Даваадорж.Г 2016.06.09 | Сайт: Мэдээ.МН

УИХ-ын сонгуулийн 70-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ын сонгуулийн 70-р тойрогт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ЫН СОНГУУЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ 70 ДУГААР ТОЙРОГ

МАН-аас нэр дэвшигч Данзангийн Лүндээжанцан

Д.Лүндээжанцан 1975 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. Профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Монгол Улсын гавьяат хуульч. 

Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 6 удаа сонгогдсон. УИХ-ын Аюулгүй бодлого, гадаад бодлогын байнгын хорооны даргаар хоёр удаа, Төрийн байгуулалтын байнгын хороон даргаар мөн хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа тус тус ажиллаж байжээ. Мөн 2008-2011 онд УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байв.

Их сургууль төгссөнийхөө дараа таван жил МУИС-д багшаар ажиллахын зэрэгцээ ХЗЭ-ийн хороон даргаар ажиллаж байв.

1985 оноос боловсролын байгууллагад ажиллахаа больж хуулийн байгууллагад прокуроор ажиллах болов. Нэг жил хэртэй Улсын прокурорт хэлтсийн дарга хийж байгаад Улсын прокурорын туслах, хэлтсийн даргаар гурван жил ажиллажээ.

1989 оноос 1990 он хүртэл ШУА-ын Төр эрх зүйн хүрээлэнд секторын эрхлэгч хийж байгаад 1990 онд Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогджээ.

Үүнээс хойш Д.Лүндээжанцан нь өнөөг хүртэл Монголын парламентад тасралтгүй ажиллаж байна.

АН-аас нэр дэвшигч Зандаахүүгийн Энхболд

УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга. Гурван удаа парламентын гишүүнээр сонгогдсон. Дунд боловсролыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн сургуульд дүүргэсэн. Үүнээс таван жилийн дараа ЗХУ-д суралцаж Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр төгсчээ. Хожим 1996 онд МУИС-д Эрх зүйч мэргэжил эзэмшсэнээс гадна, 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгсчээ.

Д.Энхболд ажлын гараагаа 1989 онд ЗХУ-д төгссөнийхөө дараа Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёроор эхэлж байв. Дараа нь хоёр жил “Монел” фирмд инженерээр ажилласан байна.

Харин улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа 1991 онд хувийн хэвшилд орж “Эрэл” компанийг байгуулан захирлаар нь хоёр жил ажиллав. 1993-1996 онд "Интер" ХЭАА нэртэй өөр нэгэн компанийг удирдаж байв.

Түүний улс  төрд орсон үе нь 1996 он байлаа. Энэ онд З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож 1999 оныг хүртэл ажиллаад УИХ-ын дарга Р.Гончигдоржийн зөвлөх болжээ. Зөвлөхийн ажлыг нэг жил хийгээд дараа нь Ардчилсан намын Ерөнхийн нарийн бичгийн даргаар бас нэг жил ажиллажээ.

АНУ-д суралцаж ирснийхээ дараа 2004 онд дахин Төрийн өмчийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаад дараа жил нь УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнээс хойш тэр УИХ-д тасралтгүй сонгогдсон бөгөөд 2008-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2012 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны 11 дүгээр сараас Ардчилсан Намын даргаар сонгогдсон.

З.Энхболд 2004-2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын иргэдийг төлөөлж парламентад сууж байсан бол 2008-2012 онд нийт Өвөрхангайчуудаа УИХ-д төлөөлжээ. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан намын шийдвэрээр парламентад сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж сонгогджээ.

БУСАД НЭР ДЭВШИГЧИД

ИЗНН-аас нэр дэвшигч Батын Батбаатар. Хувиараа хөдөлмөр эрхлэгч

Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс нэр дэвшигч Пүрэвийн Бямбачулуун.  Максиз ХХК-ийн мэргэжилтэн

МУНН-аас нэр дэвшигч Сосорбарамын Хүрэлбаатар. Сэтгэшгүй эмнэлгийн Ерөнхий эмч

БНН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Болормаа. Форма дизайн ХХК-ийн нярав

МАХН-аас нэр дэвшигч Чулуунжавын Амарбаяр. Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч.

МКН-аас нэр дэвшигч Болдын Сайнбаяр. МКН-ын ЕНБД.

Бие даан нэр дэвшигч Хассуурийн Ганхуяг. Хера Экуйпмент ХХК-ийн захирал

Сонгуулийн тойргууд

Vip76.mn сайт нэр дэвшигчдийн нэгдсэн вэб хуудас ажиллуулж байна. 

Одоогоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр нэр нь тодроод буй нийт 301 нэр дэвшигчдийн инфографик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл та энд дарна уу! Энд сонгогч та бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Таны сонголт мэргэн байг.