийг батлуулахын эсрэг байдаг. Өргөн хүрээтэй лобби байнга явагдана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тамхины эсрэг байнга тэмцэл явуулдаг. Энэ тэмцлийн гол зорилго нь тамхины эсрэг үр ашигтай хууль батлуулах. Ардаа маш том мөнгө байдаг учраас энэ хуулийг парламентад оруулаад, ахлаад явах гишүүн их цөөхөн байдаг юм билээ. Энэ хуулийг батлуулах гээд явж байхад олон талаас лобби, шахалт ирсэн.

Лоббинд нь өртсөн үү?

Манай эмэгтэй гишүүдийн хувьд ямар нэгэн лоббид автдаггүй. Энэ бол эмэгтэй хүний зан юм. Би энэ ажлыг хийх ёстой л гэж боддог болохоос “тэрэнтэй яриад тэгчихье, ингэчихье” гэдэггүй. Ер нь лобби ямар үед явагддаг вэ гэвэл гольф, биллиард тоглоход эсвэл нэг шил архины ард ч юм уу, оройн цагаар тоглооомын ширээний ард өрнөдөг. Эмэгтэйчүүд лоббинд автдаггүй нь өглөө нь ажилдаа явчихаад, орой нь хүүхдүүд рүүгээ яардагт л байгаа юм. Ямар ч лоббинд автахгүйгээр Тамхины хяналтын тухай хуулиа батлуулсан. Батлуулсны дараа бас маш их шахалт ирж, эсэргүүцэлтэй тулгарсан. Тамхи үйлдвэрлэгчид болон импортлогчид тамхи зарж ашиг олдог жижиг дэлгүүр, худалдаачдыг нэгтгэсэн холбоо байгуулаад эсэргүүцсэн. Тамхи татдаг эрэгтэй гишүүд хүртэл “би өрөөндөө тамхи татдаг, тэгээд намайг яах юм” гэж хүртэл хэлж байлаа. Гэхдээ энэ хуулийг сайжруулж, илүү чангатгахын төлөө дахин дахин өөрчлөлт оруулах ёстой гэж боддог.

Дахиад нэг санаачилсан хуулийн төсөл нь батлагдаагүй. Энэ бол Архины хяналтын тухай хууль. Энэ хуулийг байнгын хороогоор хэлэлцэхэд сэтгүүлчдийг оролцуулалгүйгээр хаалттай хэлэлцсэн. Сэм сонсох нээ хуулийн төслөө татаж авахыг шахаж байсан.

Архины хяналтын тухай хуулийг боловсруулж эхлэх цагаас л маш их шахалтанд орж байсан. Энэ хууль цаашдаа батлагдах ёстой. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 15 жилийн өмнө батлагдсан ч маш сул. Үүнийхээ горыг бид өнөөдөр амсаж байна. Насанд хүрсэн хүн бүр жилдээ 50 литр архи ууж байна гээд бод доо. Архи, тамхи бол монголчуудыг дайнд үрэгдсэн мэт үхүүлж байгаа гол шалтгаан болж байна.

Хэрэглэгчид нь залуужиж байна.

Тийм. Гэтэл архи, тамхины хяналтын тухай хууль батлуулах гэхээр байнгын эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Энэ бол цаанаасаа үйлдвэрлэгчдийн бодлого. ДЭМБ-аас энэ төрлийн хуулийн төслийг хэлэлцэхэд ямар саад бэрхшээл учирдаг, түүнийг хэрхэн даван туулах талаар гишүүдэд байнга сургалт явуулдаг. Би өөрөө эрүүл мэндийн салбарын хүн, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байсан учраас энэ төрлийн хуулиуд дээр цаашид ч анхаарч ажиллана гэж боддог.

Эмэгтэй гишүүн байхын давуу талын талаар та бид хоёр ярилцлаа. Тэгвэл сул тал харагдав уу танд?

Ихэнхдээ л давуу тал ажиглагддаг. Аль болох биднийг сул болгож харагдуулахыг хичээдэг. Яагаад гэвэл улстөрийн орон зайд эрэгтэйчүүд чихэлдсэн байдаг. Тэр орон зай дундуур эмэгтэйчүүд үргэлж илүү харагддаг. Үүний тод жишээ бол сая Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгож эрчүүд олонхоороо буулгалаа. Түүнийхээ дараа тэр 20 хувьд орсон эмэгтэйчүүдээ шахаж гаргах гэж яаж оролдлоо.

