Эрдэнэ.С 2016.06.13 | Сонин: Монголын мэдээ

1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах асуудал сонгуультай ямар ч хамаагүй

1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах асуудал сонгуультай ямар ч хамаагүй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй 1072 хувьцааны асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авахаар болсон. Энэ талаар тодруулаач?

-Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эрдэнийн хувь буюу 1072 ширхэг  хувьцааны 30 хувийг тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд Засгийн газар өөрийн хөрөнгөөр худалдан авах, дараа нь хувьцааны үнэ өссөн тохиолдолд анх худалдсан үнээрээ буцаан худалдаж авч болдог байх тогтоол шийдвэрийг гаргалаа. Энэ ажлыг зохион байгуулах үүрэг Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ногдсон байгаа.

Тиймээс дээрх ажлыг манай Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газар зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.  Хувьцааныхаа 30 хувийг зарах хүсэлтэй иргэд  нийслэл хот болон орон нутагт арилжааны банкинд өөрийн биеэр очиж,  тодорхой маягт бөглөх  замаар хүсэлтээ гаргаж,  гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой. Үүний дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газар арилжааны банкууд болон Монголбанктай хамтран хүүхдийн мөнгө олгодог зарчмаар бүх тулгалтуудыг хийж, эргээд Монголбанкаар дамжуулан иргэдийн дансанд мөнгийг хийх маягаар асуудлыг шийдвэрлэх юм. Мөнгөн дүнгийн хувьд нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцааны 30 хувь 300 мянган төгрөг байгаа. Энэ үйл ажиллагаа Засгийн газрын тогтоолыг дагаж гарсан журмын дагуу энэ долоо хоногоос улс орон даяар хэрэгжиж эхэлнэ. Иргэн өргөдлөө өгснөөс хойш долоо хоногийн дараа тухайн иргэний дансанд хувьцааны 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө орж эхлэх юм.

-Хэдий хугацаанд мөнгө иргэдийн дансанд байрших вэ?

-Иргэд өргөдлөө өгснөөс хойш долоо хоногийн дараа тухайн иргэний өөрийн дансанд хувьцааны мөнгө нь орно. Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг хасаад нийтдээ 1.6 сая иргэн хувьцаанаасаа зараагүй байгаа. Тэдгээр иргэдийн хэмжээнд эрх нь үүснэ гэж ойлгож болно.

-Арилжааны банкинд очихдоо иргэн ямар бичиг баримтыг бүрдүүлж очих вэ?

-Арилжааны банкинд очихдоо иргэн иргэний үнэмлэхээ авч очих, тогтсон үнэт цаасны төвлөрсөн тооцоо арилжааны төвийн гаргасан  маягтыг бөглөж, өөрийн гарын үсгээ зурж өгснөөр иргэний хийх ажил болно. Цаашдаа Монголбанкаар дамжиж,  нийслэлийн Халамж үйлчилгээний ерөнхий газрын холбогдох хүмүүс иргэдийн мэдээллийг нягталж тулгасны дараа эрх бүхий иргэдийн мөнгө арилжааны банкаар дамжин дансанд нь орох юм. Түүнчлэн, хувьцааны 30 хувьтай тэнцэхүйц 300 мянган төгрөг зуу, зуун мянгаар гурав хуваагдан иргэдийн дансанд орно. Иргэд өөрт ойр байрлах Үүнээс гадна хувьцааны ханш өссөн тохиолдолд иргэд худалдан авсан үнээрээ хувьцаагаа буцаан худалдан авах боломжтой.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  зуу зуун мянгаар нь хувааж дансанд нь хийнэ гэж мэдэгдсэн байсан?

-Хувьцааны 30 хувьтай тэнцэх 300 мянган төгрөгийг иргэдийн дансанд зүу, зуун мянгаар нь хувааж хийх нөхцөл тавигдсан байгаа. Мөнгө бүтэн дүнгээрээ шийдэгдэнэ. Тэгэхээр эхэлж хүсэлт гаргасан нь мөнгөө авч, сүүлийнх нь хувьцаагаа зарах боломжгүй үлдэнэ гэсэн асуудал байхгүй. Иргэд мөнгөө бүрэн авч дуусах хугацааг тодорхойлох боломжгүй. Энэ мөн сонгуультай ямар ч хамаагүй. Сонгууль болдогоороо  болно.

-Засгийн газар хувьцааг худалдаж авах асуудлыг дөрөв, дөрвөн жилийн хугацаатай шийдээд байх шиг. Бусад аж ахуйн нэгж иргэдээс хувьцааг худалдаж авья гэхээр үнэт цаас хэлбэрт ороогүй боломжгүй гэдэг. Гэтэл Засгийн газар худалдаж авч болох юм уу?

-Үүнд хоёр шалтгаан бий. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс 1072 ширхэг хувьцааг хөрөнгийн биржийн эргэлтэд оруулаагүй байгаа. 2012-2016 он хүртэлх өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах талаар тусгагдсан. Энэ дагуу Засгийн газар ажлаа явуулж байна.

Хоёрдугаарт, нэрлэсэн үнээр Засгийн газар худалдаж аваад  эргээд шаардлагатай тохиолдолд буцааж худалдах боломжтой байгаа. Аж ахуйн нэгж хувьцааг худалдан авсан тохиолдолд ийм боломж байхгүй. Авсан л бол буцааж худалдахгүй шүү дээ. Засгийн газар эхлээд хувьцааны 30 хувийг худалдаж аваад дараа нь 70 хувийг худалдаж авах ажлыг зохион байгуулахаар болсон. Гэхдээ хувьцааны үнэ өссөн тохиолдолд иргэд хувьцаагаа буцаан худалдан авч, өөр арилжаанд оруулах боломжтой байх зохицуулалтуудыг хийж байгаа. Өнөөдөр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах бодит нөхцөл  бүрдсэн. Өмнө нь инфляци өндөр хувьтай байсан. Харин өнөөдөр инфляци хоёр хувьтай, эдийн засгийн өсөлт 3.1 хувьтай байна. Ийм тааламжтай нөхцөлд эдийн засагт бэлэн мөнгөний нийлүүлэлт хийхэд эрсдэл бага гэж үзсэн учраас энэ алхмыг хийж байгаа.
 

-Төсөв хүнд байгааг бүгд мэднэ. Санхүүгийн эх үүсвэр нэг л тодорхойгүй харагдаад байх юм?

-Засгийн газарт дотоодын бонд гаргах эрх нь нээлттэй байгаа. Автозам,  төмөр зам,  эрчим хүчний чиглэлээр гаргаж байгаа бонд, авч буй зээлийг өрийн хэмжээнд тооцохгүй байхаар шийдвэрлэсэн. Тиймээс энэ хүрээнд яригдаж байгаа асуудал. Эх үүсвэрийг дотоодын бонд гаргах замаар шийдвэрлэнэ. Эрх үүргийнхээ хүрээнд Сангийн яам шийдээд явна.