Нийгмийн хүчин чадлыг бүрэн дайчилж чадах үзэл санаа л Монголыг хөгжүүлж чадна
2016.06.10

Нийгмийн хүчин чадлыг бүрэн дайчилж чадах үзэл санаа л Монголыг хөгжүүлж чадна

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leader ships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ.

Энэ удаагийн “Leader ships forum” булангийн зочноор УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга асан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамъяанхорлоогийн Сүхбаатарыг урьлаа.

Аюулгүй орчинд эрүүл, өр ширгүй амьдрах нь...

Өнөөдрийн нийгмийн ороо бусгаа байдал, хувь хүний сэтгэл санаа хямарсан үед хэд хэдэн үг биднийг тойрон эргэлдэж байна. Нэг нь хямрал, нөгөөх нь түүний эсрэг хөгжил гэдэг үг. Хөгжил гэдэг үг олон утгатай. Шинэ зуунд хөгжлийн тухай ойлголт хувьсан өөрчлөгдөж байна.

Өмнө нь материаллаг талтай нь холбож байсан бол энэ зуунд арай өөр юм. Хувь хүний амгалан тайван байдал, эрүүл аюулгүй орчин, оюун санаатай холбоотой гэх мэт. Их зохиолч Д.Нацагдоржийн “Жаргалан” шүлэгт эрүүл энх, амгалан тайван байх ёстой гэсэн хоёр зүйлийг онцолсон байдаг. Нэгэн өдрийн амгалан мянган жаргалын үүд гэж. Өнөөдөр нэг өдөр байтугай нэг цаг ч тайван амгалан байна уу. Мөн цаашилбал өргүй бол баян, өвчингүй бол жаргалан гэдэг. Иймд товч утгаараа хөгжил гэдгийг монгол хүн эрүүл сайхан орчинд амгалан тайван амьдрах гэж ойлгож байна.

Мэдээж өндөр боловсролтой иргэдтай, өндөр хөгжсөн технологитой, бүтээлч эдийн засагтай байх нь улс орны хөгжил мөн. Эцсийн дүндээ эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах нь хүн бүтээж, орлоготой, чадвартай болж хөгжиж чадна шүү дээ.

Өмнөх үеийн том сэтгэгчдийн хэлсэнчлэн хүн жаргалтай байхын үндэс нь хувийн өмчтэй, эрх чөлөөтэй амьдрах юм. Хүн угаасааа аз жаргалд тэмүүлдэг төрөлхийн чанартай. Хөгжил нь эцсийн дүндээ хүний энэ тэмүүллийг хангахад чиглэх ёстой юм.

Төрийн жолоо төрт ёсыг ухаарч мэдсэн хүмүүсийн гарт алга

Би төрийн удирдлага, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн хүний хувьд хэлэхэд Монгол Улс энэ хямралыг даван туулж, цаашид сэргэн мандах үндэс бол монгол төрт ёсыг бэхжүүлэх юм. Төр гэдгийг хүнд хэцүү цагт далдын хүч, тэнгэрлэг зүйл мэтээр шүтэж ирсэн. Төр бүхнийг мэдэгч, иргэдээ авран хамгаалагч мэтээр үздэг. Ер нь уг чанартаа тухайн нийгмийн хамгийн гол зохион байгуулалтыг зангиддаг юм.

Мэдээж зарим тохиолдолд захиргаадалтын аргаар ажилладаг буюу захиран тушаадаг. Энэ тохиолдолд хүний жам ёсны ажил, амьдралыг гажуудуулдаг боловч төр, түүнийг бүрдүүлж буй эд эс нь бүхэлдээ зохистой,хүчтэй байвал тухайн улс сэргэн манддаг. Монголчууд цөөхүүлээ, бидний хөгжил дэвшлийн гол түлхүүр нь төр их хүчтэй байсан. Энэ бүхнийг ухаарч таньж мэдсэн хүмүүс төрийн жолоог залдаг байжээ. Нөгөө талдаа уруудаж доройтсон түух ч ойлгомжтой. Төрт ёсны хэлхээ холбоос суларч, тэр зай завсраар нь хувийн ашиг хонжоог илүү хайсан нөхөд орж, нийгмийг талцуулсан, эв эеийг йлдагдуулсанаас үүдэлтэй.