Эмэгтэй гишүүд байгаагүй бол Тост тосон бумбын нуруу улсын тусгай хамгаалалтанд авагдахгүй байсан

 Би гэхэд СХД-ийн дунд шатны намаас эрхээ авч чадаагүй, С.Оюунгэрэл, С.Батчимэг гишүүд авч чадаагүй. Маш олон эмэгтэй нэр дэвших эрхээ авч чадаагүй. Бид 20 хувийн квотынхоо хүчинд л авсан. Хэрвээ энэ квот байгаагүй бол нэг ч эмэгтэй ийм эрх авч чадахааргүй шахалтыг үзүүлж байгаа юм. Эрчүүд бол “улстөр гэдэг эрчүүдийн ажил, бид улстөрийг өөрсдөө л хийх ёстой” гэсэн бодолтой.

Хэрэв 100 хувь эрчүүдтэй парламент байх юм бол нэг ч цэцэрлэг, сургууль, эмнэлэг, эрүүл мэндийн тухай хуульгүй үлдэнэ л гэсэн үг. Жишээ нь, байгаль орчны чиглэлийн хуулийг хэн барьж ажилладаг вэ. Хамгийн сүүлд би Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсоныхоо дараа Тост Тосон бумбын улсын тусгай хамгаалалтанд авах ажлыг хийсэн. Энэ тогтоолыг бид батлуулж чадсан. Энэ тогтоолыг зургаан эмэгтэй гишүүн өргөн барьсан. Эрэгтэй гишүүд бол хэзээ ч ийм тогтоол өргөн барихгүй, хүсэхгүй. Учир нь Тосон бумбын нуруун дээр байгаа 22 том уул уурхайн лиценз, тэрний ард байгаа маш том мөнгө энд яригддаг. Биднийг энэ тогтоолын төслийг батлуулах гээд хэлэлцүүлж байхад эрчүүдийн амнаас “та нар тэр аж ахуйн нэгжүүдийн хохирлыг яаж арилгах гэж байна” гэдэг асуултыг л үргэлж тавьж байсан.

Байгаль орчин бол ярихгүй?

Түүнээс Тосон бумбын нуруунд амьдарч байгаа 250 айл, тэнд байгаа ирвэс гэдэг ховор амьтан, говийн булаг шандны тухай хэн ч амаа ангайдаггүй. Зөвхөн 22 лицензийн ард байгаа олон тэрбумын зардлыг та нар төлөх юм уу л гээд байгаа юм. Гэтэл бид говийн малчны амьдралыг бодож байна, байгаль орчныг хайрлаж байна. Хэрвээ эмэгтэй гишүүд байгаагүй бол Тост тосон бумбын нуруу хэзээ ч улсын тусгай хамгаалалтанд авагдахгүй байсан.

Эмэгтэй гишүүдэд квот өгөх нь тэднийг сул дорой гэдгийг батлаад буй мэт санагдаад байдаг. Гэтэл шахалт үзүүлдэгт асуудлын гол байгаа юм байна тийм үү?

Хэрвээ квот байхгүй байсан бол эмэгтэйчүүд нэр дэвших эрхээ олж авч чадахгүйд хүрнэ. Яагаад гэхээр шат дараалалтайгаар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхгүй байх ажлыг сүлжээ маягаар хийдэг.

Үнэхээр чадалтай эмэгтэйчүүд юм бол яагаад өөрсдөө гараад ирдэггүй юм бол?

Яагаад гэвэл нэр дэвшилтэнд байнгын мөнгөний босгууд байдаг. Би нэр дэвшихийн тулд анхан шатанд болон дүүргийн намуудад тодорхой хэмжээний мөнгө төлж байж эрхээ олж авдаг. Гэтэл эмэгтэйчүүдэд мөнгө байдаггүй. Улстөр хийхийн тулд, сонгуульд зарцуулах мөнгийг маш бага хэмжээгээр тавьж байж олон эмэгтэй нэр дэвших эрхээ авна. Таныг 100 сая төгрөг тушааж байж нэр дэвших эрхээ олж ав гэвэл нэг ч эмэгтэй нэр дэвшихгүй. Эрчүүдэд бол мөнгө байна. Мөнгөө цацаж байж дараачийнхаа эрх мэдлийг олж авч байна. Ингэснийхээ дараа илүү их мөнгийг олж байна. Эмэгтэйчүүд бол тийм их хэмжээний мөнгийг төлж чадахгүй, шийдвэр гаргах түвшинд гарахаараа хүнд хэрэгтэй ажлуудаа хийдэг. Илүү дутуу лоббинд автдаггүй. Тийм учир дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийг улстөрд гарга, квот өг тэгвэл тэд нийгмийн сайн сайхны төлөө тодорхой ажлуудыг хийдэг юм гэдгийг уриалаад байна.

