Даваадорж.Г 2016.06.10 | Сайт: Vip76.mn

Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл

Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл

Хуулийн нэр: Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай 

Өргөн барьсан: 2016.05.01

Хуулийн төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд хэд хэдэн чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.

Өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн аж ахуй эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнесийн хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байрны мэдээлэл өгч, зуучлах зэргээр дэмжих юм байна.

Өрх толгойлсон эцэг, эх амжиргааны нэн тэргүүний хэрэгцээг хангах чиглэлд түрээсийн орон сууцны хөтөлбөрт нэн түрүүнд хамруулахаас гадна хүүхэд цэцэрлэгт явдаг, эсвэл ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сурах бичгийг хичээлийн жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

... Хэрэв хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцахад сургалтын төлбөрийг хөнгөлөх буюу хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлнэ ...

Ингэхдээ Хүний хөгжил сангаас оюутнуудад олгож байсан сургалтын төлбөрийн жишиг 500 мянган төгрөгөөр тооцно. Шаардлагатай тохиолдолд өрх толгойлсон эцэг, эхийг өөрийг нь мэргэжил олгох хөнгөлөлттэй сургалтанд хамруулахаар заажээ. Түүнчлэн хоёр болон түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эхэд эмчийн жорын дагуу эмийн сангаас эм худалдаж авсан бол эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно.

Харин ганц бие эцэг, эхчүүдэд олгох мөнгөн тусламжийн тухайд гэвэл хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл гурав хүртэл насны, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөгийг сар бүр тэтгэмж хэлбэрээр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах заалтууд хуулийн төсөлд оржээ.

... Мөн хоёр ба түүнээс дээш зургаа хүртэл насны хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтөд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх буюу 120 000 төгрөгийг оршин суух харъяалал харгалзахгүйгээр олгоно ...

Энэ хуулийн төсөл батлагдвал өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгаалал сайжирч, хөдөлмөр эрхлэх, өрхийн амьжиргаа нь дээшилж, хүүхэд нь хараа хяналтаас гарах, сургуулиас завсардах, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх явдал багасна гэж хууль санаачлагчид үзэж байна.