Энэ утгаар харнал өнөөдрийн төрийн чадамж сул дорой байна. Төрт ёсыг ухаарч мэдсэн хүмүүсийн гарт төрийн жолоо байхгүй. Тодорхой бүлэг хүмүүсийн сонирхол нийт олныхоосоо давж гарсан. Зарим тохиолдолд үзэн ядалт ч бии болжээ. Үүнээс гарах арга зам бол төрт ёсоо ухаарч, таньж мэдэх юм. Таньж мэдсэн хүмүүст төрийн жолоог өгөхийн тулд улс төрийн сонгууль болдог.

Харамсалтай нь сонгуулийг нэг монгол хүн нөгөөгөө ялах тэмцэл болгож хувиргаж байна.

Уг нь үзэл санааны өрсөлдөөн байх учиртай юм. Монголчуудын хамгийн амин сүнслэг зүйл болох тэнгэрлэг чанарыг төрт ёстойгоо холбодог. Монгол төрт ёсны чадамж, боломж өнөөдрийн анхаарал татсан асуудал мөн.

Тэмцэгчид дарангуйлагчдыг үзэл санаагаар ялсан 

Төрийн чадамжийг сул байлгах нь шуналтай, эрх мэдэлд дуртай, ашиг хонжоо хөөцөлдсөн цөөн хүмүүс, бүлэглэлд ашигтай. Харин нийт олон түмэнд ашиггүй байдаг. Сонгууль ийм ёс бус дүрмээр явдаг. Төр бол нийт олонд үйлчилдэг институци. Энэ том институцид намчирхсан хандлага гаргадаг, улс төрийн нам гэсэн нэрийн ард суусан, ардчилал гэдгийг цөөн хүний эрх ашиг гэж хардаг хүмүүс төрийн чадамжийг сулруулж, Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болж байна. Хүн төрөлхтөн дарангуйлал, боолчлолоос ангижрахын төлөө тэмцэж ирсэн.

Тэр боолчлолын нийгэм эздэд нь л ашиггай байсан. Дарангуйлагч ганцаараа захирч байх нь хаан, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдэд л ашигтай байсан. Үүнээс гарах тэмцэл маш удаан, хүнд хэцүү нөхцөлд үргэлжилсээр ирсэн. Энэ нөхцөл байдлыгтэмцэгчид үзэл санаагаараа ялсан. Миний хувьд өөрийгөө тэмцэгчдийн нэг гэж үздэг. Миний явсан зам, хийж буй зүйл ч ийм. Тэмцэл гэдэг чанга хашгирч, зурагтаар олон удаа гарч, жагсаал цуглаан зохион байгуулж, бусдыг мундаг лоозонгоор уриалахдаа биш юм. Энэ нь бурангуй дэглэм, үйл ажиллагааны эсрэг хүмүүсийн талд бат тууштай зогсох явдал юм.

Заримдаа тзмцлийг явуулахдаа зов хүмүүс зөв үзэл санаагаар явуулах ёстой гэдэг. Зөв хун гэдэг нь өөрөө зохистой ойлголт биш. Зөв үзэл санаа гэдэг өөрчлөгдөж хувирч байдаг зүйл. Энэ бол шударга ёс, аливаа зүйлийн ашиг сонирхлын тэнцвэр дээр оршдог. Аль нэг талын ашиг сонирхол давамгайлах нь зөв зүйл рүү хөтлөхгүй. Өнөөдрийн шударга бус дүрэм, дэглэмийг ганцхан аргаар засна. Тэр нь тэмцэл юм.