51 хувийн төлөөлөл нь ердөө 14 хувь л байлаа
 Эмэгтэйчүүд 76 гишүүний хэд нь байгаасай гэж хүсдэг вэ?

Бид төлөвлөсөн ажлынхаа 60-70 хувийг хийж чадлаа. Гэсэн ч хүссэн маш олон хуулиа батлуулж чадаагүй. Жишээ нь, 0-2 насны хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдийг тодорхой хэмжээний цалинтай болгох хуулийн төслийг өргөн барьсан ч батлуулахад бидний хүч дутсан. Одонтой ээжүүдийнхээ мөнгийг нэмүүлэх асуудлаа ч шийдүүлж чадсангүй. Энэ бол бидний цөөхүүлээ байгаагийн л бэрхшээл. Тиймээс бид нэг зорилгыг тавьсан. Тэр нь “бид дөрвөн жилийн хугацаанд ажлаа маш сайн хийе, тэгвэл олон эмэгтэй улстөрд орж ирнэ. Тэгж байж бид олуулаа болох ёстой” гэж ярьсан. Парламентын 76 гишүүний 50 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Яагаад гэвэл энэ улс орны нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэтэл 51 хувийн төлөөлөл нь 14-хөн хувь. Тийм учир хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамаатай хуулиуд хэлэлцэгдэхгүй үлдэж байдаг. Бид Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах тухай хууль болон төсөвт маш олон цэцэрлэг сургуулийн асуудлыг шийдвэрлүүлж чадлаа. Төрөх эмнэлэг, эмнэлэгийн нэг удаагийн хэрэглээг шийдэж чадлаа. Хүмүүс эмэгтэй гишүүдийн ажлыг жижиг гэж хараад байдаг. Төрөх эмнэлэгийн асуудлыг шийдэж байгаа нь жижигхэн харагдаад байна. Гэтэл төрөх эмнэлэгийн асуудлыг хэн сайн ойлгохов, Та маш сайн ойлгоно. Тэгэхээр энэ мэт амьдралд ойр, газарт буусан асуудлуудыг эмэгтэйчүүд бид барьж ажилладаг. Гэхдээ бид үүнийгээ ярьж чаддаггүй.

Дээд боловсролын салбарт суралцагсадын дийлэнх нь эмэгтэйчүүд байх атлаа яагаад шийдвэр гаргах түвшинд эрчүүд олонхи байдаг юм бол?

Охид бүсгүйчүүд, бидний хувьд алдаа бий. Дээд сургуулиа төгсөөд явж байснаа дундаа ороод бүх зүйлийг хаядаг. Хүүхдээ хараад гэртээ сууя, одоо боллоо, би үүнээс цааш явж чадахгүй гэж боддог. Гэтэл эмэгтэйчүүдийг өөрөө өөртөө эзэн байж, үүнээс илүүг би чадна гэж өөрийгөө үнэлэх тийм үнэлэмж, боломж руу бид түлхэх ёстой. Тийм учир бүсгүйчүүдээ өөртөө итгэ, амьдралаа чи өөрөө л авч чадна. Мөн шийдвэр гаргах түвшинд бид олуулаа байж чадвал бид үр хүүхдэдээ л сайн сайхныг зориулж чадна. Эмэгтэй хүн улс орны хөгжил гэж бодохоосоо илүү миний хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах болоо л гэж боддог. Хэрвээ үр хүүхдийнхээ ирээдүйг боддог л бол шийдвэр гаргах түвшинд зүтгэх ёстой. Тэнд бид шийдвэр гаргаж байж хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхныг бүрдүүлнэ. Зөвхөн эрчүүдэд эрх мэдлийг нь өгөөд суугаад байвал улсын төсвийн ихэнх хэсэг нь өөр зүйлд зарцуулагдана. Тийм учир бид өөрсдөө очиж тэр төсвийг батлалцах ёстой юм.

Яам тамгын газрууд ч гэсэн хэлтсийн даргаас дээшээ албан тушаалд эмэгтэйчүүдээ огт гаргадаггүй
Энгийн амьдрал дээр ч эмэгтэйчүүдийн шийдвэрийг үл тоох байдал анзаарагддаг. Парламентад ийм үү?

Адилхан. Яам тамгын газрууд ч гэсэн хэлтсийн даргаас дээшээ албан тушаалд эмэгтэйчүүдээ огт гаргадаггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийг дээшээ гаргахгүй гэсэн эрчүүдийн нэгдсэн бодлого байгаад байна.

Эмэгтэйчүүд нэгдэж чаддаггүй юм болов уу?

Нэгдүгээрт, нэгдэж чадахгүй байна. Хоёрдугаарт гэвэл эмэгтэйчүүдэд албан тушаал ахиж чадна гэдэг итгэл дутагдаж байна. Сонгууль дээр бид ихэвчлэн эрчүүдтэй өрсөлддөг. Одоо ч гэсэн тойрог бүрт хамгийн хүчтэй эрчүүдтэй л үзэх гэж байна. Сонгуулиар эр эмээ үзэж байж л хүчтэй өрсөлдөөний дундаас гарч ирдэг. Ингэж байж цөөхүүлээ гарч ирдэг учир парламентын явцад ч гэсэн хууль бүрийн хэлэлцүүлэг дээр ёстой л эр, эмээ үзэлцдэг дээ.

Эмэгтэй гишүүд эрэгтэй гишүүдийн үг, үзэгний үзүүр болдог уу?

Ер нь тэгж л хардаг. “Энэ бол тэрнийх” гээд л байнга л ярьдаг. Улстөр бол багийн тоглолт. Улстөрд хүн ганцаараа зүтгээд ямар нэгэн зүйлд хүрдэггүй. Ганцаараа зүтгэлээ гэхэд чамайг нухчин дардаг. Тийм учир аль нэгэн багийн тоглолтонд орно. Тухайн намын бүлэг, нам дотроо фракцалж баг болно, асуудлууд дээр баг болно гэх мэт. Тамхины хяналтын тухай хуулийг батлуулахын тулд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л баг болсон. Тамхи татдаггүй эрэгтэй гишүүд дээрээ очоод “ийм хуулийн төслийг та дэмжих үү” гээд гуйна. Ингэж хамтарч ажиллаж байж энэ хууль батлагдах ёстой. Ийм нөхцөлд ихэвчлэн эмэгтэйчүүдийг “чи бол тэрний хүн” гэж ярьдаг. Гэтэл яагаад эрэгтэйчүүдийг ингэж хэлдэггүй юм. Адилхан л багийн тоглолтонд орж байгаа шд.

2016 оны сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүдээ харсан байх. 2016 оны эмэгтэйчүүдийн төлөөллийг та яаж харж байна?

Маш хүнд тойргуудад хуваарилагдсан. Лидер эрчүүдийн өөдөөс эмэгтэйчүүдийг тавьлаа. Нам бүрээс өнгөрсөн амьдралдаа их зүйлийг бүтээсэн, ярих зүйлтэй эмэгтэйчүүд нэр дэвшиж байгаад үнэхээр баяртай байгаа. Иргэд маань "өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмэгтэй гишүүд бидэнд зориулж хэрэгтэй зүйлийг хийж чадсан шүү" гэж бодож байгаа бол эмэгтэйчүүдийнхээ төлөө саналаа өгчихөөсэй гэж хүсч байна. Тэгэх юм бол 11 бүү хэл 30 эмэгтэй парламентад суух эрх нь нээгдэхэд бэлэн. Энэ бол зуун хувь сонгогчдоос шалтгаална. Бид жижиг тойрог дээр эрчүүдтэй адил мөнгө тарааж чадахгүй. Хэрвээ та биднээс юм хүсэхээр бол хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхныг л хүс. Түүнээс саналаа өгөөрэй гэсэн 10, 20 мянган төгрөгөнд битгий хууртаасай.

Ярилцлага өгсөнд баярлалаа.