Тэмцэл гэдэг нь үзэл санааны, соён гэгээрүүлэхийн төлөөх төрт ёсыг ухаарч таньж мэдсэн хүмүүсийн дуу хоолойг хүргэх явдал гэж ойлгоорой.

Энэ байдал засагдахгүй гэж ярьдаг ч бид түүхээ эргэж харвал зассан л байна шүү дээ. Яагаад гэвэл хүн эрх чөлөөтэй, аз жаргалтай байхын төлөө тэмүүлдэг учраас эцсийн мөчид эрх ашгийнхаа төлөө зогсдог байхгүй юу. Энэ тухай сэхээрсэн, зоригтой хэсэг нь заавал ярьж хэлдэг байх ёстой.

Зөв буруу хүмүүсийг олох нь бидний зорилго биш

Өнөөдрийн хямрал бидэнд том асуулт тавьж байна. Бид цаашид хуучнаараа яваад байх уу, Эсвэл оюун санаагаараа өөрчлөгдөх хувьсгалыг өөрсдөө хийх үү? Нэг хэсэг нь баялгийг хуваарилах нэрээр “хувааж идэж уудаг”, нөгөө хэсэг нь хүлцэнгүй дагаж явсаар эцэстээ хямрал руу орж байна. Түүнийгээ дарахын тулд өр зээл тавьж хэсэг аргацаах маягаар цаг зуурын юм хийсээр. 1990-ээд оны эхэн үед ийм л байсан. Үймээн самуунтай, хямралтай, ажилгүй баахан хүн маргаашдаа итгэх итгэлгүй болчихсон, архи дарс уусан, аварч хамгаалах итгэлтэй төр, нам гэдэг нь алга болчихсон байсан. Энэ бүгдийн хариулт сонгууль л юм шиг боддог. Энэ асуултын хариултыг маш хурдан олох гэж оролдож байна Хариултыг нь нэг нам, нэг хүн гэж ойлгодог. Өнөө цагийн энэ хямралын “дайсан” нь намчирхал.

Өнөө цагийн энэ хямралын “дайсан” нь намчирхал.

Мөн хурдан мөнгөтэй болж баяжихыг хүсэгчид нь төр, нам ч намайг аврахгүй, мафижсан бүтэц аварна, үүнд хамрагдчихвал аюулгүй амьдрах болно, хэдий буруу зүйл хийсэн ч халхавчлагдана гэж боддог, ийм зам руу орсон. Үүний эсрэг саруул ухаан бол энэ бүгдийг үл тэвчих, үл зөвшөөрөх байдал. Бид хэт хүлцэнгүи, боолчлогдсон сэтгэхүйгээсээ салах ёстой. Бидний зорилго бол зөв, буруу хүмүүсийг олохдоо биш. Харин биднийг хохироогоод буй ийм системд бид өөрсдөө үйлчилж, санаа өгч, тэр бүтцэд хамаарагдаад байгаа явдал юм. Товчдоо Монголыг Монголын нийгмийн хүчин чадлыг бүрэн дайчилж чадах тэр үзэл санаа, хүч хөгжүүлнэ. Монголын хүчин чадал нь Монголын хүний нөөц. Мөн дээр нь байгалийн баялаг, улс үндэстний маань ой санамж юм.

Энэ зуунд Монголчууд үзэл санааны хувьд нэг болох ёстой

Бид шинэ мянганы эхлэл дээр байна. Энэ бол бүх шинэ зүйлийн дуудлага юм. XXI зууны онцлог нь мэдээлэл. Интернэтийн ачаар хүн төрөлхтний орон зайн ялгаа багасч, харилцааны өөрчлөлт асар хурдтай явж байна. Мэдээллийн цунами шуурга бүгдийг өөрчилж байна шүү дээ. Энэ мэдээллийн хувьсгал дотор бүхэл улс үндэстнээрээ хэрхэн зөв амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байна.

Мэдээллийн зуунд хүний оюун санааны харилцааны өөрчлөлт явагдаж байна. Өмнөх зуунд буу шийдмээр, дайн байлдаанаар хувьсгал хийж байсан бол одоо мэдээллээр хийдэг боллоо. Энэ бол эрс өөрчлөгдөх цаг. Бид өөрчлөгдөхгүй байсан ч биднийг өөрчилнө. Хувьсгал, энэ огцом өөрчлөлтийн дунд МонгОл Улс хамгийн бага лайк, шэйр хийдэг улс болж үлдэхгүй байх ёстой. Ингэхийн тулд монголчууд бид мэдээллийй зуундаа эхлээд үзэл санааны хувьд  цэгцэрч нэг болох учиртай юм.

Тэгж байж Монгол гэдэг том айл энэ ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэнэ.

Монгол нэг цул болох өөрчлөлтийн тухай би ярьж байна шүү дээ. Монгол хүний эрх ашгийг хэр хурдан нэгтгэж, зангидаж цул болгон өөрчлөх вэ гэдэг дээр төрт ёс хүчтэй, чадамжтай байх ёстой юм.

Энэ зам руу зөв явах учиртай. Яагаад гэвэл хэсэг бүлэг хүн зөвхөн өөрийн эрх ашгаа боддог шүү дээ. Хүчтэй төр гэдгийг хэдхэн хүн, тэдний гэр бүл удирдаж явдаг дарангуйлал, гажуудал биш.

Сэхээрсэн хүмүүс нийгмийн бурангуй зүйлийн эсрэг зогсдог

Ард түмнээ оюун санаагаар нь нэг болгож зангидсан улсыг хар л даа. Исланд, Эстони, Швед, Финланд, Норвеги, Дани, Швейцарь гэх мэт улсын явж буй арга замыг харах учиртай. Тэд дотооддоо эв түнжинтэй байдаг. Ийм байлгадаг зүйл нь дэг журмыг сахиулдаг, үр ашигтай ажилладаг төр.

Хуурмаг сонгууль, хуурамч улс төр, хуйвалддаг нам ийм үр ашигтай ажилладаг төрийг болгож чадахгүй.

Хуурмаг сонгууль, хуурамч улс төр, хуйвалддаг нам ийм үр ашигтай ажилладаг төрийг болгож чадахгүй. Тэгэхээр хуурмаг улс төрөөс татгалзах хэрэггэй байгаа биз. Жирийн иргэд өөрийгөө хүчгүй, үүнийг хийж чадахгүй гэж боддог. Бүгд л ийм байгаа гэж нэг, нэгэндээ найддаг. Харин одоо боллоо гэсэн цагт хүмүүс нэг, нэгээрээ нэмэгдэж олуулаа болох тусам хэн хэнийх нь итгэл найдвар сэргэдэг. Хүн хэдий ядуу ч бурангуй зүйлийн эсрэг зогсдог байх ёстой. Бидний харанхуй нийгэм гэж ярьдаг дундад зуунд ч ийм зүйлийг хийсэн. Гэхдээ нэг өдөр биш. Зарим хүн сэхээтэн гэхээр боловсролтой, эсвэл дипломтой гэж ойлгодог. Сэхээрсэн хүн гэдэг бол тухайн нийгмийнхээ болж бүтэхгүй бурангуй зүйлийг мэдэрч, түүний эсрэг зогсдог хүнийг хэлнэ. Үгүй ядаж түүний эсрэг саналаа өгч оролцдог хүнийг хэлнэ.

Хүнд цаг үед ганцхан эрэмбэ байдаг

Олон хүн “Биеэ, гэрээ засаад төрөө засна” гэж ярих дуртай. Улс үндэстний үйл хэргийн төлөө өөрийгөө, бас гэр бүлээ умартаж байж зүтгэдэг байхгүй юу. Сингапур улсыг хүнд цаг үед Ли Куан Юи өөрийгөө болон гэр бүлээ, амьдралаа золиосолж босгосон гэж ярьдаг. Олон удирдагчийн дийлэнх нь ийм л замаар явсан. Хүнд цаг үед ганцХан эрэмбэ байдаг. Энэ нь улс үндэстний нийтлэг эрх ашиг юм. Үүнийг бүгдээрээ сэрж мэдрэх учиртай. Өөрөө боломжийг илүү эдэлсэн гэдгээрээ биш бусдад илүү боломж олгохын төлөө ажиллах учиртай биз дээ.

Багш Хүн бусдаас авдагтүй, харин бусдад өгдөг сайхан мэргэжил байдагтай адилхан нийтийн тусын төлөө явах хүн өөрийгөө, гэрээ засчихаад төрөө засна гэж явбал учир дутагдалтай.

Тэгэхээр манлайлал бол та илүү ихийг аваад, өөрийгөө болгочихсон, бусдаас давуу болчихсондоо биш бусдад илүү ихийг өгч чадах сэтгэл, зүтгэл байна уу гэдэгт агуулга нь оршино. Би мундаг, сүйхээтэйдээ учраа олчихлоо, одоо та бүхэнд боломжийг гаргаж өгнө гэвэл буруу. Тухайн этгээдэд хожоо илүү гаргаж өгдөг, бусдыг хохироодог систем дээр тэр бусдын төлөө явж чадах уу. Өөрийн бие, гэрийг амжилттай засаад байгаа бусармаг тогтолцооноос татгалзаж чадах уу.

Хүн төрөлхтний түүхэнд зарим хүн ййм тогголцоо надад илүү боломж олгожээ, гэхдээ энэ нь буруу байжээ гээд засахын төлөө явж байсан. Ийм сэтгэлтэи хүмүүс манайд олон байгаа. Тэгэхээр биеэ гэрээ засчихлаа, одоо төрд орлоо гээд зурагтаар олон удаа ярьсан хүмүүс улс төрд ороод юу өөрчлөв? Өөрт ашигтай дүрэм, тогтолцоог тэд бусдын төлөө өөрчилдөггүй юм билээ. Би төрд ажиллаж байс.ны хувьд сайн мэдэрсэн. Тэгэхээр үүнийг нийтээрээ өөрчлөх цаг ирсэн. Үүнийг оюун санааны хувьсгалаар хийх учиртай юм. Ямар ч нам, улс төрийн хүчин төрийн эрхэнд байхаас эс хамааран, хүний нөөцөө, монголчуудын нийт хүчийг ашиглаж ажиллах нь маш чухал.

Тэрээр шилдэг хүмүүсийг олж ажиллуулсан, тэд сайн дүрэм журмыг бий болгосон

ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Б.Ельцин ямар ч нам харгалзахгүй чадалтай, сайн хүмүүсээ Засгийн газарт авч ажиллуулснаар боловсон хүчний бодлогодоо эргэлт гаргасан. Түүнийг нь одоогийн Ерөнхийлөгч В.Путин үргэлжлүүлсэн. Ингэж чаддаг хүмүүсийг байх байранд нь ажиллуулах нь хүний нөөцийн хувьсгал юм Энд юун түрүүнд дүрэм журам чухал биш. Чингис хааны шилдэг арга барил ч энэ бүхний тод жишээ. Тэрээр шилдэг хүмүүсийг олж ажиллуулсан, тэд сайн дүрэм журмыг бий болгосон. Өнөөгийн хүнд хэцүү үед сэтгэл, зүтгэлтэй хүмүүсийн хүчийг дайчлах нь чухал. Гол нь хөгжил дэвшлийн түлхүүр нь хүн, түүнд хүрэх арга хэрэглүүр нь ч хүн юм. Манайд хөгжлийн хувьсгалыг эхлүүлэх цаг мөч тулж ирээд байна.